Showing posts with label Н.Нарангэрэл. Show all posts
Showing posts with label Н.Нарангэрэл. Show all posts

Яруу найрагч шүлэг яруу найргаараа л тусгаар тогтнолоо зарладаг


Нямхүүгийн Нарангэрэл хэмээх яруу найрагчийн “Тийн мэдрэхүйн гуниг” анхны номын эхийг олон удаа уншсан бөгөөд унших болгондоо толгой дохин зөвшөөрөх хандлагатай болж байв. Нууцгүй хэлэхэд зуу татсан болон түүнээс зай барьсан үедээ, ахуйн хэмжээнд буусан таатай, таагүй агшинд ч уйтгар гуниг гээч зүйлийн зүс чанарыг гадарлахтайгаа болсон хүний хувиар ч “тийн мэдрэн гуньсан” –ыг ийм хэмээн “батлах” гэж оролдов. Бас биеэ тоосон гэдгэр байдал, бусдыг үл ойшоох муу зангаа ч тавихгүйгээр уншиж, тэр бүхнээ энэ шинэ номын дардасны өмнө алдаад байх шиг санагдаж байлаа. Тэр ингэж бичжээ.
Үлдээсэн сэтгэгдэл чинь
Өр зүрхэнд Өвс шиг урганам
Өөрөө харин өвлийг эхлүүлэхээр
Цасанд хургачихсан
Өр зүрхэн дэх тэр өвс
Өөрөөс минь өндөр урганам... гэж. Бодсоноос минь өндөр ургасан түүний өвс- шүлгүүд манай юм юмаараа гайхуулдаг, яруу алдарт эмэгтэй найрагчдын “гал түймэр тавьсан” гэх шүлгүүдээс тэс өөр бөгөөд тэрхүү “ондоо” өвснөөс нь Марина Цветаевагийн сүрчиг, Анна Ахматовагийн энгэсэг огтхон ч үнэртэхгүй, үснийх нь засалт ч харагдахгүй байгаа нь өнөө цагт эмэгтэй хүн “марина”-дах юм уу, “анна”-дахгүйгээр өөрийн ертөнцөд, өөрийн өвс ногоог тарьж болдгийн жишээ мэт.
...Тээр хол
Ширхэггүй өвс
Ургана.
Ингэж уншин, “тийн” мэдрээд түүний өвсний шинж байдал, шим чанарыг “үхэр” шиг хэлээрээ ороож амтархан зажилнам. Түүний шүлгүүдэд уйтгар, нулимс, од, сар, тэнгэрийн гүн цэнхэр мандал, усны амьсгаа гээд тэнгэрээс дүүжлэгдэн шүлэг бичих гэж оролдогсдын бүх гишгүүр-үгүүд байна. Гэхдээ Н.Нарангэрэл гишгүүр болгоноо шавар шавхайтай хутгахыг хүсээгүй юм шиг ээ. Хүсээгүй ч гэж дээ шүлэг туурвил гэдэг санаан зоргоор хэлхэж, хүлхэж суудаг зүйл биш болохоор яруу найргийн жам ёс, яруу найрагчийн тусгаар тогтнолд маш бүдүүлгээр халддаг “бүлэг этгээд” өнөө цагт гэгээн цагаан өдрөөр сайрхан хашгирч яваа нь харамсалтай. Ийм нэг жишээг хүний мууд дурлан дурлан дурдъя. Бавуугийн Лхагвасүрэн гэж мундаг найрагч “байсан” бөгөөд тэр өнөөдөр яруу найраг дахь эмзэг бүлгийнхэнд зарим зүйлээ “алдсандаа” баярлаж суудаг биз. Тэр эрхэмсэг оюун санаанаас тасарсан “эр ганц биеэ арав болгож чамаараан би гоёсон” ч билүү иймэрхүү санаатай торгон шүлгийг сонсонгуут нэг жүжигчин ч шиг, морины цолчин “засуул” ч шиг, зурагтаар хөгшчүүлийг хөөргөж худлаа яриулдаг үндсэн ажилтай хэн гэдгийг нь танихын аргагүй, бас өөрийгөө хэн ч гэж хэлж түүндээ үнэмшчихсэн явж мэдэх нэг нөхөр гүйж хариад нөгөө торгон шүлгийг чинь учиргүй урж тасдаад “Би монголоороо гоёдог хэрэг ээ” гэж гоёлын биш ажлын “хувцас” салбайлгаж орхисон байх юм. Дэндүү залуу мөртлөө дэндүү улаан цайм бусдын уран бүтээлийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь заяанд халддаг “шинэ цагийн” яруу найрагчид бий болж байна. “Зүс бүгэг андууд ” мэтийн өөрсдийгөө рекламдах дургүй нөхдийн юмнаас хусаж орхиход гэмгүй гэж тэдний зарим нь боддог байх. Магадгүй сэтгэлгээнийх нь хэв загвар, өнгөтэй өөдтэйг хулгайлчихаад хохирогчийнхоо нүүр лүү нулимж, “хурдан үхээсэй” гэж явдаг бол ч тэдэнтэй юу ярих вэ дээ. Харин Н.Нарангэрэл энэ бүхнээс зугтаж, түүнээс хол явахын сайхныг ойлгон, өөрийн гэсэн тусгаар тогтнолыг шүлэг зохиолдоо шивнэн захих гэдэг нь цухалзаж байна.
... Миний зүрхэнд л гэрэлтэж болмоор
Тийм сар...
гэж бичсэнээрээ тэр бусдаас нэг удаа, нэг том ялгарч байна. Мөнгөн сар, сэрүүн туяат, туулайт саран энэ тэр гэж чамирхаж, үгээ олж ядан, нүдээ бүлтэгнүүлж байснаас “миний зүрхэнд гэрэлтэж болмоор” тийм сарыг уншигчийн өмнө гаргаж ирсэн нь сайшаалтай. Сайшаалтай гээд сайшаалын үнэмлэх гардуулдаг цаг өнгөрсөн болохоор таашаалтай гэсэн нь дээр байх. Одоо уншигчид хэн нэгний өнгөт металлаар “хийсэн” юм уу үлгэр домгоос мөчир тасдаж нэрлэсэн сарны тухай биш өөр өөрсдийнхөө “зүрхэн дотор гэрэлтэж болох” сарны талаар төсөөлж, бүүр дур зоргоороо дүрслэн харж болох боллоо.
Би өвдөхөөр
Тэнгэр өвднөм
Газар өвднөм
Бид гурав гурвуулаа өвднөм... гэж уншаад дэмий нэг хийрхэл, том сэтгэх гэсэн дон гэж яаран хэлэх гэж байгаа бол азнах хэрэгтэй. Н.Нарангэрэлийн хувьд энэ нь үнэн зүрхнээсээ хэлсэн амьд үг, агаар нэхэн сарвалзаж байгаа саяхан төрсөн шинэ сэтгэлгээ юм. Тэр хуучин сэтгэлгээг эвдэх алхмуудыг ч хийсэн нь харагдана. Тэгэхдээ учир утгагүй эвдэж хэмхчээд хаячихаагүй, дараа нь энэ “сүйтгэсэн” зүйлийнхээ новшийг өөрөө цэвэрлэнэ гэдгээ мэддэг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр тогтсон хэв загвараас зөөлхөн шиг зөрж гөжсөн бололтой.
Молор хундага барьсан бүсгүй
Тэнгэрээс үр гуйна... гэхэд аятай хийгээд аягүй байдал нь хоорондоо салшгүй мэт. Бүсгүй хүн чулуун эрхтэн дээр мордож суугаад юм уу, могой зүүдлэх мэтээр үр тогтоох бэлгэ даллагыг гүйцэлдүүлдэг. Гэтэл хундага бариад тэнгэрээс үр гуйж буй бүсгүйн талаарх дүрслэл уламжлалт хэв маягийг том эвдсэн бөгөөд тийм мөртлөө тэндээс дэндүү бага чимээ гарч байгаа нь нөгөө аятай аягүй хоёрыг зохистой нийтгэж чадсантай нь холбоотой.
Тэндээс зүүгдсэн одод
Миний хүзүүнд чимэг болоод
Тийм нэг сониуч амьдралд
Уруул минь дүрээстэй... Ийм араншин үнэртсэн шүлгийг яруу найрагч л хэлж чадна. Түүнээс биш бусдын хотруу гэтэгсэд бусдын муухан хувилбар, бүдэгхэн хуулбар төдийхөн хэвээрээ явсаар “насыг” барна.
... Нулимсаараа цээжийг чинь
Зөндөөн норгосон
Нууц амрагийн үнэртэй цэцэг
Маргааш ургана... гэх юм уу

... Дээс тоглож
Дэргэдэх найз нартаа зэмлүүлж
Дэрхийтэл- шувуу нистэл
Санаа алдаж
Дээд голоос ус салаалахыг ажиж
Тэндээ бүүр норж, шалба амьдрах сан... гэх юм уу

...Тал дунд ганц айл
Тарлан зам эндээс
Тэднийд хүрэх нь
Тавилан шиг... гэх мэтээр түүний шүлгүүд ар араасаа цуварна. Н.Нарангэрэлийн шүлгүүд хавтгайрч, найрлан, хашгирч гуугачиж, сайхан зүлэг ногоог Болор цомын бойтгоор гишгэчээд тарах олны нүднээс далдхан шинэ өвс ургах мэт сэтгэгдэл төрүүлнэм. Энэ бүхэн зөвхөн миний бодол боловч энд бас “зөвхөн” нэг үгийг хэлэхгүй бол болохгүй гэж адгалаа.
...Тэр навчны хийсч байгаа нь
Нэг л амирлангуй
Тасраад уналаа
Хөлд торлоо
Хөх чинэрээд явчихлаа
Хүү минь биш байгаа... гэх зэргээр өрөвдөлтэйгээр “гэгээрэх” нь Н.Нарангэрэл дүү чамд үл зохих юм шиг бодогдов. Чиний шүлгүүд чиний дотоод сэтгэлийн л дуу чимээ байг.
Мунхаг би “үхэр чихрийн амт мэдрэхгүй”-н үлгэрээр дэмий цаг зольсон байж мэдэх ч үхэр өвс ногоогоо мэднэ дээ.




МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан.



2010-02-22.
Цагаан барс жилийн Цагаан сарын шинийн найман.

Тэр хэн байсан бол?

(хэрэм нэвтлэх шинжлэл)

Бид хожим уран зохиолын энэ бүлгийнхний тухай заавал дурсана. Тэд бол цоо шинэ нэг зүйлийг Монголын уран зохиолд авчирсан. Тэр бол нөхөрлөл, хүнлэг чанар, тэмүүлэл, багийн тоглолт. Спорт шиг, улс төр шиг бус... Оюун санааны амьдралд үгүйлэгдэж байсан тэр зүйлийг авчирсанд нь л тэдэнд атаархдаг юм. Баясаа, Баяраа, Хангалын тухай бичиж байсан бол одоо Нараагийн тухай бичих ээлж ирлээ. Яагаад ч юм түүнийг урьд төрөлдөө, магадгүй хоёр, гурав, дөрвөн төрлийн урьд тэр хэн байсан бол... гэдэг бодол надад хамгийн сонирхолтой байдаг.

Яруу найрагч байна гэдэг хувь тавилан. Тэр зүгээр л тийм хувь тавилантай хүн. Өөрийгөө албадаж юм уу? яруу найргаар шоу хийх хэрэгцээ түүнд байсангүй. Намуухан даруухан амьдарна. Намуухан ярина. Куратор хийнэ. Музейд ажиллана. Чин сүзэгт номун хааны тухай судалгаа хийнэ. Гүр дуу сонирхоно. Шүлгүүд нь ч гэсэн нэг тийм хөнгөн биш. Хүнд ч биш. Нэг тийм зангарагтай. Эх хүнээр бол олон хүүхэд төрүүлээд тэднийгээ маш сайн хүмүүжүүлсэн эх хүн шиг. ”Хөх мэдрэхүй”-ийнхний хувьд ч яг л эх шиг нь, ээж шиг нь байдаг болов уу? гэж боддог. Тэгээд бодохоор тэр нээрээ Хэн байсан бол...

Яруу найраг бол хүнд зүүдэг шошго биш л дээ. Энэ бол сүнсний ой санамжинд нь байдаг. Төрөл дамждаг зүйл. Тэр бол ёс зүй. Энэ ухаанд нэвтэрч, төрөл тутамдаа даасан ламтай, тахисан бурхантай ирдэг үйлийн үрийн шүтэн барилдлага. Анзаарсан бол миний сайн танил яруу найрагч бүсгүй хэлж байсан юм. Улаанбаатарт дөрвөн уулынхаа дунд ирэхээр л сайхан шүлэг бичмээр болдог гэж... Онгод хийморь хөглөгддөг гэж... Энэ ч бас учиртай. Бурхан багш амьд ахуй цагтаа энэ газар орны тухай айлдчихсан байсан гэвэл хүмүүс үнэмшихгүй. Бид их азтай хүмүүс. Бурхан багшийн айлдвар зарлигийн чуулган Ганжуурт ”Бавуу марвын дончир” хэмээх газар орны тухай дурдаж л дээ. Орчуулбал ”Улаанбаатарын балгад” гэсэн үг. ”Балгад” гэдэг нь толь бичигт шүүрдэн үзвэл ”өдөр шөнө хоёр хүн нохой хоёрын дуу үл тасрах суурин газрыг хэлнэ” гэнэ. Миний Улаанбаатарт үнэхээр өдөр шөнө хоёр хүн, нохой, машин гурвын дуу үл тасарна. Ийм л сайхан. Бас энэ орон газар бол Дэмчиг бурхны орон, ханд дагинасийн чуулган. Ханд дагинас ч олон дүрээр оршино. Зарим нь яруу найрагчийн дүрээр, янхан эмийн дүрээр, мах худалдагч, марш алхагч... гээд амьдарлын бүх хэвшлээр. VIII Богдын хөтчид нь ч тиймийн учир Их хүрээний дууч эмсийг хүндлэн зам хөндлөн гаргаж байж, явдаг байсан гэж байгаа. Миний Улаанбаатарын бүх бүсгүйчүүд бол дагинас хэмээн боддог. Монголын бүхий л түүхийн туршид Улаанбаатар шиг ийм том балгад буй болж, энэ үеийнх шиг ийм олон яруу найрагч бүсгүйчүүд төрсөнгүй. Тэдний нэг нь Н.Нарангэрэл.

Яруу найргийн тухай углуургатайхан ярьчих хүн цөөрч байна даа. С.Дулам багш л үлдэж. Хүн судлал антропологийн үүднээс яруу найрагчийг хэрхэн судалж болох тухай нэг ярьж байх даа ”Хэдэн төрлийнхөө урьд бөө удган, лам хувраг явсан хүмүүс яруу найрагч болж төрдөг” гэсэн гайхамшигтай дүгнэлт хэлж байсан юм. Энэ бол ортой, шүнтэй, ултай, суурьтай үг. Тэгээд Нарааг боддог юм. Энэ хүн урьд насандаа хэн байсан бол... Бүр наанаас нь эхлээд дурдахад уртын дууч, туульч, жодч лүйжинч, бясалгалч, бүтээлч, бодьсадва, дара эх... Шүлгүүд нь нэг тийм нинж нэвт шингэсэн. Энэрэнгүй, тэнгэрээс нэг шидэт дохиураар дохиод байгаа ч юм шиг. Орой зулай илээд ч байгаа юм шиг. Үгнүүд нь, түүнээс урган гарч байгаа утга нь, утгаар дамжиж буй ухаан нь цогцоороо лүйжин шиг. Хоосон чанарын агаарт тасалж, огтолж, онож, гадаслаж буй мэт. Зүгээр нэг шүлэг бичдэг хүүхдүүдийнх шиг бэлгийн бойжилтын эхэн, дунд, сүүл үеийн сэтгэгдэл төдий биш. Амьдралын асар их туршлагатай эх хүн шиг бичдэг. Цөөн бичдэг. Түүнийгээ хүнд уншуулах тийм ч дуртай биш. Хэзээ ч өөрийгөө яруу найрагч гэж нэрлэх дургүй. Тийм л зураглал дүр дүрслэл харагдаад байдаг юм.

Энэ бол миний л бодол... Үнэн байх албагүй. Гэхдээ би энэ үгээ энд ч, эрлэгийн үүдэнд ч хэлнэ. Хажуунаас нь өчүүхэн ч холдох дургүй. Байнга анхааралтай ажиглаж, хүндлэн биширч, мэхийн хүндэлдэг монголын уран зохиолын, амьд яруу найргийн амьдрал дахь хайртай дүү нарын минь нэг. Хэн байсан бол...

Хүндэтгэн ёсолсон
Хүрээ хөвгүүн ах нь.

"Хүүхдүүдээ тойруулж суулгаад шүлгээ уншиж өгөх сөн гэж мөрөөддөг"


Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний ажилтан, залуу яруу найрагч Н.Нарангэрэлтэй “Чин Сүзэгт Номун Ханы өв соёл” хэмээх номынх нь талаар ярилцлаа.

-Та нэгэн өвөрмөц номоо өлгийдөн авлаа. Энэ номынхоо тухай яриагаа эхлэх үү?
-Энэ жил Чин Сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшаравын мэлмий гийсний 310 жилийн ой тохиож байна. Эл ойн хүрээнд энэ сарын 28-нд эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн зохион байгуулж мөн энэ түүхэн хүний ойг угтсан олон ажлыг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. Лувсанноровшарав бол Энэтхэг орноо Бардужин, Цэвээнбазар, Шийравпэрэнлэй, Бүрэн-Олзод, Гурувоба төвд орноо Лхаваандорж, Сономдагва, Сономдорж, Лодойдэмид, Баншарав, Рэнцэнбал, Ганжууржав хэмээх XII удаа тодорч Монгол оронд Лувсанноровшарав нэрээр үүнээс хойш үе уламжлан Монголд V дүр тодорсон болно. Эл гэгээний дараагийн дүр нь тодорсон байгаа ч одоохондоо нууцлагдмал байна.

Лувсанноровшарав бол зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, Монголын шашин соёлд томоохон хувь нэмрийг оруулсан нэгэн. Тэрээр Ордост Шар зуу хэмээх хийд байгуулаад 1751 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут суманд Чин Сүзэгт номун хан хутагтын хүрээг байгуулсан. Чин Сүзэгт номун хан гэдэг нь түүний цол, Эрдэнэ ноён цорж, Чин Сүзэгт Номун хан хутагт хэмээн дууддаг халхын 13 тамгатай хутагтын нэг болно. Миний эл ном хөдөө орон нутгаар судалгаагаар явж тухайн хийдэд шавилан сууж асан настай хүмүүсийн дурсамж яриа, шинээр олдсон гүр дууны нэгэн дэвтрийг хөрвүүлэн 70 гаруй гүр дууг нээснээрээ шинэлэг бүтээл болсон болно.

-Эл хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юу вэ?
-Тэрээр 7 сүм бүм төвд хэлээр бичсэн бүтээлтэй нэгэн. Энэтхэг төвдөөс уг гарвалтай гүр дууг Монголд уламжлуулсан, Ордосоос ирээд Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээг үүсгэн байгуулж бусад хийдээс нэлээд ялгавартай байдлаар хурлын ая данг уламжлуулсан бөгөөд тухайн үед Чин Сүзэгтийн хийдэд 130 гаруй нэр төрлийн ном хурдаг, цам майдар эргэх ёс шашны уншлага нь ч ихээхэн өвөрмөц юм, тэр байтугай Их сангийн тийзийг хүртэл хэрэглэдэг байсан талаар тэр хүрээнд шавилан сууж асан хэл зүйч Я.Цэвэл гуай дурсан бичсэн байдаг. V дүрийн үед шашны жижиг хэмжээний сургуулийг байгуулж 25 хүүхэдтэй хичээлүүлдэг байсан юм билээ.

-Номын редактороор хэн ажиллав. Та залуу хүн судалгааны ном бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Судалгааны ажил хийх гэдэг бол чөмгөө дундартал сууж байж бүтээл гардаг. Гэлээ гэхдээ би Баянхонгор аймгийн Галуут суманд Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээний ойролцоо төрсөн учраас судалгаа хийхэд дөхөм байсан. Нутаг усандаа ямар нэг үзэгдэх дүртэй, уншигдах үсэгтэй юм хийнэ гэж үргэлж боддог байсан минь зах зухаасаа биелэгдэж байгаад дотооддоо баяртай байна. Хутагт Лувсанноровшаравын талаар судалгаа хийх гэж тэр хийдийн ойролцоох Ёлын ам хэмээх газар луу явж байгаад нохойд хүртэл хөөгдөж байлаа. Намайг анх эрдэм номын цагаан мөрд хөтлөн оруулсан миний багш МУ-ын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багш, Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян багш нартаа талархал илэрхийлье.

-Та бас яруу найрагч хүн “Хөх мэдрэхүй” яруу найргийн бүлгэмийн тэргүүн. Сүүлийн үеийн яруу найргаас тань сонирхвол?
-Шинэ залуу яруу найрагчдын “Хөх мэдрэхүй” бүлгэм маань өнгөрсөн жилийн хавар “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” нэртэй номоо гаргасан. Одоогоор хүн бүр хувь хувьдаа тус тусын хоёр дахь бие даасан номоо гаргах нь гаргаж, зарим нь орчуулгын бүтээлд хүч үзэж байгаа. Миний хувьд “Тийн мэдрэхүйн гуниг” номоо уншигчийн хүртээл болгосон. Хавраас нэг ном гаргана.

-Яруу найраг гэдгийг нэг өгүүлбэрээр эсвэл нэг мөр шүлгээр илэрхийлвэл?
-Миний өмнөх номонд нэг шүлэг буй. Сэтгэлрүү минь нүдээ дүр дээ, Шил хэрэггүй ээ тэнд чи бүхнийг харна. Сэмрэх догдлох, санаашрах, өмөлзөх, шархирах нь сэлүүрийн цаана тэмцэж буй усны түлхэлт шиг л... сэтгэлийн өвчин гэх үү дээ үүнийг би... гээд цааш үргэлжилдэг... сэтгэлрүүгээ харилцан сайн дүрэлцвэл энэ амьдрал аандаа амттай... амьдрал өөрөө уран зохиол ш дээ. Тэр зохиолын сайхан мөн чанарыг салгавал дотор нь Дорж Дулмаа гэх хүний амьдрал л байдаг. Хэр дүрж чадаж байна хэр өөррүүгээ өнгийж орж байна гэдгээс шүлгийн үнэ цэнийг мэдэрч таашааж болох байх. Сэтгэл оролцсон юм бүхэн урлагтай болдог. /Инээв/

-Таны хүндэлж явдаг зүйл. Мөрөөдөл?
-Ном. Зүгээр л ном тэврээд суух сайхан шүү. Үүнийг ойлгох хүмүүс ховор байх л даа. Гэхдээ л би яг тийм л ертөнцөд байхдаа хамгийн их аз жаргалтай болдог. Яагаад ч юм би яруу найрагт хачин их хайртай. Дэлхийн сонгодогууд, Монголынхоо уран зохиолоос шилж уншдаг. Д.Нацагдорж, П.Лувсанцэрэн, Д.Нямсүрэн, Д.Батбаяр, Ц.Урианхай, Т.Баянсан, Б.Одгэрэл гээд л нэрлээд л байвал олон хүн байна. Эдгээр хүмүүс бүгд өөр хоорондоо давтагдашгүй гайхалтай оюуны их язгууртнууд. Надад тийм том мөрөөдөл байхгүй. Бурхны зурсан хувь тавилангаар амьдарч, шүлгээ бичиж, олон хүүхэдтэй болоод тойруулж суулгаад шүлгээ уншиж өгөх юмсан л гэж мөрөөддөг.

-Та дээр яруу найрагт хайртай гэсэн. Өөр юунд хайртай вэ?
-Би хүүхдүүдэд их хайртай. Тэд ямар хөөрхөн гээ. Уйлаад сууж байснаа ганцхан ширхэг чихэр авангуутаа нүд нь гялалзаад л явчихдаг. Энэ утгаараа би хүүхдүүдэд бага боловч туслах юмсан бодож явдаг. Өнгөрсөн “Соёлын өвийн боловсролын төв” ТББ-ыг байгуулсан. Монголын соёлын өвийг хадгалж хамгаалж, өвлүүлэх мэргэн арга бол хүүхдүүдэд бага балчраас нь зааж сургаж зөв хүмүүжилтэй болгох юм. Манай төв хүүхдүүдэд хувцасаа яаж өмсөхөөс өгсүүлээд монгол оньсон хөлөгт, ясан тоглоомуудыг зааж сургадаг. Мөн гэр оронгүй өнчин өрөөсөн хүүхдүүдэд бүх талаар тусламж дэмжлэг үзүүлдэг.

Н.Оюундалай http://niigmiintoli.mn/

Нараагийн шинэ ном

Энэ жил Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүр дууллын нууцын увидаст Чин Сүзэгт Номун хан Лувсанноровшэйрав гэгээнтний мэлмий гийсний 310 жилийн ой тохиож буй. Тэгвэл өлзий билэг бүрдсэн энэ цаг мөчтэй дашилж манай бүлгэмийн Н.Нарангэрэл "Чин сүзэгт номын ханы өв соёл" нэрт судалгааны бүтээлээ ном болгон, уншигчдын гар дээр тавьлаа.

Ийнхүү "Хөх мэдрэхүй" хэмээх нэгэн бүл уран зохиолын төдийгүй эрдэм судалгааны салбарт ч шангаа татаж байна.

Нараагийнхаа цаашдын бүтээн туурвих үйлст их амжилт, гэгээн сайхныг хүсье.

Powered by Blogger