Мандалговийн тэмдэглэлүүд буюу Ороолонгийн Элбэгтөгсийн “Одоо цаг”

1. Мандалговьд зөөлөн сайхан бороо шөнөжин орсоны маргааш би түүнтэй уулзахаар давхиж билээ. Зуны дэлгэрмэл цагийн сайханд борооны дараа байгаль дэлхий шинэчлэгдэн үзэгддэг хуурмаг төрхөөрөө нүд баясган байлаа. Тэр намайг гэмгүй даруухан хүүхэд шиг төрхөөрөө инээд алдсаар угтав. Үсний засалтаа өөрчилчихөж, жаахан турсан ч байж магадгүй. Лорд Байрон шиг нарийн таяг тулсан нь ойрд залуу хүн ингэж “гангарсан”-ыг хараагүй тул сонин. Гэрийнх нь хаяанд суугаад бид хоёр уран зохиол, зарим нэг атаархмаар хүмүүсийн тухай ярилцаж, “Хүрээ хөвгүүд” хийгээд “Хөх мэдэрхүй”-нхнийг баахан ”муулав”. Эцэст нь баахан “альтернатив” философи ярилцаад тэр намайг хашааныхаа үүдэнд гаргаж өгөөд хоцорсон билээ. Орой нь би энэ хотод үзэл санаа нийлдэг, уулзаж ярилцахад урамтай, яруу найргийн арай өөр сэтгэлгээтэй яруу найрагч ГАНЦ байгаа нь ямар сайн хэрэг вэ? хэмээн сэтгэл догдлон бодож билээ. Түүнээс биш ганц ч номын дэлгүүргүй, шинэ ном, шинэ уран зохиолын ҮНЭР ч аваагүй энэ газар яруу найраг ямар байдгийг олонх чинь надаар хэлүүлтгүй мэднэ дээ? На, на ,на , на уул минь, аа, аа, аа, аа, алтан бишгүүр, мөнгөн юу, ии, ии, ии, ии, ии энэ муу хайраа би яах вэ? л шүү дээ?

Түүнээс хойш хэд хоногийн дараа нутаг орон, утаа майгаа руугаа буцахаар болж тэднийд дахин очив. Лорд Байроны таягаа гээж, залуу хүн шиг тэвхэлзэж угтсанд нь их л баярлав. Хөх мэдэрхүйн ” Хаврын ном”, Хүрээ хөвгүүдийн “Хэрэм нэвтлэгч”-ийг баахан “муулж” таашаал аваад, энд тэндхийн этгээд сонин “дүрүүд”, эвгүй зарим “гарууд”-ын тухай ярилцсаар, хүргэн хүүгийн энэ жилийн “хазганалт” дуусч, Хүрээ хот руугаа буцах болсноо дуулгаад ахан дүүсийн ёсоор тэврэлдэн салав. Орой нь би энэ хотын Солонгос сериалаа үзээд, онигооны сонин гарчиглаж суугаа сэхээтнүүд дунд хүний мөн чанар, амьдралд хандах хандлага, ирээдүйн хүсэл тэмүүллээрээ арай өөр залуу ГАНЦ байгаа нь ямар сайн хэрэг вэ? хэмээн сэтгэл догдлон бодсон сон. Түүнээс биш намаараа талцаж, сумаараа хуваагдсан энэ газар дарга болж, торго өмсөх хүсэлтэй залуусаар дүүрэн болохоос эгээрэл гэгээрлийн зүйл бодоод эргэлзэж суудаг нь цөөхөн дөө?

Гар утасны vibrator залгасан юм шиг Дундговийн дэржигнүүр замаар буцаж явахдаа оюун санааны шинэ үе хэзээ эхлэх, найдвар ер нь бий эсэх тухай эмзэглэн бодох зуураа Элбэгтөгсийн яруу найраг жилийн хооронд хэрхэн өөрчлөгдсөнд гайхаж билээ. Энэ хоёр бодол минь хоорондоо мөргөлдсөөр, энэ цагийн шинэ сэтгэлтэй, гүн ухаантай залуус, нэг мэдсэн хүнээ байгаад намаа хөөгөөд, хослол зангиа хоёрын “гол” болоод дээгүүр ярьж, доогуур ухсан хүн болчих вий гэх айдас төрж, яруу найрагт дурласан хүмүүс яагаад ч тийм болохгүй хэмээн өөрийгөө тайвшруулаад өмнөх замаа ширтэж билээ. Үнэн шүү? Яруу найраг, зөвхөн яруу найраг ч биш ер нь уран зохиол зөв мөн чанарыг нь зөв ухаарсан хүнийг хэзээ ч муу үйлд шамдуулж, муухай хэрэгт түлхэж байхыг би хараагүй. Нэгэн эрхэм багшийн хэлснээр” муу хүнээс муу л зохиол төрдөг. Харин сайн хүнээс сайн зохиол төрдөг” гэсэн үг үнэн гэдэгт итгэх болсон тул овоолсон их мөнгөөр дарсан ч тэднийгээ оюун санааны дархлаагаа алдахгүй гэж баттай бодлоо. Тоосрон байгаа замын үзүүрт жижигхэн бор толгой үзэгдэхээ байсан ч тэр бор овооны урд энгэрт бодсон бодлууд минь үргэлжлэн хөвөрсөөр байж билээ. Намхан толгодынхоо дунд үлдсэн Элбэгтөгс надад өндөр бодлууд үлдээсэн учир Хангайн ногоон даваагаа харах хүртлээ би Мандалговийн бодлуудаасаа магад салж чадаагүй билээ.

2. Ороолонгийн Элбэгтөгсийн “ОДОО ЦАГ” хэзээ эхэлсэн бэ? Яг хэдийд, хэдэн цагт гэж би хэлж чадахгүй нь. Ямар ч байсан анхныхаа номыг гаргаснаас хойш. Намайг “Ер бусын Галсансүхийн ердийн нэг хуулбар” хэмээн шүүмжилснээс хойш эхэлсэн гэдэг нь тодорхой. Харин яаж эхэлсэн бэ? гэдгийг би тааварлаж байна. Ингэж л эхэлсэн юм.
Одоо цагт бүхий зүйлс
Оршин байгаа нь тоосон харгуй /elbegtugs.blogspot.com/
Тоосон харгуй-хоосон харгуй. Ямар нэгэн шинэ гүн санааны эхлэл. Тэгээд хөл үймээнээс хол өөрийгөө чагнах боломжтой газар Элбэгтөгсийг их өөрчилжээ. Хотод тэр өөрийгөө олж харахгүй зөвхөн бусдын үнэрийг үнэртэж, бусдын хашаанд майхнаа шааж, бусдыг шохоорхох шохоорхол нь хүчтэй байсан бол харин Мандалговьд бусад гэдэг нь зөвхөн тэр ӨӨРӨӨ болсноо ойлгож эхэлжээ. Ийм сайхан ХУВИРАЛ хүн бүхэнд оногддоггүй юм. Хуучны улсууд өсөж томроод өнгө зүс орсон хүүхдийг” мөн сайхан хувирчээ” гэдэгсэн. Түүнтэй адил би Элбэгтөгсийн шүлгүүдийг “мөн сайхан хувирч дээ?” гэж хэлэх гээд байгаа санаатай. Ингэж хувирч эхэлсэн юм.

Энд бас сэрүүхэн байна гээд хүүхнүүд нь хөвөнтэй өмд өмсдөг ч
Энд бас сэхээтнүүд нь Солонгосын сериалыг шүлсээ залгилан үздэг ч
Энд бас соотон чихтнүүд хов зөөж нэгнийхээ амьдралыг үрдэг ч
Энд бас надтай хамт Дональдыг үздэг хүүхдүүд байдагт би баярладаг
/elbegtugs.blogspot.com/

Нэг үгээр ингэж тэр амьдралын мөн чанарыг анзаарч эхэлсэн байна. Эрээн бараан, шударга бусыг олж харсан нь түүнийг яруу найраг гэдэг инээд биш нулимс, яруу найраг гэдэг зөвхөн өвөрмөц содон байхад бус өөрийнхөөрөө амьдралыг ухаарахад байдгийг мэдүүлсэн ажээ. Тиймээс хүүхэд мэт ариун сэтгэлтэй байхыг эрхэмд үзэж, гэгээн сайхнаар мөрөөдөхөөс хэзээ ч буцахааргүй ТЭМҮҮЛЭЛ” түүний яруу найргийг их өөрчилсөн байна. Нэг хэсэг бие нь тавгүйдэж, тэгээд тэр өвдөхийн хүндийг мэдэрсэнээр, үхлийн тухай бодлууд яруу найрагт нь түрэн орж иржээ. Ийм зүйл амьдралд байдаг л юм. Нэгэн яруу найрагч хүндээр өвдөөд эдгэснийхээ дараа хуучин бүх шүлгүүдээ шатаагаад цоо шинээр эхэлсэн тухай уншиж байлаа. ҮХЭЛ яг СОЁЛ гэдэг шиг дэлхий дээр хамгийн олон тодорхойлолттой зүйл. Тиймээс түүнийг дэндүү олон янзаар шүлэглэсэн, тэр бүхнээс магадгүй хамгийн үнэмшилтэй нь “ҮХЭЛ бол ШИНЭ АМЬДРАЛ” гэдэг л юм шиг надад санагддаг юм. Харин энэ сэдвээр О.Элбэгтөгс ингэж бичжээ.
Нөхцөгсөдийн сүнс намайг дуудна
“Нөгөө ертөнцөд ирээч” гэнэ
Гэвч тэр ертөнцөд замчлах
Гэрэл гэгээ нь хэн болох вэ? /elbegtugs.blogspot.com/

Дантегийн нэг оронд Беатриче замчилдаг шиг үнэхээр тэр оронд биднийг хэн замчлах вэ? бодох л асуулт. Энэ насны сайн үйл ч замчилдаг байж болох юм. Үгүй бол манай ертөнцөөс өмнө нь буцагсад тосож аваад заримыг нь таван одтой буудалд, заримыг нь тамын таван одтой тогоонд чанадаг байхыг үгүйсгэхгүй. Дахиад л ЗАМ.
Хаанаас ирснээ мэдвэл
буцах газраа олчихно
Хаанаас ирснээ үл мэдэх нь
Хангалттай амьд явахын шалтгаан /elbegtugs.blogspot.com/
Сонирхолтой санаа байгаа биз. Гэхдээ би л хувьдаа хаанаас ирснээ мэдсэн ч мөд буцахгүй. Ер бусийн Галсансүхийн айлдсанаар”үхтлээ амьд явна”. Элбэгтөгсийн блог дээр бичсэн шиг “ гэтэл одоо хүчтэй ганц найтаахад л гучин нас хүрчих гээд байдаг” гэдэг шиг чадвал дахиад дөрвөн удаа хүчтэй найтаах хүсэл байна. Хүн хүний хүсэл таашаал өөр. Тиймээс ч хаанаас ирснээ үл мэдэх нь хангалттай амьд явахын шалтгаан гэдгийг олж харсан нь хүн сэрэхүйн өнцөг өөр өөрийг илтгэнэ бус уу? Тиймгүйсэн бол:
Тэнгэр хараад надад атаархал төрдөг
Тэрээр яагаад ийм хүлцэнгүй, амирлангуй, нам тайван
Тэнд орших үүлс шигээ үзэсгэлэнтэй
үүрд оршуулагдсан үхдэл мэт анир чимээгүй
байна вэ? /elbegtugs.blogspot.com/ гэж өмнөхөөс ангид уужимхнаар ухаалгаар сэтгэхгүй байсан даа? Тэнгэр амирлангуй нь хүмүүст тайвшрал төрүүлж, тэнгэр хүлцэнгүй нь хүмүүсийг даврахад хүргэсэн ч өнө мөнхийн амар амгаланг тэндээс мэдрээд үй олон шүлэг бичсэний ердөө нэг нь энэ. Зах хязгааргүйн мэдрэмж үнэндээ биднийг “дээр хөхрөгчид” хүндэтгэлтэй хандахад сургаж, бид ч түүний гоо сайханг үнэн зүрхнээсээ биширч чаддаг болжээ. Хэрэв анзаарсан хүнд бол говийн тэнгэрт одод их л ойрхон түгдэг юм. Тэгэхээр тэр зүгийн хүмүүст тэнгэр ойрхон гэсэн үг.
Эцэст нь “Хөх мэдрэхүй”-н яруу найраг жинхэнэ тунамал өнгөө олох эсэхийг хүлээх л үлдлээ. Элбэгтөгс ч цааш дахин яаж хувирч, хуучин цагийн тодорхойлолтоор уран бүтээлдээ өсөхийг ажиглах л ажил үлдлээ. Хаврын ном зулзагалж, Өвлийн ном өөр байхыг хүсье.

Өнөө муу Хүрээ хөвгүүн зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг

2010-10-09

Дэлхийн дүү нараа хайрлах өдөрт дэлбэрч бичив, ээ

0 Response to "Мандалговийн тэмдэглэлүүд буюу Ороолонгийн Элбэгтөгсийн “Одоо цаг”"

Post a Comment

Powered by Blogger