Showing posts with label Б. Баясгалан. Show all posts
Showing posts with label Б. Баясгалан. Show all posts

ХӨХ ШУВУУ


Яруу найрагч Пүрэвжалын Майнбаяр манай бүлгэмийн гишүүн, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн талаар ийм нэгэн өгүүлэл бичжээ. Эл бичлэгийг яруу найрагчийн "Нүүр ном" дахь хуудаснаас, зөвшөөрөлгүй авсан болно.


ХӨХ ШУВУУ


Сүмийн зүгээс сүрэг шувуу нисэн ирэх мэт шүлэг найргийн цаг гэж бий. Тэр цагийг залуус дуулж эхэлжээ. Дуу чимээ, өнгө дүрс, гарт баригдаж, чихэнд сонсогдож байна. Туурвин бүтээхийн ирмүүн халуун хүсэл эндээс ч, тэндээс ч төөнөнө. Тэдний дунд орсон хүн бол надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би бол зах зухад нь л явдаг хүн. Эдгээр залуусаас би “Хөх мэдрэхүй” бүлгэмийн дүү нарыг арай илүү танина. “Хөх мэдрэхүй” дүү нарын нэг авууштай чанар бол аливаад /уран зохиолд/ бодтойгоор ханддаг явдал юм. Хөгшин залуу, шинэ хуучин гэлгүй сайн бүтээлийг эрж хайж, түүнийгээ хүмүүст түгээж байдаг билээ. Сайн үйлс дэлгэрэхийн учир энэ буюу. Тэдэнтэй уулзаж танилцсан минь эртний ерөөл буй заа. Элбэг, Бүүвэй хоёр өрөөгөөр түрхэн ороод гарахад л эндхийн бүгчим агаар сийрэх шиг болдог юм. Энэ удаа тус бүлгэмийн гишүүн, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн тухай өгүүлье гэж бодлоо. Самгардахаасаа өмнө санаа бодлоо хэльюү л гэж. Их юм гараад ирэхээр ах нь дарагдаж мэдэшгүй. Ихийг бүтээх нь дамжиггүй тул ингээд хэлчихлээ.
Яруу найраг байхгүйсэн бол бид энэ тэнгэрийн дор уулзалдахгүй байлаа. Ахан дүүс болохгүй байлаа. Тиймээс Баясгалангийн “Арван гуравдугаар сарын бороо” номноос,
“Сайхан л зүйл дотроо бодож явна даа
Санааны алсад нэгэн зурвас гэрэл тодроод
Салхич шувуу нүднээ өдөн дуудахын гэгээ цацаад
Тэмүүлэх тусам тэнгэр ямар ойрхоныг мэдрээд
Тэмдэг төдий инээмсэглэл нүүрэндээ цацруулаад
Сайхан л зүйл дотроо бодож явна даа...”(Арван гуравдугаар сарын бороо.2009.11х) гэсэн шүлгийг санаа амар уншиж суух билээ.
Бид нэг нэгийгээ яруу найрагч гэж нэрлэж, итгэж, тэр итгэлээрээ л голоо зогоож явдаг. Яруу найраг хэзээ ч муу муухайг ярихгүй. Хэсэг хугацааны дараа яруу найрагч биш болсон ч яах вэ? Учир нь яруу найрагтай нөхөрлөсөн он жилүүд бидний амьдралын хамгийн ариун, хамгийн тунгалаг нь байна гэдэгт би итгэдэг. Сайн сайхныг бодож явахад муу муухай аяндаа сарнин замхардаг. Санааны алсад зурвас гэрэл тэгж тодордог. Зурвас гэрэл яруу найргийн тусгал, салхич шувуу гэгээ цацах нь цаг хугацааны туйл. Энэ гэгээг олж харсан хүн азтай яа. Тэмүүлэх тусам тэнгэр ойрхныг мэдрэх нь сайхан бодлоос л эхтэй. Тэгээд л тэмдэг төдий инээмсэглэл нүүрэндээ цацруулжээ. Тийм хүчийг мэдэрсэн хүнд бол тэмдэг төдий инээмсэглэл байхад л хангалттай. Илүү юм хэрэггүй.
“Ганцаар, гүн харанхуй тэнгэрийн дор
Гадаа, хуучин савлуурын дээр
Ганхан ганхан суулаа...”
Шөнийн салхины гар савлуурыг зөөлхөн түлхэж байна. Ингэж ганхан суухдаа тэр ихийг бясалгадаг биз дээ. Газраас бодол хөндийрч, гайхамшигтай хэмнэлд автах үе, ”Газраас хөндийрч тэнгэрийн аглаг руу одоход, гараараа даллаад аав баяртай үлдэв” гэсэн мөр шиг л...Ганхан...ганхан...ганхан...Харанхуй тэнгэр, хуучин савлуураас гэрлийг, шинэ юмсыг олж харахын тулд шүү дээ. Тиймгүйсэн бол тэгж ганхаж суухын хэрэг юун... Жихүүн салхинаас гэгээхэн гуниг сэвэлзэж байгаа нь доорх мөрүүдээс андашгүй.
“Жихүүн гэвч зөөлөн аяст салхин
Жил саруудын үнэрийг чичирхийлэн зөөж
Зүрхэнд минь хэн нэгний гуниг ийм лавтай шургасныг
Зүгээр л сэвлэгээр минь оролдонгоо шивнэж байлаа...” (“Арван гуравдугаар сарын бороо” 2009.22х)
Амьдрал хийгээд мөнхийн гунигийн тухай асуултанд инээвхийлэлээр хариулагч, аньсан нүдэндээ тэнгисийн цахлай, Аннагийн нэртэй шарилын чулуу хадгалагч, уншаагүй номынхоо уран гоё төсөөлөлд автагч, утгагүй бүхнээс ангид оршигч юм даа тэр. Тэмдэг төдий инээмсэглэл, асуултанд инээвхийлэлээр хариулах зэрэг нь нууцлаг ертөнцийнх нь анхны илрэлүүд юм. Өөр ямар шинж тэмдэг илэрхийг мэдэхгүй. Миний санахад улам л нууцлаг болох болов уу? Тэрхүү нууц нь хааяахан,
Улигт ахуйн торноос нисэхсэн гэхдээ би бачимдан сэрэхэд
Угаасан хувцсаа оруулсан уу гэж энгийн тайвнаар чи асууна
Чимээгүйхэн л би толгой дохин бүдэгхэн инээвхийлэлээр нууцаа хулдавч
Чийрт ахуйгаас хашгичин дэвж, хайраан гишгэлээд нисэхийг хүснэ...(“Арвангуравдугаар сарын бороо” 36х) гэсэн мөрүүдээр илэрнэ. Энэхүү нисэх хүсэл зарим хүнд эгдүүцмээр санагдаж мэдэх ч, нам гүмийг эрэгч, үг үсгийг эзэмшигчийн тухайд бол байвал зохих л араншин. Хүлцэнгүй ийм инээвхийлэлийн цаана л хүчирхэг үгийн ертөнц бүрэлдэн тогтож байдаг жамтай. Эргэн тойрон утгагүй хоосон санагдах үе бишгүй л бий. Утгагүй хоосон угтаа бол сэрэхүйн дээд шат бөгөөд тэр шатны гишгүүрээр өгсөж чаддаг нь даанч цөөхөн. Далдын совинтойд нь зориулагдсан болохоор арга ч үгүй юм уу даа. Бачууран давчдах үедээ, бүгд л нисэхийг хүсэцгээдэг. Ниснэ гэдэг дотоод ертөнц рүүгээ л очно гэсэн санаа тул тэндээс давтаж буй цуурай, давхарлаж буй үүлс, зүүрмэглэж буй уулс цөм жигүүртэй байж таарна. Хайраас, амьдралаас, хүсэл мөрөөдлөөс уйдсан гэсэн утга огт биш бөгөөд товчхондоо бол бүтээж туурвихийн ариун шаналан бөлгөө. Ийм шаналалыг бага сага мэдэхийн учир энд жаахан тоочиж орхив. Адгалт, бачимдал гэдэг үнэн чанартай анир чимээг нэвтлэхийн өмнөх агшин. Агшин хоромд дасах мэт толгой дохин байвч түүний доторх хүн,
Цээжин дотрох энэ их салхийг ээ
Цэх суугчийн дотрох эмх замбараагүй хөдөлгөөнийг ээ
Газарт бууж үзээгүй үй олон шувуудынх нь
Ганганах дуу тасардаггүй миний дотрох тэнгэрийг ээ
Хавирга зүлд дэлдээд хашхираад байгаа хүнийг
Харанхуйд мод тэврээд уйлаад байгаа хүнийг
Хажууханд ном уншаад инээгээд хэвтэх хүнийг
Эсвэл үсээн задгайлаад хяргаж суугаа хүнийг
Эрмэг дээрээс үсрэхийн өмнө эргэн харж буй хүнийг
Чулуу шороо самраад цамнаад байгаа хүнийг
Чулуун хөшөө шиг сар жилээр цавтаад суугаа хүнийг
Энэ их хашгираан, цуурай, орь дуу
Эвдэрч, нурж, сүйдэх чимээ
Далайн давалгаа, шуурга, галт уулын дэлбэрэлт
Давтагдмал, тасралтгүй үргэлжлэх хэмнэлүүдийг
Зад татаад гараад ирмээр энэ аймшигтай бүхнийг
Хав дарж, хана хэрэм мэт бат оршиж
Цэх сууж, шархиртал инээмсэглэж, дуугаа хурааж
Цэг таслал хоёрын дундах хоосон зайнд амьдарнам
Цээжин дотрох энэ их салхийг ээ... /Энэ шүлгийг цахим хуудаснаас нь авсан/ хэмээн шүүрс алдан бичмүй. Өөр өөрийн араншинтай эдгээр хүмүүсийг нэгтгэн зангидаж, нэгэн цул болгоход л Баясгалан хэрэгтэй. Чулуун хөшөө шиг цавтаад суугаа хүн бол...гээд сугалж аваад ярих утгагүй. Гэтэл тэр цэх сууж чадаж байна. Энд л Баясгалангийн гэх нэг юм гэрэлтээд байгаа юм даа. Би бол бараг л бөгтийгөөд суучих болов уу. Эвдэрч, нурж, сүйдэх чимээ, галт уулын дэлбэрэлт тэр бүхнийг хав дарж, хана хэрэм мэт бат оршиж, сүйдсэнийг нь эвлүүлэн зүйж, гагцхүү шархиртал инээмсэглэж, дуугаа хурааж байгаа нь сонин байна. Дуугаа хураана гэдэг чинь дуу дуулахын өмнөх цэгцрэл. Цээжин доторх их салхи цэг, таслал хоёрын дундах хоосон зайд л намждаг. Цэг, таслал хоёрын дундах хоосон зай...Уран бүтээлч хүний аз жаргал, шаналал гуниг ердөө энэ л хоосон зай гээд хэлчихвэл айхтар хатуудахгүй болов уу. Үүрд мөнхийг үргэлж мэдрүүлэх үг үсэг, цэг таслал...Үүнээс том зайгаар юугаа хийх вэ?
“Газарт бууж үзээгүй үй олон шувуудынх нь
Ганганах дуу тасардаггүй миний доторх тэнгэрийг ээ...” Ийм л тэнгэрээс “Арван гуравдугаар сарын бороо” шивэрч, голын цаана ганц эрвээхэй шүхэр барин нисч, аяс намуухнаар навчсын сэрчигнээ сонсдож, алган дээр нь том том дуслууд унаж байснаа, агшнаа мөс болон хувирах вий.
Нарны цацраг мөстөж, голын эрэгт зоогдоход
Навчис сэрчигнэхээ зогсоод хоромхон зуур чулуу болно
Чулуу чулуун дээр бууж нисэх шүхэр барьсан эрвээхэйн
Зүрх норгосон гаслант нулимснаас л би илч дулааныг мэдэрнэ...
(“Арван гуравдугаар сарын бороо” 2009.27х)
Арван гуравдугаар сарын бороо шүлгийн энэ бадаг бол чухамдаа алс хэтийн ертөнц агаад чулуу чулуун дээр бууж нисэх шүхэр барьсан эрвээхэйн бол түүний айзам хэмнэл юм. Дээр дурдагдсан давтагдмал, тасралтгүй үргэлжлэх хэмнэлүүдийн өмнөтгөл болно. Эрвээхэйн нулимснаас мэдэрсэн илч дулаан л энэ ертөнцийг аварч магадгүй. Шүхэр барьсан эрвээхэй нисч байгаа цагт шүлэг бичих зөн бүүдийхгүй.
“...Уйлах дуу, инээдний чинь цуурайг бясалгаад
Ухаантай амьдрах гэж хэрдээ л зүдэрч байна
Урьдын ерөөл, хожмын учралд сүслээд
Урдаа босгосон хориглолтдоо унаж бүдэрч явна
Залуу нас хажуугаар исгэрэн зөрөхөд
Замын хажуугаас би зүгээр л хараад зогсож байна
Амьдарч байна, амьдралдаа оролцож чадахгүй байна
Аль хэдийнээс би чиний эрхэнд орсон байна
Энэ биений минь хаа нэгтэй нуугдсан
Ирээдүйн хүний тунгалаг сүнсээ
Би чиний төлөө энэ гашуун он жилүүдийг
Биеэсээ үлдэн хөөгөөд, мөч бүхэнд ариусч байна... Энэ шүлгийг уншиж суухад, хаа нэгтэйгээс /ирээдүйгээс/ үл үзэгдэх далавч сэрчигнэж, өчигдөриийн баргар дурсамж зүрхнээс арчигдах шиг, харагдахгүй сүнсээр дамжин хаа нэгтэй орших бурхдын өлмийд алга хавсран мөргөх шиг, хажуугаар исгэрэн зөрсөн залуу нас минь дэргэд ирээд шүгэлдэх шиг. Шүлэг бичмээр болж байна шүү. Тийм тунгалаг сүнс л биеийг гижигдэхэд бид сэтгэлдээ бийрээ дүрдэг бус уу? Ирээдүйн хүний төлөө мөч бүхэнд ариусаж чадах яруу найрагчийн зүрх үүгээрээ л бусдаас ялгаатай. Ил амьдралын цуурайг бясалгаад, далд оюун санаандаа хүрнэ гэдэгтэй итгэлтэй байна. Түүний цээжинд хүчирхэг жигүүрээ дэлгэн нисэхийг хүсэгч шувуу бий. Тэр шувууны чимээ алгуур, бүдэгхэн, тэгсэн атлаа шаргуу тэлсээр л байгаа.
Хөндий цээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй. (Өөрийнх нь орчуулсан “Цэнхэр шувуу” шүлгийг өөрт нь зориулаад авч орхилоо) Харин тэрбээр энэ шүлгийг бичигч Чарльз Буковский шиг хатуурхаж, хамаг итгэлийг нь нугачин дарж, тэргүүн дээрээс нь хундага хундагаар архи цутгахгүй нь лавтай. Чарльз Буковский, Хорхе Луйс Борхес, Дилан Томас, Хэрмен Хэссе, Элизабет Бишоп, Аллен Гинсберг нарын шүлгүүдийг Баясгалан орчуулсан. Үүнийг би онцгой зүйл гэж бодно. Энэхүү бодлынхоо дараа,
Миний итгэсэн үлгэрээс бороо дусалж
Миний итгэсэн үлгэрээс ид шидийн гэмээр гэнэн мэдрэмж гэрэлтэнэ
Өчигдөрхөн л би борооны тухай тухай
Өөдгүйхэн дурсамжтай явснаа мартаж орхино...(Арван гуравдугаар сарын бороо. 2009.47х) гэсэн шүлэгнээс ид шид энгийн, тэгсэн мөртлөө гүнзгий байдгийг олж харна. Ид шидийн хүчээр л үг эв зүйгээ олж, зүрх сэтгэл догдолж, үлгэр домгоос бороо дусдаг. Тэр бороог анирдан чагнах зуураа,
Гай зовлонгоос чамайг хамгаалах
Гатлага онгоц шиг нүд минь
Нулимсан дээрээ хөвсөөр л байна...
Ахиад зөндөө уйлах энэ л нүдээрээ
Би чамайг ширтсээр л байна.../”Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг.” 2010.84 х/гэсэн мөрүүдийг уншихад аньсага чийгтэнэ. Гунигтай, тэгсэн мөртлөө гэрэлтэй. Гай зовлонгоос чамайг хамгаалах гатлага онгоц шиг нүд...Энэ мөрнөөс хичнээн сайхан сэтгэл гэрэлтэнэ вэ? Хэдийгээр нулимс цийлэгнэсэн ч гэсэн. Ийм нүдийг зөвхөн гунигтай, зовлонтой гэдгээр нь ойлгох юм бол амьдрал утгагүй болчихно. Хүн гэдэг оносон нэр ойлгомжгүй болно. Нөгөө талаас нь харвал хөвж байгаа онгоцноос хүнд хэцүүг сөрөн сэлүүрднэ гэсэн сэтгэлийн их амгалан тодроно. Гатлага онгоц бол амьдрал. Нулимс бол ертөнц. Дусал бүрт нь ертөнцийн дуу чимээ буй. Гатлага онгоц шиг нүд...ингэсгээд орхиё доо. Ийм нүдэнд багтсан амьдрал уянга эгшгээр дүүрэн байлгүй яах вэ?
Гэгээн ариун бүхнийг найрсан хэлэлцэж явдаг хорвоо дээр гэрэл гэгээ түгээгч эрдэмт хүмүүс олон бөгөөд тэдний илч гэрэлд тархинд суусан үрчлээс тэнийж, хажууд зогсох сүүдэр үг хэлэх шиг болдог юм. Тийн үг хэлүүлэгчийн нэг нь Баясгалан юм. Ингэж хэлэх болсныгоо багахан дэлгэрүүлэх хэрэг гарлаа. Өөрийнх нь ихэд зүрхшээн байж уншигчдын гар дээр тавьсан “Аз жаргалтай төгсгөлүүд” өгүүллэгийн түүврийг уншсаны дараа энэ бодол минь улам батжиж, баярлан бахдсан сан. Өдгөө ч тэр бахдал минь хуучраагүй байна. Гэхдээ миний баяр бахдал Баясгаланд ямар ч хэрэггүй гэдгийг энд зориуд сануулая. Ер нь ч баяр талархлаас хол байсан нь өлзийтэй юм шиг байна билээ. Чанартай сайн орчуулга харваас андашгүй л дээ. Аманд эвлэж, тархинд тогтож, үг үсэг нь үзтэл гэрэлтээд эхэлдэг. Үг үсгийг гэрэлтүүлэгч “гүүш” нарыг энд дурдахыг зорьсонгүй. Уран зохиолын боловсролтой, утга уянгын мэдрэмжтэй хүмүүсийн орчуулга бол цаанаа л өөр, барьцтай, наалдацтай, амттай байдаг. Үг ч өөрийн үнэ цэнтэй. Баясгалангийн “Аз жаргалтай төгсгөлүүд” өгүүллэгийн түүвэр надад ингэж л өгүүлсэн. Хэдийгээр орчуулга ч гэсэн эдгээр өгүүллэгүүдийг тэр бичсэн юм шиг санагдаад байж билээ. Тэр санаа минь ч энэхүү бичвэрт туслаа. Миний хувьд бол орчуулга яруу сайхан болжээ. Яараад хэлчихсэнийг минь уучлаарай. Яагаад яарсныг минь Октавио Пазын “Цэнхэр баглаа” өгүүллэгийн энэ хэсэг бараг л илэрхийлчих болов уу?
“...Гэвч би түүний өөдөөс мөрөө хавчаад,
-Удахгүй ээ гэж хэлчихээд харанхуй руу уусан одлоо.
Эхэндээ юу ч харагдахгүй байв. Дэвсмэл чулуун замаар дэмий баахан гэлдэрсэнээ ганц тамхи гаргаж асаалаа. Гэнэтхэн бараан үүлсийн цаанаас сар цухуйж энэ тэндгүй хагарч цавтсан хувхай цагаан ханыг гийгүүлэв. Тэр их цагаан гэгээнд нүд гялбаад хэсэг зогслоо. Салхи намуухан үлээнэ. Тэгж зогсохдоо би тамаринд модны эхүүн үнэртэй холилдсон агаарыг хамраараа сорон амьсгаллаа. Шөнө тэр чигтээ сэрчигнэх навчис, дүнгэнэх хорхой шавьжийн дуунд автжээ. Өндөр өндөр өвсний толгойд хүрэлзгэнэ суусан харагдана. Би тэнгэр өөд ширтлээ. Одод ч бас тэртээ оройд отог хүрээгээ тохинуулан буудаллажээ. Орчлон ертөнц гэдэг олон янзын дохио тэмдэгүүдийн асар уудам тогтолцоо, аварга том орон зайг эзлэн оршигч оршихуйнуудын бие биетэйгээ харилцах яриа юмсан уу даа гэж би бодов. Аанай миний үйл хөдлөл, хүрэлзгэнүүдийн хөрөө хошуу, тэртээх оддын гялбаан хүртэл мөнөөх харилцан ярианых нь доторх зогсоц, үгийн үе, тасалданги өгүүлбэр сэлтээс өөр юу ч биш. Намайг ердөө л нэг үе болгон дотроо агуулж чадах ямар үг байж болох вэ?...”
(“Аз жаргалтай төгсгөлүүд” Өрнө, дорнын шилмэл өгүүллэгүүд. 2013.83-р тал)
Ямар үг байж болох вэ? Өөрөөсөө би ингэж асууснаа тод санаж байна. Өндөр өвсний оройд хүрэлзгэнэ сууж, өнгөт ертөнцийн дохио тэмдгүүд нисэлдэнэ. Дохио тэмдгүүд нисэлдэх нүд...Цэнхэр биш нүд...Гол баатрыг айлган сүрдүүлэгч этгээд гадаад өнгө хэтэрхий хөөчихлөө. Шүдэнз зурж зогсохдоо нүд рүү нь жаахан л өнгийсөн бол хайгаад байснаа олчих ч байсан юм бил үү? Уран зохиолын цаад мөн чанар ийм л нэвтрэшгүй юм даа.
Дэлхийн уран зохиолоос эх хэлнээ яруу сайхан буулгаж, цаг үеийнхээ түүчээ болсон үе үеийн шилдэг сэхээтнүүдийн хүчинд л бид Уолт Уйтмэний “Өвсний навч”, Рабиндарнат Таагүрийн “Өргөлийн дуулал”, Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр”, У.Фолкнерийн “Баавгай”, Дантегийн “Тэнгэрлэг туульс”, В.Набаковын “Лолита”, Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Ф.Достоевскийн “Гэм зэм”-ийг уншиж, Башёгийн шүлгүүдээр, Шэкспирийн жүжгүүдээр, Чеховын өгүүллэгүүдээр оюун санаагаа тэлсэн байнам. Чехов гэснээс, түүний “Марья Ивановна” өгүүллэгт,
...Утга зохиол маань та нарт өөдгүй, өчүүхэн, сонирхолгүй санагдавч та нарт инээд ч, хилэгнэл ч, баяр ч төрүүлэхгүй байвчиг, утга зохиол маань өөрийн хэргээ хийсээр байгаа юм. Түүнгүйгээр болохгүй...Хэрвээ бид жагсаалаас гарч, нэг хурамд ч гэсэн байраа орхивол байрыг минь тэр дор нь тэрэгний морины хонхтой, инээдмийн малгайтай салбадай нар, муу профессорууд, муу өмгөөлөгчид болон баруун тийшээ, зүүн тийшээ гэсэн командаар өөрсдийн дурлалын эв дүйгүй явдлыг бичдэг юнкерүүд эзлэн авна. Уй гунигийг ч халуун хомхийг ч үл харгалзан би бичих ёстой. Тасалдалгүй, чадахынхаа хэрээр, чадлынхаа хэрээр бичих ёстой. Бид цөөхөн, биднийг хуруу даран тоолж болно...” гэж бичсэн бий. (А.П.Чехов. Түүвэр зохиол.1983.311-р тал) Хуруу дарам тэдгээр хүмүүсийн нэг нь Баясгалан гэдэгт одоо эргэлзэх хэрэггүй. Ба Жиний “Нохой” Хаяаши Фүмикогийн “Баян хуур ба загасчдын суурин”, Дорис Лессингийн “Дээвэр дээрх бүсгүй” зэрэг өгүүллэгүүдийг эх хэл дээр нь унших чадвар маньд алга. Үнэн гэдэг ийм. Өөр хэлэх юм байхгүй. Харин өөр нэг өчих юм бол, эрхэм гүүш нарын гаргасан зам мөрөөр олон уран бүтээлчид замнаж, тэдний бий болгосон оюун санааны хүрээнд дулдуйдан амьдарч явдаг нь нууц биш. Бидний унших дуртай ном, ишлэж гайхуулдаг онч үгс, сүслэн дагадаг бурхны сургаал хүртэл орчуулагчын хэлээр дамжиж л бидэнд ирсэн! Хар муйхар юм яахав дээ, хэсэгтэй хүчийг авах л юм биз. (Энд зөн совин хамаарахгүй) Алсдаа бол явуургүй. Юу хэлэх гэсэн юм бэ гэвэл, мэдлэг боловсрол аль ч салбарт чухаг, тэр тусмаа манай утга зохиолын амьдралд бол бүр ч хэрэгтэй байна санж. Тийм боловсролтой хүмүүсийн гараас л гайхалтай бүтээл туурвил гардаг нь үнэн байна. Ихэнх зохиолч, яруу найрагчид, орчуулагчдын нөлөөнд нүд гүн, бодол алс болдог ажгуу. Мань мэт нь ийм л хүмүүсийн /гүүш нарын/ буянд нүглээ нимгэлж явдаг. Нүгэл гэдэг нь ухааныг хэрсэн мунхаг санаа гэсэн шүү юм даа. Түүний орчуулсан “Ганцаардлын зуун жил”, “Гашуун”, “Босуул” зэрэг ярилцлага, нийтлэлүүд ч уншсан хүнд өгөөжтэй. Андрей Вознесенскийн “Босуул” хэмээх ярилцлагаас,
Сурвалжлагч: Та тайзан дээр шүлэг унших гэж гарахдаа гартаа ном, цаас гэх мэтийн юу ч бариагүй харагддаг. Бүх шүлгээ цээжилчихдэг хэрэг үү?
Вознесенский: Шүлгүүдээ анх яаж бичсэн тэр л зарчим маань явж буй хэрэг. Яруу найрагч хүн шүлгээ оргүй хоосноос л олж бичдэг шүү дээ. Би шүлгээ бичиж дуустлаа үүгээр түүгээр холхиж, толгойдоо дахин дахин найруулж, өөр хувилбаруудыг солин үзэж, шинэ санаагаар баяжуулан зассаар байдаг. Харин нэгэнт түүнийгээ цаасан дээр буулгачих юм уу, дуу хураагчид уншчихсаныхаа дараа бол өөрчлөхийг ер хүсдэггүй. Гадаа бороо ороод л, дотор сэтгэл чинь тэр чигтэй бороошчихсон байх үеийн сэтгэгдэлийг нар гарсаны дараах хачин хуурай сэтгэгдэлээр засч болохгүй шүү дээ. Тэр бороо, тэр сэтгэл, тэр сэтгэгдэлүүд ахин хэзээ ч давтагдахгүй.
Миний бичвэр ч ийм сэтгэгдлээр бүтэж байна. Хожим энэ сэтгэгдэл давтагдахгүй учраас буулгахыг зорьсон юм. Тиймээс бичвэрийг ямар нэгэн төрөл зүйлд хамаатуулах гэсний хэрэггүй. /Шүүмж, судлал гэх мэт/ Хувь бичээчийн бодол сэтгэгдэлээр дамжсан өчүүхэн бичвэр гэж хүлээж авахад л болно. Өөрийнхөө хэрийг би мэдье. Дилан Томасын нэгэн шүлгээр дээрх яриаг өндөрлөе.
Нулимс минь шидэт сарнайн дэлбээнээс
Тасран урсах намуухан урсгалтай адил
Зүрхэнд минь үлдсэн цастай тэнгэрийн ан цаваар
Зүсрэн буух нь миний гансралын буулга
Дор эргэлдэгч дэлхийд хуруугаа хүргэвээс
Дорхноо тэр бутран унана
Төгсгөл нь хичнээн гашуун болоод үзэсгэлэнтэй байхыг
Төсөөлөн бодохоос зүүд адил түгшүүртэй...
Баясгалангийн орчуулсан шүлгүүдийн хөг аяс нь ийм. Дор эргэлдэгч дэлхийд хуруугаа хүргэвээс, дорхноо тэр бутран унана гэдэг шиг л. Өөрийнх нь итгэл үнэмшил, үзэл санааных нь төрх ч юм уу. Тэгж тааж байна. Хүний дотор руу хэнбугай ч өнгийж чадахгүй шүү дээ. Тэнд юу ч болж байсан, энд барагтай сонсогдохгүй. Сонсох ганц боломж нь яруу найрагчийн хувьд бол шүлэг. Гэхдээ тэр боломж ч хүн бүрт ижил тэгш биш. Шилдэг шүлгийн үнэ цэнэ ч энд оршдог болов уу. 
“Яг одоо төрж буй улаан нялзрай хүү
Яруу найрагчийн санаа алдалтыг голдоон тээж ирэхэд...”гэдэг шиг л юм. Яруу найрагчийн санаа алдалтаас юу эс гардаг билээ дээ.
Яруу найраг...Энэ бол
Цагийг захирагчийн хүйтэн мутраас
Цай уугаад үүрд унтахын
Бутарч үйрээд бүтэн үлдэхийн
Бусдаас өөр гунигаар үхэхийн
Нэр.
Өөрсдийнхөө амьдарч буй цаг хугацааг шүлэг, өгүүллэг, эсээ, туурь болгон хувиргаж, түүгээр амьсгалж, шаналж, баясаж, заримдаа зовлон мэт, заримдаа жаргал мэт санагдавч үүнээс илүү зол завшаан орчлонгоос олдохгүй. Олдсон энэ зол завшаанаа од шүүрсэн мэт атгаж сууна.
Огторгуйн сиймхийгээр...ихээ өндөрөөс
Оддын тоосонд дарагдсан ганц навч айсуй
Адтай салхинд хоргодоод, адгаж бужигнаж яваа ч
Амь судал халуухан, уймраа ганц навчаа...
Алгаан, зүрхээн, нүдээн тосоод би
Амьдралд нэг их хайртайгаа мэдрэх шиг л болов
Харь ертөнцийн гунигаас тасарч хийссэн навчийг
Халуун алгаараа би энхрийлэн тосов...(“Арван гуравдугаар сарын бороо” 2009.25х)
Энэ шүлэгнээс бүлээн салхи сэвэлзэнэ. Уйтгар гуниг нь шүлэг найраг болж харагддаг тэр ертөнцөө хүмүүс эргэж тойрч байгаасай. Эд юмсын орон зайд униар будан бүү хэл уймраа ганц навч ч тогтохгүй. Харь ертөнцийн гунигаас тасарч хийссэн тэнгэрийн хүйтэн навчийг алгандаа тосон авах, сиймгэр цонхоор нарны туяа асгараад ороод ирэх... Эмзэг, нарийн ийм сэрэхүйгээр амьдрал дүүрэн юм шүү.
Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаст руу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн сэжим бий гэдэгт
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдрал руу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа...”
(“Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” 2010.93х)
Уран бүтээлч хүний араншин энэ. Амьдралаас нүүр буруулсан биш, харин ч гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлсэн мөрүүд. Оюун санаа өөр газар очсон ч, оносон амьдрал нь ямагт даллан дуудаж байдаг. Даллан дуудах зүйл үгүй болвоос, хүний бодол ухаан хэтэрхий хийсвэр болно. Огт үнэмшилгүй, худлаа болно. Юунд ч юм итгэж байгаа учраас л ирээдүй байгаа. Хурууныхаа үзүүрээс уяатай алтан утасны хурмаст руу цойлсон нөгөө үзүүрээс атган суугаа...Юунд ч итгэхгүй юм бол яруу найргаар юугаа хийх вэ?
Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүүж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлүүлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Биенийхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин толины өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож...тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна...хурц мэдрэмж
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг...тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?
Нээрэн, амьдралд бид байдаг гэж үү? Байхгүй санагдах үе бий. Ямар үед тэр вэ? Дүр эсгэцээх үедээ, уулзах хүнийхээ таашаалд зориулан дуу хоолойгоо өөрчлөх үедээ, ухаантай болж харагдах гэж хичээх үедээ, үзэл бодлоо хэлж чадахгүй гөлөлзөн суух үедээ бид бүгд байхгүй болцгоодог. Би байна гэж бархираад ч нэмэргүй. Дээрээс нь нэрмээд хэлэхэд, өөрт байгаа зүйлээ өрөөлийн сүүдэр дор бээвийлгэх үедээ бүр байхгүй болдог. Дүйнгэ маанагаараа дуудуулсан ч хамаагүй дүмбийн суух, дүрсхийн шатах уур омгоо гялсхийтэл шидэх, хамгийн гол нь өөрийнхөөрөө бичих, ингэж чадвал бид байна. Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг биширсэн шиг л явцгааж байна даа бид чинь. Гэхдээ энэ нь хэн нэгнийхээ бишрэм сайхныг битгий олж хар гэсэн үг биш шүү. Харин эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татахгүй юу? Хурц мэдрэмж төрнө. Тэр эелдэг зөөлөн биш, эрс шулуун шүлэгтэй. Зөн совингоо чагнаж, дотоод эмзэглэлээ илүүтэй түшиж бичдэг шиг. Шүлгэнд нь хөнгөн зураглал, улигласан зүйрлэл, хуурмаг дүрслэл барагтай л бол харагддаггүй. Энэ хар даа.
“Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй
Хашааны завсраар яралзах нохойны соёо шиг эрэмгий цагаан өдрүүд
Харван дүүлж айсуй ирээдүйгээс
Харин чи бүү ай, ирээгүйгээс...”
Ирээдүй. Энэ үгний цаана асар их эрч хүч, илч дулаан нуугдаж байдаг билээ. Эрчим хүчээр цэнэглэгдсэн цаг хугацааны ай сав нүдэнд цэлийж, тэнгис далай цэнхэртэнэ. Давалгааных нь ирмэг дээр салхич шувуу суужээ. Салхич шувуу хөлөг хөвөх зүгийг заадаг бус уу? Сүүлийн үед түүнийг орчуулагч гэдгээр нь илүүтэй яриад байх шиг. Миний хувьд тэр бол яруу найрагч.
“...Хаа нэгтэй бүгэн буй бээрсэн болжморын нулимсаар
Хавь орчныг хуйхлам халуун бороо цутгаж байхад
Жигүүрт бүхний тавиланд атаархан байж цуглуулсан
Жижигхэн эрвээхэйсийн цогцоснууд номон завсраас үйрч байна
Алс тэртээх мартагналын мананд хувилж үлдсэн бүхэн
Агшны тунгалагшил болж зурсхийн гялбаад харваж одно
Гэнэтийн сонин учралд догдолхоо умартаад энэ муу зүрх л
Гэрлийн дор суухад ч бүдэгхэн, бүрэнхий, залхангуй лугшина...(“Арвангуравдугаар сарын бороо” 6 х.)
Сүмийн хонх шиг бүдэг алс
Зүүд хүслийг минь эзэмдэнэ
Сүүлчийн үг шиг үнэн
Яасан хиргүй орчлон бэ? /”Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг/
Өнөөгийн манай яруу найрагт нэг муу зуршил байнаа. Өөрт нь огт зохихгүй байхад л өрөөлийн юмаар хүүдэгнээд байх юм. Тийм шүлэгчид борооны дараах мөөг шиг олширлоо. Мөөг ч одоо тийм элбэг ургахаа больсон цаг! Заримынх нь нас намбанд ч тохирохгүй юм. Бусдын нөлөө туссан байлаа ч өөрийн мэдрэхүйтэй хүнийх бол өөр өө. Худлаа шүлэг хэцүү шүү. Тэгвэл Баясгалангийн үнэн,
Өрцөн цаанаа нэг тийм бүдэгхэн гэгээ, жижигхэн бүрэнхийг
Өөрийн чинь тухай хааяахан...гэнэтэд...санамсаргүй бодон суухдаа мэдэрдэг
Мэдрэх тусах бороо улам ширүүсч, цас лавсан бударч
Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрчихдөг...”(“Арвангуравдугаар сарын бороо” 18 х) гэсэн мөрүүдээр илэрхийлэгдэнэ. Ийм гуниг байхад яруу найрагч гутрана гэж үү? Мэдрэх тусам ширүүсч байгаа бороо, лавсан бударч байгаа цас...”ЯРУУ НАЙРАГ-БОРОО, ЦАС.” Энэ бодлыг минь нотлох гэсэн мэт өчигдөр орой бороо орлоо. Хаврын анхны бороо гээд хүмүүс сүйд. Би ч бас догдлоод харанхуй шөнөөр бороонд норон жаал зогслоо. Мэдрэх тусам бороо улам ширүүсч байв. Өдийд, гуравдугаар сарын дундуур бороо орно гэдэг...Шөнө нь бороо, цас болон лавсжээ. Өглөө босоод гадагш гарвал, нэлийсэн цагаан цас. Нүд гялбаад... БОРОО-ЦАС. Гуниг ийм өнгөтэй, ийм ширхэгтэй аж. 
Танихгүй хүмүүсийн дунд, гудамжинд
Инээгээд л, инээгээд л алхаад байлаа
Танил зөн гэнэтхэн эзэлж, хаа нэгтээгээс дуудахад
Тагтан дээрээс хэн нэгэн нисээд хөлийн минь дор буулаа
Хөшин зогтусаад ийш тийш хартал
Хүмүүс инээгээд л, инээгээд л байлаа...”(“Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” 2010.101 х) Тэмдэг төдий инээмсэглэл нүүрэндээ гэрэлтүүлээд алхаад л бай...алхаад л бай! Танил зөн хаа нэгтэйгээс нисэн ирнэ. Тэнгэр ойрхныг мэдэрсэн учраас өндөрт нисэж л таарна. Номуудыг нь уншиж суухад ийм л бодол төрлөө. Би төлөгч биш л дээ. Надад төрсөн үнэн л энэ. Худал гэж хүмүүс хашгирлаа ч миний үнэн бутрахгүй.
”Өөрийнхөө жинхэнэ дуу хоолойг олж авахын тулд өрөөлд хэрхэн сонсогдохыг нь ор тас мартах хэрэгтэй” хэмээсэн Аллен Гинсбергийн /Баясгалан орчуулсан/ үгийн үнэнд хүрлээ. Одоо тэр ийм л насан дээрээ явж байна. Номын хуудаснаас хөх шувуу дэрхийн нисэх цагийг л хүмүүс гайхамшиг гэж нэрлэдэг. Оюун санааныхаа хөх тэнгэрт, 
-Дүүлэн нис дээ, дүү минь!
НИС...НИС...НИС...
2014.03.13-16
П.Майнбаяр

"Аз жаргалтай төгсгөлүүд" ...


Манай бүлгэмийн гишүүн Урианхайн Алтан харуул овогт Б.Баясгалан удаах орчуулгын номоо уншигчдын гар дээр тавьлаа. "Аз жаргалтай төгсгөлүүд" нэртэй уг номонд өрнө, дорнын 10 зохиолчын 11 өгүүлэг багтжээ. 
Уг номыг орчуулагч Д.Дашмөнх хянан тохиолдуулж, БИТ пресс хэвлэлийн компанид хэвлүүлжээ.
Орчуулагч Б.Баясгалан өмнө нь "Эрдэнэсийн сан-Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолын 108 боть"-д зориулж Энэтхэгийн хөлгөн тууль "Махабрата"-гийн товч хувилбар тэргүүтэй долоон ном, зохиолч Майкл Морпүргогийн "Дайны морь" роман, "Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн" номууд орчуулсан нь уншигчдын хүртээл болжээ. 

ТАГТААДАА УРАН БҮТЭЭЛ НЬ ЯМАГТ ТӨГС ТӨГӨЛДӨР БАЙЖ, ОРЧУУЛГЫН УР УХААН НЬ УЛАМ ТЭГШРЭХ ЯРУУ САЙХАН ОН ЖИЛҮҮДИЙГ ХҮСЬЕ!
Дор, түүний шинэхэн хэвлэгдсэн "Аз жаргалтай төгсгөлүүд" номын эхэн, орчуулагчийн үгийг хүргэж байна. 


Их л зүрхшээн байж энэхүү бяцхан түүврийг уншигч таны гар дээр зориглон тавилаа. “Аливаа зохиолыг эхлүүлэх хамгийн хэцүү байдаг. Нэгэнт эхлэлээ олчихвол цааш хөврөөд л явчихна. Тийм ч учраас өгүүллэгийн түүвэр гаргах нь роман бичихээс хэцүү. Учир нь шинэ өгүүллэг эхлэх бүрт шинэ эхлэл, шинэ бүтэц, шинэ хэв маяг, шинэ түүхийг бодож олох хэрэг гардаг,” гэж Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркес хэлсэн нь буй. Өгүүллэгийн түүвэр орчуулах нь нэжгээд түүвэр бичихээс дутуугүй бэрх байсныг хэлэх юун.
Мөн орчуулах өгүүллэгүүдээ сонгохдоо өрнө дорнын шилмэл өгүүллэгүүдийг тэнцүүхэн багтаах гэж зорьсоныг маань эрхэм уншигчид анзаарах буй за. Чингэхдээ ахуй ертөнцийн нийтлэг сэтгэлгээг голоор нь зааглан оршигч оюун санааны энэ хоёр ай савын онцлогийг аль болох гаргаж өгөх болов уу гэж ихэд найдан байж дараах өгүүллэгүүдийг сонголоо. Зохиолчид нь ч тухайн орон зайндаа нэрийг олж, хүн төрлөхтөний сонорт алдараа дуудуулсан улс тул сонголтыг маань зөвтгөхөд нэгэн өнцгөөр тус болох биз ээ.
Ямар ч зохиолыг эх хэлнээс нь хөврүүлнэ гэдэг орчуулгын чанарын хувьд хамгийн чухал зүйл. Энэхүү түүвэрт дам эхээс орчуулсан нилээд хэдэн өгүүллэг багтсан нь орчуулгын алдаа мадгийн шалтгаан болуузай гэж болгоомжилж байна. Тиймээс мэргэн уншигчид эх хэлтэй нь боломжоороо тулган шүүж, орчуулгын тухайд санаа оноогоо хуваалцвал туйлын их талархана. Таны санал зөвлөгөөг bbayasgalan@rocketmail.com цахим хаягаар хүлээн авахдаа таатай байх болно.
Залуу орчуулагчийн хувьд нэгэн номыг туулаад гарахад олон бэрхшээл тулгарч байсан ч намайг үргэлж дэмжиж тусладаг ойр дотныхныхоо сэтгэлийн буянаар тэр бүхний ард гарлаа. Юуны өмнө удаан уулзаагүй байсан ч үргэлж дэргэд минь буй мэт халуун сэтгэлээрээ тулж, хэзээ ч утасдахад урам дэмээрээ тосоод авдаг номын эгч, зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг эгчдээ талархаж буйгаа илэрхийлье. Бас холын Америкаас зөвлөгөө заавраа харамгүй илгээж, алгуурлахад минь шамдуулж, залхуурахад минь шавдуулж, уран бүтээлийн ч, амьдралын ч сайн ах, сайн найз байж чаддаг зохиолч, орчуулагч, энэ номын ерөнхий редактор Д.Дашмөнх ахдаа үргэлж талархаж явдаг аа. 
Уран бүтээлч болох гэж гар гараасаа хөтлөлцөн яваа сайхан найзууддаа баярлалаа. Түүний дотор Хятад өгүүллэгүүдийг маань эхтэй нь тулгаж өгсөн Н.Энхбаяр найздаа цэг таслалын алдааг минь ч араас нь засч, дотнохон зэмлэж, залгаад урмын үгээ мартдаггүйд чинь баярлаж явдагаа хэлмээр байна. Япон өгүүллэгүүдийг орчуулахад японы соёл ахуйн талаар үнэтэй мэдээллүүд хуваалцан орчуулгын ажилд маань туслаж байсан А.Дайрийжавтаа бас талархлаа. Үргэлж дэргэд минь байж тулж түшдэг С.Саруултөгөлдөр, Ж.Тэгшзаяа нартаа хайртай. 
Эцэст нь өсөхөөс өдийг хүртэл халуун сэтгэлээр ачилж, хэнд тустай нь үл мэдэгдэх үйлд шамдан өдөр шөнөгүй цаас шагайж суудаг намайг зөнгөөр минь орхичихоод нүдээрээ, сэтгэлээрээ толгойг минь илж суудаг хайрт аав, ээж хоёртоо, энэ номонд техник редакторын үүрэг гүйцэтгэсэн ухаант эгч Б.Ариунбаяртаа өвдөг сөгдөн мэхийе! 

Орчуулагч Б.Баясгалан 

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ


Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шимтэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, орчуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг орчуулгадаа шингээдэг гэмээр санагддаг. Цаанаа л нэг амьтай бичлэгүүдийг нь унших тоолондоо түүнийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэгтэй гэж төсөөлдөг байлаа. Харин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үлдэх л гэж нийгмийн амьдралыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өндгөндөө өтөлсөн ангаахай гэж тодорхойлсон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямартаа ч би түүнийг уншигчийн хувиар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж боломгүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.

-Таны орчуулгыг би шимтэн уншдаг. Бүр, С.Есениний нэгэн шүлгийг таны орчуулгаар цээжилсэн. “Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой Цэнхэр нь дэндүү түүний нүд Гуниг харамсал өгөөгүй гэж үү” гээд л... Та яагаад орчуулга руу ингэтлээ тэм үүлсэн юм бэ?
-Их сургуулиа төгсчихөөд Үндэсний радиод нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээс холдож байгаа мэт санагдсан. Ялангуяа утга зохиолоос хөндийрөх юм шиг байна лээ. Тэгээд л өөртөө утга зохиолын хөдөлмөрөөр амьдрах үүрэг өгсөн дөө.
-Хэдэн хэл мэдэх вэ?
-Би тийм хэлтэй гэж хэлэх хэцүү. Монгол хэлээ ч төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй болохоор тэр. Гэхдээ англи хэл мэднэ. Одоо герман хэл сурч байгаа. Төвд хэл үзсэн мөртлөө ярианд хэрэглэдэггүй болохоор хэнтэй ярихаа мэддэггүй.

-Орос хэлтэй? 

-Үгүй.
-Тэгээд С.Есенинийг хаанаас орчуулсан юм бэ?
-Орос, англи бичвэрийг нь тулгаж байгаад орчуулсан. Орос хэл дээрх кино үзээд 70 хувийг нь ойлгочихно. Бас франц, нидерланд хэлээр ойлгоно. Харин текст бариад суухаар түвэгтэй байдаг юм.
-Эхний ажил тань юу байв?
-Мэдээж залуу хүн болохоор шууд л роман нухаад сууна гэж юу байх вэ. Орчуулга гэдэг миний хувьд утга зохиолын салбарт хөлөө лавхан шиг зоох боломж байлаа. Бас энэ л талбараас хоолоо олж идэж, уран зохиолын хөдөлмөрөөр амьдрах, үргэлжид уран бүтээлч байх хүсэлд маань маш бат бөх, зөв үндэс суурь болж өгсөн шүү.
-Зарим хүмүүс бичлэгийн хэлбэрт орчуулгын хэлбэр нөлөөлдөг гэдэг юм билээ.
-Зөв эхлэл гэдгийг би уран бүтээлчийн замналд гэдэг утгаар хэлсэн юм аа. Түүнээс бичлэгийн хувьд зөв эхлэлийг орчуулгаас хайсан юм биш. Хүмүүс тэгж ярьдаг л юм. Миний хувьд нөлөөлж мэдэгдсэн юм одоогоор алга.
-Та ямар ажил хийдэг юм бэ. Дандаа л юм бичээд байдаг хэрэг үү?
-Би гэртээ суугаад, дан орчуулга хийдэг ш дээ. Хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг анхаараад л...
-Тэгээд зөвхөн орчуулгаараа мөнгө олж, амьдралаа залгуулдаг гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна.
-Амьдралд чинь хүрэлцэх үү. Жилдээ хэчнээн ном орчуулдаг вэ?
-Гурав, дөрвөн ном орчуулна. Гэхдээ яг тогтсон орлого, тогтсон ажлын төлөвлөгөө гэж хаанаас байх вэ дээ. Аав, ээжийнхээ элгэнд амьдарч байгаа залуу хүн тулдаа л болж байна. Байр, хоолны мөнгө гэж санаа зовох зүйлгүй тулдаа олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө бөөцийлөөд яваад байгаа юм. Тусдаа амьдрал зохиогоод эхэлбэл асуудал өөр болох байх. Ер нь өөрийнхөө хүсч дурласан зүйлсээ л орчуулах юмсан гэж боддог. Хажуугаар нь амьдрах хэрэгтэй, болохоор ганц нэг компанитай гэрээ хийж ном орчуулах юм даа. Нэг номноос нөгөө номын хооронд өөрийнхөө “жинхэнэ” уран бүтээлийг хийнэ. Гэвч тэднийгээ хэвлүүлж байгаа юмгүй хураагаад дараад байна шүү.
-Үнэ хөлс нь хэр байх вэ?
-Бичлэгийн төрөл, текстийн хэмжээ, хүнд хөнгөн аль нь вэ гэдгээс хамаараад янз бүр. Нэг ном орчуулахад дунджаар нэг сая хоёр зуун мянган төгрөг юм уу даа.
-Бага байна шүү дээ. Орчуулгын номыг ахин дахин хэвлэдэг биз дээ?
-Орчуулагчид бид чинь ингэж л амьдардаг шүү дээ. Миний орчуулсан ном хэдэн хувь хэвлэгдэж, хэчнээн нь борлогдох нь хэвлэлийн газрын мэдлийнх. Угаасаа гаднын зохиолчид хувь хүнтэй хамтарч ажилдаггүй. Ялангуяа одоо амьд сэрүүн байгаа, бичгийн ажлаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа зохиолчийн номын эрхийг заавал хэвлэлийн газартай гэрээ байгуулж өгдөг юм. Манайд бол “Непко”, “Адмон” гэдэг хоёр хэвлэлийн газар л ном хэвлэх эрхтэй.
-Тэгэхээр та хувиараа ном орчуулбал зохиогчийн эрх олдохгүй нь ээ?
-Хамгийн сүүлд би Туркийн Орхан Памук гэдэг зохиолчийн “Цас” хэмээх анхны бөгөөд сүүлчийнх нь улс төрийн сэдэвт романыг орчуулсан. Энэ зохиолч 2006 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Хэвлэх эрх нь байхгүй болохоор хав дарчихаад л сууж байна. Мэдээж энэ номоо хэвлүүлэхийн тулд томхон хэвлэлийн компанийг түшиглэж байж, зохиогчийн эрх авна. Энэ жилдээ багтаан хэвлүүлэх санаатай.
-Яагаад энэ романыг сонгосон юм бэ?
-Туркийн нийгмийн байдал манайхтай төстэй. Шашин болон Европын соёлын нөлөөгөөр ард иргэдийн сэтгэл зүй нь хоёр хуваагдчихаад байгаа юм. Нэг хэсэг нь эх орондоо гаднын соёл нэвтрүүлэхийг хүсэж байхад өөр хэсэг нь түүх, соёлоо хамгаалан үлдэхийн тулд уламжлалаа хадгалах хүсэлтэй. Үүнийг зохиолч Орхан Памук тун гярхай харж, бичсэн байна лээ. Мэдээж Орхан Памукд өөрийн гэсэн үзэл баримтлал, хүсэл байгаа. Гэсэн ч улс орныхоо ирээдүйн төлөө энэ байдлыг өөр хүний нүдээр, эгц дээрээс нь харж байж гаргалгаа хийжээ. Тэгээд л би улс төрийн сэдэвтэй энэ романыг сонгож орчуулсан юм. Хэдийгээр Турк, Монгол хоёр өөр өөр нөхцөл байдалтай, биеэ даасан тусдаа үндэстэн хэдий ч тулгарч байгаа асуудал нь ижилхэн. Манайхан үүнийг уншаасай гэж хүсье.
-Янз бүрийн цаг үед олон янзын хэлээр туурвисан зохиолуудыг барьж авахдаа үг сонголтуудыг зохиол бүр дээр өөрөөр хэрэглэх үү?
-Яг тэгнэ. Саяхан би Японы эртний харваачийн тухай ном орчуулсан. Энэ бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж суухдаа дорно дахины өнгө аяс оруулахын тулд эртний Хятадын зохио лоос эхлээд харваачдын ту хай судалж байгаа юм. Тэгж байж уугуул үг хэллэгийг сонгож, бичлэгийн хэвээ Дор нын өнгөтэй болгоно. Харин барууны орчин үеийн өгүүлэмжтэй зохиол орчуу лахдаа уур амьсгалыг орчин үеийн, хөнгөн болгоно.
-Толь хэрэглэдэг үү?
-Хэрэглэлгүй яах вэ. Толь барьж суудаггүй орчуулагч нэгийг л мэдэх юм байна. Испанийн нэг орчуулагч байдаг юм. Мэдэхгүй үг гарч ирвэл тэндээ гацчихдаг гэсэн. Олон хоног тэр үгээ бодож яваад, бүр эрж хайж олдог юм гэсэн. Харин миний хувьд толь харалгүйгээр орчуулга хийх хэцүү. Ялангуяа мэргэжлийн нэр томъёо.
-Хамгийн сүүлд ямар ном орчуулав?
-Өөрийн сонголтоор дэлхийн шилдэг зохиолчдын өгүүллэгээс орчуулж, “Аз жаргалтай төгсгөл” түүвэр бэлтгэсэн. Нэрнээс нь харвал дандаа аз жаргалтай төгсдөг өгүүллэгүүд байна гэж бодох байх. Удахгүй хэвлэгдэнэ.
-Та шүлэг, өгүүллэг бичдэг. Яруу найргийн номоо гаргасан уу?
-Би яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмд харьяалагддаг. Манай бүлгэмийнхэн бүгд тус тусын номтой. Бас бүлгэмийн антологитой. Хамгийн сүүлд би “13 дугаар сарын бороо” номоо хэвлүүлсэн. Одоо ойрын хэдэн жилдээ ном бичихгүй гэж бодож байгаа.
-Яагаад?
-Хүн өөрчлөгдөж, өмнөхөөсөө ялгарч байх хэрэгтэй. Одоо ном гаргана гэвэл өмнөхтэйгээ ижилхэн сэтгэл санаагаар туурвисан бүтээл болчих гээд байна. Бид амьд байгаагийнх нэг цэгээс нөгөө цэгт шилжсэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Амьдралын нэг мөчлөгөөс нөгөө мөчлөгт шилжихгүй бол заавал ном гаргах хэрэггүй мэт санагддаг.
-Та тэгээд одоо амьдралаа өөрчлөгдөхийг хүлээж байгаа юм уу?
-Тийм, тийм.
-Таны амьдрал өөрчлөгдөхөд хэчнээн хүчин зүйлс нөлөөлөх бол?
-Гадаад ертөнцөд өрнөж байгаа амьдрал нэгэн хэвийн санагддаг. Харин жинхэнэ өөрчлөлт дотроо л байдаг юм шиг ээ. Дотоод ертөнцийг хөдөлгөөнд оруулна гэвэл маш олон хүчин зүйлс багтах биз дээ.
-Дотоод ертөнц тань хэдэн удаа хөдөлгөөнд орж байсан юм бэ?
-Цөөхөн байх аа. Амьдралын хүчтэй донсолгоонууд л намайг их өөрчилдөг. Жишээ нь би гуравдугаар ангид байхдаа эмээгээ алдчихаад нэг их өөр болсон. Түүнээс хойш шүлэг бичиж эхэлсэн. Есдүгээр ангид байхдаа Б.Одгэрэл ахын номыг уншчихаад яруу найргийн талаарх бодол маань өөрчлөгдсөн. Яг л дотор минь огт өөр зүйл ороод ирчихсэн юм шиг болно. Эцэстээ хүмүүс бүхнийг мэдэж гүйцэхгүй болохоор нэг сэдвийг барьж аваад, түүгээрээ гүнзгийрэхийг хүссэн дээ.Тэр нь утга зохиол байж таарсан.
-Гэхдээ эсрэгээрээ утга зохиолыг туурвихын тулд бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй биш үү?
-Утга зохиол хүний бүхий л амьдралыг хамардаг учраас өргөн мэдлэг шаардана л даа. Гэхдээ би уран зохиолд гүнзгийрэх гэж байна гээд мал аж ахуй судлаад байх шаардлагагүй шүү дээ. Л.Борхесийг орчуулах юмсан гэж олон жил бодлоо. Гэхдээ Л.Борхесийг орчуулахын тулд эртний Грекийн уран зохиолыг нэвт шувт уншихаас өөр аргагүй болж байна. Барууны уран зохиолыг уншихын тулд Библийг судлах хэрэгтэй болсон. Ингээд зарим салбарт нэвтрэхээс аргагүй л болж байна. Ялангуяа байгалийн шинжлэх ухааныг мэддэг байвал уран зохиолын бус орчуулгад хэрэгтэй гээд л... Бас хошин шог орчуулах хэцүү. Үндэстэн бүрийн уур амьсгалаар хөгждөг болохоор тэр байх. Үг, хэлийг орчуулаад байж болохгүй.
-Тэгэхээр зохиолын амин сүнсийг нь барьж орчуулах хэрэгтэй болох нь ээ?
-Зохиолын уур амьсгал, сэтгэлийг буулгах хэрэгтэй. “Шинэ хэл сурч шинэ сүнстэй болохтун” гэж үг бий. Яг түүн шиг амин сүнсийг нь мэдрэх хэрэгтэй юм болов уу.
-Таны бичиж байгаа зүйлс сүнстэй юу?
-Сүнстэй л гэж боддог ш дээ. Бусдын бичсэнийг хөрвүүлж байгаа хүн заавал сүнстэй байдаг.
-Таны сүнс эрэгтэй, эмэгтэй зохиолчийн алийг нь гаргууд “таньдаг” бол?
-Эмэгтэй яруу найрагчдад дуртай. Бас эрэгтэйчүүдийн үргэлжилсэн үгийг барьж авах гээд байдаг талтай. Гэхдээ миний шүлгийг эрэгтэйлэг гэдэг ш дээ. Эрэгтэй сүнсээр бичиж чадах байх аа.
-Таныг шинэ үеийн яруу найрагч гэдэг. Ер нь ингэж үе болгон хуваагаад байдгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Оросын утга зохиолынхныг алтан үе, мөнгөн үе гээд л 100, 100 жилийн зайтай хуваадаг. Харин бид 100 жилийн дотор гурав, дөрөв хуваачихаж байна. Бидний дараа үеийнхэн 100 жилд багтаагаад нэг үе болгочихож мэдэхээр юм. Тиймээс яруу найргийг үечлэх юм бол түвэгтэй болоод явчихдаг. Би өөрийгөө нэн шинэ үеийн яруу найрагч гэж хэлүүлэх дургүй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-50, 60 жилийн дараа ч гэсэн одоо байгаа амьдралынхаа хэв маягийг алдахгүй байх.
-Хүүхэдтэй болохоор амьдралын хэмнэл чинь өөрчлөгдөнө дөө.
-Тэр л хамгийн том асуудал болчихоод байна. Гэхдээ эргээд энэ хэв маягтаа орж болох байх шүү.
-Тэгвэл ойрын төлөвлөгөө?
-Хүмүүс жил болгон сайн ном гаргаад байх нь бий. Харин би өөр хүн юм шиг байна лээ. Уран бүтээлч эрэл хайгуул хийдэг хүн биш. Хэзээ хаанаас ямар санаа орж ирэх юм бол гээд хүлээгээд байдаг. Тэр санаа нь орж ирэх нь ч ховор юм. Тэгэхээр ном гаргах зай маань таван жил л байх болов уу.
-Үнэхээр юу ч бичиж чадахгүй болдог үе байдаг шүү. Бүр хоосон цаас ширтээд л суугаад байдаг...
-Надад бас тийм үе зөндөө бий. Гэхдээ би үүнийгээ орчуулгаараа нөхдөг юм. Орчуулга их зүтгэл шаарддаг. Тухайлбал, Мишимагийн зохиолыг орчуулна гэвэл түүний туурвил зүйтэй бичлэгийн хэлбэрээрээ тэнцэж байж л орчуулна. Тийм болохоор орчуулга өндөр стандартаар бичих дасгал болдог. Тэнгэрийн эрхшээлийг хүлээж суух зуураа орчуулга хийгээд байх нь чухал юм уу даа. 

Уншаад л, уншаад л, гайхан бишрээд суумаар зүйлсийг тэр үл таних уншигч нартайгаа хуваалцдаг. Нэг танил маань түүнийг бичдэг шигээ намуухан ярьдаг болов уу, гэж асууж байсан юм. Миний анзаарснаар Б.Баясгалан шүлэг шигээ яруу, үргэлжилсэн үг шигээ тод ярьдаггүй юм билээ. Харин өөрийнхөө толгойд эргэлдэх үй түмэн хүсэл зорилго, бодол эргэцүүлэл шигээ эмх цэгцгүй ярьдаг юм шиг ээ. Бидний уулзалтын дараа Хүүхдийн шилмэл 108 зохиолын Эрднэсийн сан цувралын “Махабхарата” номыг надад бэлэглэсэн юм. Энэ цувралын найман ботийг орчуулсан тэр бээр хэзээ ч орчуулгаараа онгирч байгаагүй. Хэчнэээн шалаад ч орчуулсан номныхоо тоог хэлээгүй. Ямартаа ч түүний орчуулсан “Яруу найрагч” хэмээх Солонгос киног үзэж суухдаа уншаад л, уншаад л баймаар хүсэл минь улам ундарсан юм шүү.

Т.Нипонь /ӨНӨӨДӨР СОНИН/

Эмгэнэлийн үр хөврөл

Сайхан анд О.Элбэгтөгсийн шинэ ном хэвлэгдэн гарчээ. Нэр нь "Эмгэнэлийн үр хөврөл". Редакторлах буюу хянан тохиолдуулах үүргийг мөхөс надад үүрүүлсэн юм. Ийм үүрэг хүлээсний хувьд шүлгүүдийнх нь тухай өөрийн сэтгэгдэлээ ч номын хойно хавсаргасан буй. Андын номын тухай илүү ихийг өгүүлэх хүсэл байвч номонд нь дайсан үгэн дээрээ нэмж олныг нурших нь ганц хүний хувьд хэтэрхий толгой зан гаргасан хэрэг болох вий гэж эмээв. Тиймээс номонд багтсан үгээ энд тэр чигээр нь орууллаа. Эл үгсийг зөвхөн уг номыг уншсан хүмүүст зориулсан бөгөөд тиймдээ ч номынх нь өмнө бус ард оруулсан хэрэг. Уншиж амжаагүй хүмүүс мөнхүү бичвэрийг алгасаад дор оруулсан ганц шүлгийг уншчихаж ч болох.., Энэ ном миний үгээр бус таны нүдээр уншигдах тэр мөчийг хүртэл номын тухай яриагаа түр завсарлачихаж ч болох. Гэхдээ л бидний дунд тийм нэг яриа өрнөх нь эс таслах болзоо шиг.., энэ номын дотрох шиг.., ЭРГЭЛЗЭЭГҮЙ байх болтугай.


Ганцаардал түүний гарал угсаа

Эрхэм уншигчаа! Энэ номын хувьд миний бие таны л нэгэн адил жирийн уншигч гэдгээ эхлээд хэлье. Та бид хоёр театрт тохиолдлоор зэргэлдээ суугаад жүжиг үзэж буй үзэгчид мэт энэ номыг ч бас хоёр талаас нь уншиж байна. Тиймээс жүжгийн дундуур чанга ярьж таныг үймүүлэх учиргүйн адил номын эхэнд тод дугарч өөрөөрөө уншихад тань саад болохыг хүссэнгүй. Харин жүжиг төгсөхөд та зэргэлдээ суусан над руу сая л нэг харцаа шилжүүлээд “Таньд ямар санагдав?” гэж асуух мөчтэй давхцуулан номоо уншаад дууссаны тань дараа өөрийн сэтгэгдэлээ найрсагаар хуваалцаж буй минь энэ юм шүү.

Юун түрүүн намайг хамгийн ихээр гайхашруулж, хуудаснаас хуудсанд шимтүүлэн татсан зүйл бол энэ номын цул, бүхэллэг чанар юм. Хаврын нэгэн өглөө гэрээсээ догдлон гараад:
“Ай уулнаа гэрлийн тэмтрүүлт саран хоноглоход хонхон цэцгүүд
авиа өгөх тэнгэрийн зүг нисэх мэт гайхалтай ертөнц амгалан уу?...” хэмээн гэгээн тунгалаг сэтгэлээр хорвоо ертөнцтэй мэндлэн аян замаа эхлэж буй хэрмэл залуу эр... Мандалговийн гудмаар тухайлсан зорилгогүй алхалж, яруу найрагч шиг амьдрах гэсэндээ архины гуанзны хаалга савчуулан, орой нь гэрийнхээ гадаа, сарны гэрэлд савтай нэрмэл шимэнгээ эрт багын хайраа санагалзаж, түүнээ үргэлжлүүлэн зүүдэлж, сэрээд хуучин бүхнээсээ хагацахыг хүсэн хачин ихээр адгаж, яруу найргаар “өвчилж”, сонсогчгүйгээр философидож.., амьдрал, үхэл, хайр дурлалын тухай амжиж баахан санааширч, өвчин нь үгдэрхэд эмнэлэгт хэвтээд, ээжээрээ асруулан аавыгаа үгүйлэх... Бас эргэлтийн цонхон дээр хэнийг ч юм хүлээнгээ ирээдүйн эхнэрээ шар халаадтайгаар төсөөлж, хүүдээ аялах бүүвэйг ч бас бодож олоод эг маг инээхчээ аядан сэтгэлээ баясгах...
Ахиад л Мандалговийн буйдхан гудамжууд... Тухайлсан зорилгогүй тэрээр гэрээсээ гарч, гудамж гороолж, өт хорхойтой ярилцан, хүмүүсийг шоолж, хэрээний бодлыг уншаад, орой нь жаалуудтай хамт зурагтын өмнө суугаад дональд галууг үзэн нулимсаа гартал инээнгээ нөхдөө дурсаж.., тэрхэн мөчдөө өөрийгөө хамгаас үл хамаарах гэгээнтэн мэтээр сэтгэх... Маргааш нь ахиад л тухайлсан зорилгогүй тэрбээр гэрээсээ гараад Мандалговийн гудамж, кинотеатр, Энтрактийн оршуулгын газар, Нийтийн халуун ус, нойтон бүрээ... Үхмээр санагдсан шөнүүдэд өвдгөө тэврэн сууж, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсөдийн сүнстэй ярилцаж, ааваа хашхичин дуудах... Тэгээд нам гүм... нааааааааам гүмммммммм... Номын сүүлчийн хуудас эргэлээ... Одоо уйлмаар санагдаж байвал та О.Элбэгтөгсөөс эхтэй эмгэнэлийн үр хөврөлийн тээгч нь гарцаагүй болжээ. “Чимээгүй хот”-ын гүн дэх эмгэнэлийн үр хөврөл яг ийм л цул юм.

Ямар ч урлагт “Үнэн” гэдэг бол хамгийн том шалгуур. Үнэнээс гажсан урлаг удаан оршиж чадахгүй. Яг үүн лугаа яруу найргийг бүтээхэд ч үнэний шалгуур хамгийн эхэнд тавигдах учиртай. Тэгвэл О.Элбэгтөгсийн шүлгүүд яаж хэлбэрээ өөрчилж, хэмнэлээ “буруулж”, утга санаагаар салааллаа ч явж явж бүтээгчийнхээ тухай хуудуугүй үнэнийг л бүрэн дүүрэн өгүүлж нэгдэцгээдэг нь гайхалтай чанар. Ингэж дүгнэхдээ хэтэрхий итгэлтэй байгаа маань түүнийг чамлахааргүй мэддэгт юм. Ихэнхидээ л хүүхдэрхүү зөөлөн төрхтэй ч бүүр цаанаа нэг тийм араатан сэрэхүйн оч дөл нуугдсан мэт харц, уруул, шүдийг нь, хааяа яг тийм байгалийн догшин амьтны гэмээр нууцлаг төрхтэй ч, дөнгөж цаана нь асар зөөлөн, дэндүү хүүхдээрээ сэтгэл тээсэн андын минь илт зөрчилтэй мөн чанарыг ил тодоор тээн ирсэн түүний шүлгүүдийг анхааралтай уншвал таньд эзнийхээ тухай мөн ч ихийг хүүрнэнэ дээ. Түүний баяр хөөр, хайр сэтгэл, ололт нээлт, уналт ганцаардал бүхэн бидний өмнө алган дээр тавьсан мэт ил оршиж, “Та ч бас надтай адилхан, тийм үү?” хэмээн асуугаад уншигчаа толгой дохихоос өөр аргагүйд хүргэж буй нь гагцхүү “Үнэн” гэж гайхамшигт их хүчний увидас чадал юм.

Аль ч үед уран зохиолын гол цөм нь хүний сэтгэл дотрох олон янзын зөрчилдөөн байсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ. О.Элбэгтөгсийн шүлгүүд ч бас тэрхүү зөрчилдөөнүүдийн илрэл. Түүний шүлгээс гунигтай, ганцаардмал, шазууртай тэгсэн атлаа эрхэлж өссөний ул мөр нилээд эмзэг сэтгэлтэй нэгэн залуугийн:
... Ганцаардал цөхрөлийн алин боловч
гаргасан уураа амгаланд тооцох... мэт олон өнгийн аяг авир, дотоод зөрчлийг олж уншина. Угаасаа ч тэр өөрөө бөөн зөрчилдөөн. Дээр өгүүлсэнчлэн Мандалговийн гудамжаар маш гунигтай сэлгүүцэж, яруу найраг шиг амьдрах гэсэндээ архины гуанзны хаалга савчин, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсөдийн сүнстэй ярилцах тэр залуу:
...Надтай хамт Дональдыг үздэг хүүхдүүд байдагт би баярладаг
Наадаг зургаар нь ханаа дүүргэсэн хүүхдүүдийг би танина
Гарын үсгийг нь авч байна гэж би өнөө хэр зүүдэлдэг
Гар барьж үзсэн хүүхэд өглөөхөн надтай тааралдсан... хэмээн бичихэд та гайхах хэрэггүй. Үнэндээ энэ бол андын маань дотор орших хамгийн “гоё зөрчил” юм. Ямар ч үед хүүхэд насны суу билгээ хадгалсаар байна гэдэг яруу найрагчийн хувьд хамгийн талархууштай чанар. Тэр амьдрал дээр ч мөн тийм л хүн билээ.

Харин шүлгийнх нь онцлог, арга барилын тухай зохиогчоос нь урьтаж мэдэмхийрэх нь зохисгүй. Хүмүүс түүнийг бусадтай адилтгах юм уу шүлгийнх нь хэлбэрт илүү анхаарлаа хандуулах нь харагддаг юм. Гэхдээ дээрх бүхнээс илүүтэйгээр текстийнх нь сонирхолтой шинжүүд миний анхаарлыг илүүтэй татдаг. Хайрцаглал, ягшмал холбоц, дүрэмгүй түүний шүлгүүд дунд:
“... Зогсоо зайгүй түлхэлцэх хүн голын урсгалд шахагдсаар
заасан шугамыг даван гишгэхэд, жижүүр авгай
Давидын бэлэг эрхтнийг илбэх мэт мойног хуруугаараа
далан таван номерийг заахад дуулгавартай цэрэг
даргынхаа тушаалыг авсан мэт яаран орох нь хүртэл
дандаа ижилхэн давтагдаад байгаа мэт ой ухааныг
дансны аргаар бага багаар нь чимхэн хороох
даанч харамсмаар, гомдмоор энэ амьдралтай
“Дайн зарлах хэрэгтэй” гэсэн уриалгатай санал нэг
олон арван хүмүүс нийтийн халуун усны газраас
малийтал инээсээр гарч ирэхдээ бүхнийг умартаад
эртхэн харьж зурагтынхаа өмнө тухлан суугаад
эрх жаалуудаа ирэхээс өмнө эротик кино үзэхээ чухалчилж
яаран сандарч таксинд гар өргөж гэрээ зүглэхтэй
яг адилхан би хаашаа ч юм бэ тэмүүлээд
өмнөх бодлууд үүл шиг хуралдахаа болиод
өөр шинэ санаа, сэдэл сэрэл өдөөж, сэтгэл гижигдээд
энэ байгаа амьдралынхаа эзэн нь хэмээн омогшоод
эрх чөлөөг эдлэхээр, эхнэрийнхээ өвөр лүү шургана” /Нийтийн халуун усны газар. ...-р тал/ гэхчлэн хоорондоо утгын нягт уялдаатай ч дагуулан уншаад байхад дундаас нь алдаад төөрчихмөөр хэдэн мөр дамжсан адармаатай том өгүүлбэр цохиж явах нь энүүхэнд. Фолкнерийн романуудыг уншихад л иймэрхүү ороолдож сүлжилдсэн нүүр нүүр өгүүлбэртэй таардаг даа. Тэгтэл О.Элбэгтөгс энэ найруулгыг романд биш яруу найрагт хэрэгжүүлээд, гол нь чадаад байгаа нь их сонирхолтой.

Гол учир нь өгүүлбэрийн томдоо биш л дээ. Энэ том өгүүлбэр ямар нэгэн хаалт саадыг зад татах мэт, хориглолтгүйгээр урсан хэлэгдэж байгаа тэр эрчимд л нэг нууц бий. Үүнийг гүйлгээ ухаан, ухамсарын урсгал.., ер юу гэдэг ч бай, санамсаргүйгээр урсгаад өнгөрсөн үгэн үер биш болох нь унших бүрт ноттой болж буй нь л их чухал.

Ухамсарын урсгал гэснээс түүний шүлгүүдэд бас зөн билиг, далд ухамсар, ухамсаргүй сэтгэлийн тэмдэглэл үү гэмээр текстүүд элбэг тохиолдох аж. Тийм мэдрэмжийн өндөрлөгт нэг бол галзуу хүн, эсвэл уран бүтээлчид л хүрч чаддаг гэдэг. Францын философич Жак Лакан “Ухамсаргүй сэтгэлийг гагцхүү хэлний тусламжтайгаар бүтэцчилэн, барьж авч болно.” гэж үзсэн байдаг нь Элбэгтөгсийн яруу найргийн хэлэнд зарим талаар хамаарч болох юм. Лакан яагаад ингэж үзсэн нь тун сонирхолтой. Учир нь галзуу хүнээс юу хүсч, мэдэрч байгааг нь, юу зүүдэлснийг нь асуухад тэд өөрсдийн мэдрэмжээ үгээр төвөггүй илэрхийлж чаддаг. Тэгвэл тийм барим тавим, нам хийгээд өндрийн мэдрэмжийг эрүүл сэтгэлгээгээр барин авч, үгээр “кодлох” чадвар нь яруу найрагчдад илүү хөгжсөн байж ч мэдэх юм. Энэ утгаараа “Эмгэнэлийн үр хөврөл” бүхэлдээ тун боломжийн судлагдахуун болж ч магад. Тэгээд ч 20-р зууны хагасаас хойш утга зохиол гэдэг нэршил дан ганц уран зохиолын бичвэрийг илэрхийлээд зогсохгүй, философи, антропологи, сэтгэл судлал зэрэг бусад салбарын судлагдахууны төвд орсон, бие даасан өвөрмөц хэл болсон билээ.

Ингэхэд энэ номоос анзаарсан өөр нэг зүйлээ хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Номын зохиогч өөрийгөө сармагчнаас бус ганцаардлаас үүсэлтэй гэж боддог ажээ. Энэ нь:
...гадаад ертөнцийн хамаарал бүхнээс
ганцаардал миний гарал угсаа гэх юм уу, эсвэл
Бид хоосон хийгээд уйтгараас бүтэж бүрэлдсэн
Биднийг ховсын хүч, хараалын шид өсгөж хүмүүжүүлсэнээр... гэх зэргээр шүлэглэсэнээс нь харагдана. Өөрийгөө ганцаардлаас гаралтай хэмээн итгэх нь угтаа “яруу найрагч” гэж итгэхтэй агаар нэг юм. Учир нь яруу найраг бол ганцаардал. Гарал угсаагаа тийн тодорхойлж чадсан хүнд яруу найрагчийн замналаар эргэлт буцалтгүй замнахаас өөр юу үлдэхсэн билээ.

Учир иймд уран бүтээлийн хоёр дахь номоо уншигчдадаа өргөн барьж байгаа анддаа сайныг ерөөх л үлдлээ. “Яруу найргийн ном хэвлүүлнэ гэдэг халил өндрийн дээрээс сарнайн ганц дэлбээ шидчихээд ямархан чимээ гарахыг нь чагнах гэж доош тонгойхтой л адилхан юм” гэж Америкийн нэгэн зохиолч хэлсэн байдаг. Зарим хүн нэг арвай булаад арав болохыг нь хүлээж, зарим хүн хоёр зоос өнхрүүлээд хорь болохыг нь хүлээнэ. Гэтэл бид тэдний чөлөөнд сарнайн ганц дэлбээ тасдаж нисгэчихээд чимээ гарахыг л хүлээцгээж суугаа. Яруу найргаас хариу юу ч “шаардаагүй” яг энэ үедээ л бид ЯРУУ НАЙРАГЧИД байсан гэдгийг харин цаг хугацаа гэрчилнээ, анд минь.

“Хөх мэдрэхүй” бүлгэм
Б.Баясгалан

ОДОО Ч ГЭСЭН ЦҮНХНЭЭС ТАНЬ
АЛИМ УНАСААР БАЙНА

Аавдаа зориулав

Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж, ээж минь өтөлсөн
Амгалан инээмсэглэх таны зурагтай үргэлж ярилцдаг
Хэн нэгний зохиосон хувь тавилангаар замнаагүй, хүү нь
Хэлж сургасан бүхэн тань үнэн байсан гэж хэлж чадахгүй

Алхам тутамд тулгарах худал хуурмаг бүхнээс зугатах гэсэн
Аргаа барсан хүсэл минь амиа хорлох өчүүхэн оролдлого
Гэвч би таньд, бас ээждээ, гэрэл гэгээ, ертөнцөд хайртай
Гар минь мэс атгаад л үүнийг ухаарсан, яг л гэгээрэл шиг

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
"Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ."

Таны алхдаг гудамж, таны ажлын газар, танил найзууд
Танихын аргагүй их өөрчлөгдсөн. Олны хөлд элсэн.
Орон гэрийнхээ босгыг л таних байх, таниас хойш
Орж гардаг хүмүүс ховордсон. Бороо орох нь цөөрсөн.

Зүүдэг зангиа, өмсдөг малгай, зарим нэг хуучин цамц
Зүүд аргаддаг дээл тань дэрэн дор минь одоо ч бий.
Дуу хоолойг тань мартчих вий гэсэн айдас эзэмдэхэд
Дуу зохиож таны хоолойгоор дуулаад үр нь тайвширна
Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
"Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ."


2011.03.25
"Эмгэнэлийн үр хөврөл" номын 27-р тал

Powered by Blogger