Тэр хэн байсан бол?

(хэрэм нэвтлэх шинжлэл)

Бид хожим уран зохиолын энэ бүлгийнхний тухай заавал дурсана. Тэд бол цоо шинэ нэг зүйлийг Монголын уран зохиолд авчирсан. Тэр бол нөхөрлөл, хүнлэг чанар, тэмүүлэл, багийн тоглолт. Спорт шиг, улс төр шиг бус... Оюун санааны амьдралд үгүйлэгдэж байсан тэр зүйлийг авчирсанд нь л тэдэнд атаархдаг юм. Баясаа, Баяраа, Хангалын тухай бичиж байсан бол одоо Нараагийн тухай бичих ээлж ирлээ. Яагаад ч юм түүнийг урьд төрөлдөө, магадгүй хоёр, гурав, дөрвөн төрлийн урьд тэр хэн байсан бол... гэдэг бодол надад хамгийн сонирхолтой байдаг.

Яруу найрагч байна гэдэг хувь тавилан. Тэр зүгээр л тийм хувь тавилантай хүн. Өөрийгөө албадаж юм уу? яруу найргаар шоу хийх хэрэгцээ түүнд байсангүй. Намуухан даруухан амьдарна. Намуухан ярина. Куратор хийнэ. Музейд ажиллана. Чин сүзэгт номун хааны тухай судалгаа хийнэ. Гүр дуу сонирхоно. Шүлгүүд нь ч гэсэн нэг тийм хөнгөн биш. Хүнд ч биш. Нэг тийм зангарагтай. Эх хүнээр бол олон хүүхэд төрүүлээд тэднийгээ маш сайн хүмүүжүүлсэн эх хүн шиг. ”Хөх мэдрэхүй”-ийнхний хувьд ч яг л эх шиг нь, ээж шиг нь байдаг болов уу? гэж боддог. Тэгээд бодохоор тэр нээрээ Хэн байсан бол...

Яруу найраг бол хүнд зүүдэг шошго биш л дээ. Энэ бол сүнсний ой санамжинд нь байдаг. Төрөл дамждаг зүйл. Тэр бол ёс зүй. Энэ ухаанд нэвтэрч, төрөл тутамдаа даасан ламтай, тахисан бурхантай ирдэг үйлийн үрийн шүтэн барилдлага. Анзаарсан бол миний сайн танил яруу найрагч бүсгүй хэлж байсан юм. Улаанбаатарт дөрвөн уулынхаа дунд ирэхээр л сайхан шүлэг бичмээр болдог гэж... Онгод хийморь хөглөгддөг гэж... Энэ ч бас учиртай. Бурхан багш амьд ахуй цагтаа энэ газар орны тухай айлдчихсан байсан гэвэл хүмүүс үнэмшихгүй. Бид их азтай хүмүүс. Бурхан багшийн айлдвар зарлигийн чуулган Ганжуурт ”Бавуу марвын дончир” хэмээх газар орны тухай дурдаж л дээ. Орчуулбал ”Улаанбаатарын балгад” гэсэн үг. ”Балгад” гэдэг нь толь бичигт шүүрдэн үзвэл ”өдөр шөнө хоёр хүн нохой хоёрын дуу үл тасрах суурин газрыг хэлнэ” гэнэ. Миний Улаанбаатарт үнэхээр өдөр шөнө хоёр хүн, нохой, машин гурвын дуу үл тасарна. Ийм л сайхан. Бас энэ орон газар бол Дэмчиг бурхны орон, ханд дагинасийн чуулган. Ханд дагинас ч олон дүрээр оршино. Зарим нь яруу найрагчийн дүрээр, янхан эмийн дүрээр, мах худалдагч, марш алхагч... гээд амьдарлын бүх хэвшлээр. VIII Богдын хөтчид нь ч тиймийн учир Их хүрээний дууч эмсийг хүндлэн зам хөндлөн гаргаж байж, явдаг байсан гэж байгаа. Миний Улаанбаатарын бүх бүсгүйчүүд бол дагинас хэмээн боддог. Монголын бүхий л түүхийн туршид Улаанбаатар шиг ийм том балгад буй болж, энэ үеийнх шиг ийм олон яруу найрагч бүсгүйчүүд төрсөнгүй. Тэдний нэг нь Н.Нарангэрэл.

Яруу найргийн тухай углуургатайхан ярьчих хүн цөөрч байна даа. С.Дулам багш л үлдэж. Хүн судлал антропологийн үүднээс яруу найрагчийг хэрхэн судалж болох тухай нэг ярьж байх даа ”Хэдэн төрлийнхөө урьд бөө удган, лам хувраг явсан хүмүүс яруу найрагч болж төрдөг” гэсэн гайхамшигтай дүгнэлт хэлж байсан юм. Энэ бол ортой, шүнтэй, ултай, суурьтай үг. Тэгээд Нарааг боддог юм. Энэ хүн урьд насандаа хэн байсан бол... Бүр наанаас нь эхлээд дурдахад уртын дууч, туульч, жодч лүйжинч, бясалгалч, бүтээлч, бодьсадва, дара эх... Шүлгүүд нь нэг тийм нинж нэвт шингэсэн. Энэрэнгүй, тэнгэрээс нэг шидэт дохиураар дохиод байгаа ч юм шиг. Орой зулай илээд ч байгаа юм шиг. Үгнүүд нь, түүнээс урган гарч байгаа утга нь, утгаар дамжиж буй ухаан нь цогцоороо лүйжин шиг. Хоосон чанарын агаарт тасалж, огтолж, онож, гадаслаж буй мэт. Зүгээр нэг шүлэг бичдэг хүүхдүүдийнх шиг бэлгийн бойжилтын эхэн, дунд, сүүл үеийн сэтгэгдэл төдий биш. Амьдралын асар их туршлагатай эх хүн шиг бичдэг. Цөөн бичдэг. Түүнийгээ хүнд уншуулах тийм ч дуртай биш. Хэзээ ч өөрийгөө яруу найрагч гэж нэрлэх дургүй. Тийм л зураглал дүр дүрслэл харагдаад байдаг юм.

Энэ бол миний л бодол... Үнэн байх албагүй. Гэхдээ би энэ үгээ энд ч, эрлэгийн үүдэнд ч хэлнэ. Хажуунаас нь өчүүхэн ч холдох дургүй. Байнга анхааралтай ажиглаж, хүндлэн биширч, мэхийн хүндэлдэг монголын уран зохиолын, амьд яруу найргийн амьдрал дахь хайртай дүү нарын минь нэг. Хэн байсан бол...

Хүндэтгэн ёсолсон
Хүрээ хөвгүүн ах нь.

0 Response to "Тэр хэн байсан бол?"

Post a Comment

Powered by Blogger