Эмгэнэл



Монголын уран зохиол, шүүмжлэлт сэтгэлгээ нэгэн гэгээн оюун санаа, түшиг тулгуураасаа хагацав. Билгийн тоолол, төгс буянтын зурхайгаар намрын адаг сар хангирсан одож, Суут богд эзэн Чингис хааны мэлмий гийсэн тохиолт өдөр ирэхээс гуравхан хоногийн өмнө “Монгол эрхи товчис”-ыг шүүн тунгаагч билигт хүмүүн бидний дундаас халин одов.
Шинэ цагийн Монголын уран зохиол, шүүмж судлалын нэгэн их салаа мөчир болсон эрхэм хүмүүн Чойжилжавын Билигсайхан аргын тоололын 2012 оны 11 дүгээр 11-ний өдөр хүний хорвоог орхилоо.
Ч.Билигсайхан бээр 1946 онд Хөвсгөл аймгийн Галт суманд мэндэлжээ. 1970 онд онд МУИС-ыг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 1973 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсөн судлаач, шүүмжлэгчийн хэргэмтэй болжээ. 
Ажил амьдралын гараагаа Мөрөн хотын дунд сургуулийн багшаас эхэлж, 1973 оноос “Утга зохиол” сонины нарийн бичгийн дарга, 1981 онд Монгол телевизийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Ч.Билигсайхан бээр урлаг, утга зохиолын салбарт ийн хүч хөдөлмөрөө зориулахын сацуу эдүгээг хүртэл МУИС-ийн төрөлх тэнхимдээ багшилж, эх хэл, утга соёлын олон мянган мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оройлон зүтгэснийг нь үндэслэж Монгол Улсын ерөнхийлөгч “Гавьяат багш “хэмээх эрхэм цол хүртээсэн билээ.
    Тэрбээр, 1973 онд “Хөгжмийн эгшиг” романы талаар өгүүлэл нийтлүүлснээсээ хойш, монголын уран зохиолын хөгжил шинэчлэлийн хэд хэдэн үеийг дамнасан уран зохиолын задлан шинжлэл, уран сайхны шүүмжүүд туурвин, “Монголын Уран Зохиолын Түүх” бүтээлийг бүтээхэд гар бие оролцжээ.
    Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Билигсайхан “Уран зохиол дахь малчны дүр”, “Уран зохиолын чиглэлийн асуудлууд” зэрэг нэг сэдэвт зохиолууд, “Орчин цагийн монгол роман”, “Монгол эрхи товчис” хэмээх монголын утга зохиол судлалд жин дарж, жим гаргахуйц судалгааны бүтээлүүд туурвисан юм. Түүний “Ухаарахуй” хэмээх төсөрхөн ном эдүгээх цагийн олон яруу билэгтэний өмнө онол номын цэлгэр харгуйг нээж өгсөн билээ.
    Уран зохиолын шинжээч Ч.Билигсайханы “Арван хөрөг”, “Сэнгийн Эрдэнэ”, “Сономын Лувсанвандан”, “Дарамын Батбаяр”, “Лхамсүрэнгийн Чойжилсүрэн”, “Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”, “Цагийн салхи асгарсан авьяас” зэрэг намтар түүхийн баялаг баримт, задлал, торгон мэдрэмж, өргөн агуулга бүхий олон туурвилууд хойчийн мэргэдийн ширээний ном болсоор байх нь дамжиггүй юм. Түүний бүтээлч хөдөлмөрийг үнэлж Монголын Зохиолчдын Эвлэл, нэрэмжит шагнал, оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналаа тус тус олгож байв.
    Тэрбээр эх хэл соёлоо бадраан дэлгэрүүлж яваа бүхнийг элгэмсэн хайрлаж, түшин тулах ноён нуруу, утга соёлыг нь гутаан бузарлагчдыг учирлан сэнхрүүлж, зэмлэн шийтгэх бат суурьтан нь байв.
    Эрхэм багш, утга зохиолын жинхэнэ шинжээч, үлгэр дууриал болсон ах таны чин шударгуу үг, гэгээн сэтгэл, ариун дүрийг үр хойчис болсон бидэн дурсан санаж, таныхаа хамгаалан тэмцэж, хайрлан нээж ирсэн эх хэл, утга соёлыг хөгжөөн бадраах үйлсэд хүч оюунаа шавхан зүтгэхээ андгайлж байна. 


 Этүгэн тэнгэрийн доорх эх орондоо эргэн төрөх болтугай
Ум сайн амгалан болог.

  УТГА ЗОХИОЛЫН “ХӨХ МЭДРЭХҮЙ” БҮЛГЭМ


0 Response to "Эмгэнэл"

Post a Comment

Powered by Blogger