Сайхан анд О.Элбэгтөгсийн шинэ ном хэвлэгдэн гарчээ. Нэр нь "Эмгэнэлийн үр хөврөл". Редакторлах буюу хянан тохиолдуулах үүргийг мөхөс надад үүрүүлсэн юм. Ийм үүрэг хүлээсний хувьд шүлгүүдийнх нь тухай өөрийн сэтгэгдэлээ ч номын хойно хавсаргасан буй. Андын номын тухай илүү ихийг өгүүлэх хүсэл байвч номонд нь дайсан үгэн дээрээ нэмж олныг нурших нь ганц хүний хувьд хэтэрхий толгой зан гаргасан хэрэг болох вий гэж эмээв. Тиймээс номонд багтсан үгээ энд тэр чигээр нь орууллаа. Эл үгсийг зөвхөн уг номыг уншсан хүмүүст зориулсан бөгөөд тиймдээ ч номынх нь өмнө бус ард оруулсан хэрэг. Уншиж амжаагүй хүмүүс мөнхүү бичвэрийг алгасаад дор оруулсан ганц шүлгийг уншчихаж ч болох.., Энэ ном миний үгээр бус таны нүдээр уншигдах тэр мөчийг хүртэл номын тухай яриагаа түр завсарлачихаж ч болох. Гэхдээ л бидний дунд тийм нэг яриа өрнөх нь эс таслах болзоо шиг.., энэ номын дотрох шиг.., ЭРГЭЛЗЭЭГҮЙ байх болтугай.
Эрхэм уншигчаа! Энэ номын хувьд миний бие таны л нэгэн адил жирийн уншигч гэдгээ эхлээд хэлье. Та бид хоёр театрт тохиолдлоор зэргэлдээ суугаад жүжиг үзэж буй үзэгчид мэт энэ номыг ч бас хоёр талаас нь уншиж байна. Тиймээс жүжгийн дундуур чанга ярьж таныг үймүүлэх учиргүйн адил номын эхэнд тод дугарч өөрөөрөө уншихад тань саад болохыг хүссэнгүй. Харин жүжиг төгсөхөд та зэргэлдээ суусан над руу сая л нэг харцаа шилжүүлээд “Таньд ямар санагдав?” гэж асуух мөчтэй давхцуулан номоо уншаад дууссаны тань дараа өөрийн сэтгэгдэлээ найрсагаар хуваалцаж буй минь энэ юм шүү.
Юун түрүүн намайг хамгийн ихээр гайхашруулж, хуудаснаас хуудсанд шимтүүлэн татсан зүйл бол энэ номын цул, бүхэллэг чанар юм. Хаврын нэгэн өглөө гэрээсээ догдлон гараад:
“Ай уулнаа гэрлийн тэмтрүүлт саран хоноглоход хонхон цэцгүүд авиа өгөх тэнгэрийн зүг нисэх мэт гайхалтай ертөнц амгалан уу?...” хэмээн гэгээн тунгалаг сэтгэлээр хорвоо ертөнцтэй мэндлэн аян замаа эхлэж буй хэрмэл залуу эр... Мандалговийн гудмаар тухайлсан зорилгогүй алхалж, яруу найрагч шиг амьдрах гэсэндээ архины гуанзны хаалга савчуулан, орой нь гэрийнхээ гадаа, сарны гэрэлд савтай нэрмэл шимэнгээ эрт багын хайраа санагалзаж, түүнээ үргэлжлүүлэн зүүдэлж, сэрээд хуучин бүхнээсээ хагацахыг хүсэн хачин ихээр адгаж, яруу найргаар “өвчилж”, сонсогчгүйгээр философидож.., амьдрал, үхэл, хайр дурлалын тухай амжиж баахан санааширч, өвчин нь үгдэрхэд эмнэлэгт хэвтээд, ээжээрээ асруулан аавыгаа үгүйлэх... Бас эргэлтийн цонхон дээр хэнийг ч юм хүлээнгээ ирээдүйн эхнэрээ шар халаадтайгаар төсөөлж, хүүдээ аялах бүүвэйг ч бас бодож олоод эг маг инээхчээ аядан сэтгэлээ баясгах...
Ахиад л Мандалговийн буйдхан гудамжууд... Тухайлсан зорилгогүй тэрээр гэрээсээ гарч, гудамж гороолж, өт хорхойтой ярилцан, хүмүүсийг шоолж, хэрээний бодлыг уншаад, орой нь жаалуудтай хамт зурагтын өмнө суугаад дональд галууг үзэн нулимсаа гартал инээнгээ нөхдөө дурсаж.., тэрхэн мөчдөө өөрийгөө хамгаас үл хамаарах гэгээнтэн мэтээр сэтгэх... Маргааш нь ахиад л тухайлсан зорилгогүй тэрбээр гэрээсээ гараад Мандалговийн гудамж, кинотеатр, Энтрактийн оршуулгын газар, Нийтийн халуун ус, нойтон бүрээ... Үхмээр санагдсан шөнүүдэд өвдгөө тэврэн сууж, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсөдийн сүнстэй ярилцаж, ааваа хашхичин дуудах... Тэгээд нам гүм... нааааааааам гүмммммммм... Номын сүүлчийн хуудас эргэлээ... Одоо уйлмаар санагдаж байвал та О.Элбэгтөгсөөс эхтэй эмгэнэлийн үр хөврөлийн тээгч нь гарцаагүй болжээ. “Чимээгүй хот”-ын гүн дэх эмгэнэлийн үр хөврөл яг ийм л цул юм.
Ямар ч урлагт “Үнэн” гэдэг бол хамгийн том шалгуур. Үнэнээс гажсан урлаг удаан оршиж чадахгүй. Яг үүн лугаа яруу найргийг бүтээхэд ч үнэний шалгуур хамгийн эхэнд тавигдах учиртай. Тэгвэл О.Элбэгтөгсийн шүлгүүд яаж хэлбэрээ өөрчилж, хэмнэлээ “буруулж”, утга санаагаар салааллаа ч явж явж бүтээгчийнхээ тухай хуудуугүй үнэнийг л бүрэн дүүрэн өгүүлж нэгдэцгээдэг нь гайхалтай чанар. Ингэж дүгнэхдээ хэтэрхий итгэлтэй байгаа маань түүнийг чамлахааргүй мэддэгт юм. Ихэнхидээ л хүүхдэрхүү зөөлөн төрхтэй ч бүүр цаанаа нэг тийм араатан сэрэхүйн оч дөл нуугдсан мэт харц, уруул, шүдийг нь, хааяа яг тийм байгалийн догшин амьтны гэмээр нууцлаг төрхтэй ч, дөнгөж цаана нь асар зөөлөн, дэндүү хүүхдээрээ сэтгэл тээсэн андын минь илт зөрчилтэй мөн чанарыг ил тодоор тээн ирсэн түүний шүлгүүдийг анхааралтай уншвал таньд эзнийхээ тухай мөн ч ихийг хүүрнэнэ дээ. Түүний баяр хөөр, хайр сэтгэл, ололт нээлт, уналт ганцаардал бүхэн бидний өмнө алган дээр тавьсан мэт ил оршиж, “Та ч бас надтай адилхан, тийм үү?” хэмээн асуугаад уншигчаа толгой дохихоос өөр аргагүйд хүргэж буй нь гагцхүү “Үнэн” гэж гайхамшигт их хүчний увидас чадал юм.
Аль ч үед уран зохиолын гол цөм нь хүний сэтгэл дотрох олон янзын зөрчилдөөн байсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ. О.Элбэгтөгсийн шүлгүүд ч бас тэрхүү зөрчилдөөнүүдийн илрэл. Түүний шүлгээс гунигтай, ганцаардмал, шазууртай тэгсэн атлаа эрхэлж өссөний ул мөр нилээд эмзэг сэтгэлтэй нэгэн залуугийн:
... Ганцаардал цөхрөлийн алин боловч гаргасан уураа амгаланд тооцох... мэт олон өнгийн аяг авир, дотоод зөрчлийг олж уншина. Угаасаа ч тэр өөрөө бөөн зөрчилдөөн. Дээр өгүүлсэнчлэн Мандалговийн гудамжаар маш гунигтай сэлгүүцэж, яруу найраг шиг амьдрах гэсэндээ архины гуанзны хаалга савчин, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсөдийн сүнстэй ярилцах тэр залуу:
...Надтай хамт Дональдыг үздэг хүүхдүүд байдагт би баярладаг Наадаг зургаар нь ханаа дүүргэсэн хүүхдүүдийг би танина Гарын үсгийг нь авч байна гэж би өнөө хэр зүүдэлдэг Гар барьж үзсэн хүүхэд өглөөхөн надтай тааралдсан... хэмээн бичихэд та гайхах хэрэггүй. Үнэндээ энэ бол андын маань дотор орших хамгийн “гоё зөрчил” юм. Ямар ч үед хүүхэд насны суу билгээ хадгалсаар байна гэдэг яруу найрагчийн хувьд хамгийн талархууштай чанар. Тэр амьдрал дээр ч мөн тийм л хүн билээ.
Харин шүлгийнх нь онцлог, арга барилын тухай зохиогчоос нь урьтаж мэдэмхийрэх нь зохисгүй. Хүмүүс түүнийг бусадтай адилтгах юм уу шүлгийнх нь хэлбэрт илүү анхаарлаа хандуулах нь харагддаг юм. Гэхдээ дээрх бүхнээс илүүтэйгээр текстийнх нь сонирхолтой шинжүүд миний анхаарлыг илүүтэй татдаг. Хайрцаглал, ягшмал холбоц, дүрэмгүй түүний шүлгүүд дунд:
“... Зогсоо зайгүй түлхэлцэх хүн голын урсгалд шахагдсаарзаасан шугамыг даван гишгэхэд, жижүүр авгайДавидын бэлэг эрхтнийг илбэх мэт мойног хуруугаараадалан таван номерийг заахад дуулгавартай цэрэгдаргынхаа тушаалыг авсан мэт яаран орох нь хүртэлдандаа ижилхэн давтагдаад байгаа мэт ой ухааныгдансны аргаар бага багаар нь чимхэн хороохдаанч харамсмаар, гомдмоор энэ амьдралтай“Дайн зарлах хэрэгтэй” гэсэн уриалгатай санал нэголон арван хүмүүс нийтийн халуун усны газраасмалийтал инээсээр гарч ирэхдээ бүхнийг умартаадэртхэн харьж зурагтынхаа өмнө тухлан суугаадэрх жаалуудаа ирэхээс өмнө эротик кино үзэхээ чухалчилжяаран сандарч таксинд гар өргөж гэрээ зүглэхтэйяг адилхан би хаашаа ч юм бэ тэмүүлээдөмнөх бодлууд үүл шиг хуралдахаа болиодөөр шинэ санаа, сэдэл сэрэл өдөөж, сэтгэл гижигдээдэнэ байгаа амьдралынхаа эзэн нь хэмээн омогшоодэрх чөлөөг эдлэхээр, эхнэрийнхээ өвөр лүү шургана” /Нийтийн халуун усны газар. ...-р тал/ гэхчлэн хоорондоо утгын нягт уялдаатай ч дагуулан уншаад байхад дундаас нь алдаад төөрчихмөөр хэдэн мөр дамжсан адармаатай том өгүүлбэр цохиж явах нь энүүхэнд. Фолкнерийн романуудыг уншихад л иймэрхүү ороолдож сүлжилдсэн нүүр нүүр өгүүлбэртэй таардаг даа. Тэгтэл О.Элбэгтөгс энэ найруулгыг романд биш яруу найрагт хэрэгжүүлээд, гол нь чадаад байгаа нь их сонирхолтой.
Гол учир нь өгүүлбэрийн томдоо биш л дээ. Энэ том өгүүлбэр ямар нэгэн хаалт саадыг зад татах мэт, хориглолтгүйгээр урсан хэлэгдэж байгаа тэр эрчимд л нэг нууц бий. Үүнийг гүйлгээ ухаан, ухамсарын урсгал.., ер юу гэдэг ч бай, санамсаргүйгээр урсгаад өнгөрсөн үгэн үер биш болох нь унших бүрт ноттой болж буй нь л их чухал.
Ухамсарын урсгал гэснээс түүний шүлгүүдэд бас зөн билиг, далд ухамсар, ухамсаргүй сэтгэлийн тэмдэглэл үү гэмээр текстүүд элбэг тохиолдох аж. Тийм мэдрэмжийн өндөрлөгт нэг бол галзуу хүн, эсвэл уран бүтээлчид л хүрч чаддаг гэдэг. Францын философич Жак Лакан “Ухамсаргүй сэтгэлийг гагцхүү хэлний тусламжтайгаар бүтэцчилэн, барьж авч болно.” гэж үзсэн байдаг нь Элбэгтөгсийн яруу найргийн хэлэнд зарим талаар хамаарч болох юм. Лакан яагаад ингэж үзсэн нь тун сонирхолтой. Учир нь галзуу хүнээс юу хүсч, мэдэрч байгааг нь, юу зүүдэлснийг нь асуухад тэд өөрсдийн мэдрэмжээ үгээр төвөггүй илэрхийлж чаддаг. Тэгвэл тийм барим тавим, нам хийгээд өндрийн мэдрэмжийг эрүүл сэтгэлгээгээр барин авч, үгээр “кодлох” чадвар нь яруу найрагчдад илүү хөгжсөн байж ч мэдэх юм. Энэ утгаараа “Эмгэнэлийн үр хөврөл” бүхэлдээ тун боломжийн судлагдахуун болж ч магад. Тэгээд ч 20-р зууны хагасаас хойш утга зохиол гэдэг нэршил дан ганц уран зохиолын бичвэрийг илэрхийлээд зогсохгүй, философи, антропологи, сэтгэл судлал зэрэг бусад салбарын судлагдахууны төвд орсон, бие даасан өвөрмөц хэл болсон билээ.
Ингэхэд энэ номоос анзаарсан өөр нэг зүйлээ хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Номын зохиогч өөрийгөө сармагчнаас бус ганцаардлаас үүсэлтэй гэж боддог ажээ. Энэ нь:
...гадаад ертөнцийн хамаарал бүхнээс ганцаардал миний гарал угсаа гэх юм уу, эсвэлБид хоосон хийгээд уйтгараас бүтэж бүрэлдсэнБиднийг ховсын хүч, хараалын шид өсгөж хүмүүжүүлсэнээр... гэх зэргээр шүлэглэсэнээс нь харагдана. Өөрийгөө ганцаардлаас гаралтай хэмээн итгэх нь угтаа “яруу найрагч” гэж итгэхтэй агаар нэг юм. Учир нь яруу найраг бол ганцаардал. Гарал угсаагаа тийн тодорхойлж чадсан хүнд яруу найрагчийн замналаар эргэлт буцалтгүй замнахаас өөр юу үлдэхсэн билээ.
Учир иймд уран бүтээлийн хоёр дахь номоо уншигчдадаа өргөн барьж байгаа анддаа сайныг ерөөх л үлдлээ. “Яруу найргийн ном хэвлүүлнэ гэдэг халил өндрийн дээрээс сарнайн ганц дэлбээ шидчихээд ямархан чимээ гарахыг нь чагнах гэж доош тонгойхтой л адилхан юм” гэж Америкийн нэгэн зохиолч хэлсэн байдаг. Зарим хүн нэг арвай булаад арав болохыг нь хүлээж, зарим хүн хоёр зоос өнхрүүлээд хорь болохыг нь хүлээнэ. Гэтэл бид тэдний чөлөөнд сарнайн ганц дэлбээ тасдаж нисгэчихээд чимээ гарахыг л хүлээцгээж суугаа. Яруу найргаас хариу юу ч “шаардаагүй” яг энэ үедээ л бид ЯРУУ НАЙРАГЧИД байсан гэдгийг харин цаг хугацаа гэрчилнээ, анд минь.