Яруу найрагч шүлэг яруу найргаараа л тусгаар тогтнолоо зарладаг
Нямхүүгийн Нарангэрэл хэмээх яруу найрагчийн “Тийн мэдрэхүйн гуниг” анхны номын эхийг олон удаа уншсан бөгөөд унших болгондоо толгой дохин зөвшөөрөх хандлагатай болж байв. Нууцгүй хэлэхэд зуу татсан болон түүнээс зай барьсан үедээ, ахуйн хэмжээнд буусан таатай, таагүй агшинд ч уйтгар гуниг гээч зүйлийн зүс чанарыг гадарлахтайгаа болсон хүний хувиар ч “тийн мэдрэн гуньсан” –ыг ийм хэмээн “батлах” гэж оролдов. Бас биеэ тоосон гэдгэр байдал, бусдыг үл ойшоох муу зангаа ч тавихгүйгээр уншиж, тэр бүхнээ энэ шинэ номын дардасны өмнө алдаад байх шиг санагдаж байлаа. Тэр ингэж бичжээ.
Үлдээсэн сэтгэгдэл чинь
Өр зүрхэнд Өвс шиг урганам
Өөрөө харин өвлийг эхлүүлэхээр
Цасанд хургачихсан
Өр зүрхэн дэх тэр өвс
Өөрөөс минь өндөр урганам... гэж. Бодсоноос минь өндөр ургасан түүний өвс- шүлгүүд манай юм юмаараа гайхуулдаг, яруу алдарт эмэгтэй найрагчдын “гал түймэр тавьсан” гэх шүлгүүдээс тэс өөр бөгөөд тэрхүү “ондоо” өвснөөс нь Марина Цветаевагийн сүрчиг, Анна Ахматовагийн энгэсэг огтхон ч үнэртэхгүй, үснийх нь засалт ч харагдахгүй байгаа нь өнөө цагт эмэгтэй хүн “марина”-дах юм уу, “анна”-дахгүйгээр өөрийн ертөнцөд, өөрийн өвс ногоог тарьж болдгийн жишээ мэт.
...Тээр хол
Ширхэггүй өвс
Ургана.
Ингэж уншин, “тийн” мэдрээд түүний өвсний шинж байдал, шим чанарыг “үхэр” шиг хэлээрээ ороож амтархан зажилнам. Түүний шүлгүүдэд уйтгар, нулимс, од, сар, тэнгэрийн гүн цэнхэр мандал, усны амьсгаа гээд тэнгэрээс дүүжлэгдэн шүлэг бичих гэж оролдогсдын бүх гишгүүр-үгүүд байна. Гэхдээ Н.Нарангэрэл гишгүүр болгоноо шавар шавхайтай хутгахыг хүсээгүй юм шиг ээ. Хүсээгүй ч гэж дээ шүлэг туурвил гэдэг санаан зоргоор хэлхэж, хүлхэж суудаг зүйл биш болохоор яруу найргийн жам ёс, яруу найрагчийн тусгаар тогтнолд маш бүдүүлгээр халддаг “бүлэг этгээд” өнөө цагт гэгээн цагаан өдрөөр сайрхан хашгирч яваа нь харамсалтай. Ийм нэг жишээг хүний мууд дурлан дурлан дурдъя. Бавуугийн Лхагвасүрэн гэж мундаг найрагч “байсан” бөгөөд тэр өнөөдөр яруу найраг дахь эмзэг бүлгийнхэнд зарим зүйлээ “алдсандаа” баярлаж суудаг биз. Тэр эрхэмсэг оюун санаанаас тасарсан “эр ганц биеэ арав болгож чамаараан би гоёсон” ч билүү иймэрхүү санаатай торгон шүлгийг сонсонгуут нэг жүжигчин ч шиг, морины цолчин “засуул” ч шиг, зурагтаар хөгшчүүлийг хөөргөж худлаа яриулдаг үндсэн ажилтай хэн гэдгийг нь танихын аргагүй, бас өөрийгөө хэн ч гэж хэлж түүндээ үнэмшчихсэн явж мэдэх нэг нөхөр гүйж хариад нөгөө торгон шүлгийг чинь учиргүй урж тасдаад “Би монголоороо гоёдог хэрэг ээ” гэж гоёлын биш ажлын “хувцас” салбайлгаж орхисон байх юм. Дэндүү залуу мөртлөө дэндүү улаан цайм бусдын уран бүтээлийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь заяанд халддаг “шинэ цагийн” яруу найрагчид бий болж байна. “Зүс бүгэг андууд ” мэтийн өөрсдийгөө рекламдах дургүй нөхдийн юмнаас хусаж орхиход гэмгүй гэж тэдний зарим нь боддог байх. Магадгүй сэтгэлгээнийх нь хэв загвар, өнгөтэй өөдтэйг хулгайлчихаад хохирогчийнхоо нүүр лүү нулимж, “хурдан үхээсэй” гэж явдаг бол ч тэдэнтэй юу ярих вэ дээ. Харин Н.Нарангэрэл энэ бүхнээс зугтаж, түүнээс хол явахын сайхныг ойлгон, өөрийн гэсэн тусгаар тогтнолыг шүлэг зохиолдоо шивнэн захих гэдэг нь цухалзаж байна.
... Миний зүрхэнд л гэрэлтэж болмоор
Тийм сар...
гэж бичсэнээрээ тэр бусдаас нэг удаа, нэг том ялгарч байна. Мөнгөн сар, сэрүүн туяат, туулайт саран энэ тэр гэж чамирхаж, үгээ олж ядан, нүдээ бүлтэгнүүлж байснаас “миний зүрхэнд гэрэлтэж болмоор” тийм сарыг уншигчийн өмнө гаргаж ирсэн нь сайшаалтай. Сайшаалтай гээд сайшаалын үнэмлэх гардуулдаг цаг өнгөрсөн болохоор таашаалтай гэсэн нь дээр байх. Одоо уншигчид хэн нэгний өнгөт металлаар “хийсэн” юм уу үлгэр домгоос мөчир тасдаж нэрлэсэн сарны тухай биш өөр өөрсдийнхөө “зүрхэн дотор гэрэлтэж болох” сарны талаар төсөөлж, бүүр дур зоргоороо дүрслэн харж болох боллоо.
Би өвдөхөөр
Тэнгэр өвднөм
Газар өвднөм
Бид гурав гурвуулаа өвднөм... гэж уншаад дэмий нэг хийрхэл, том сэтгэх гэсэн дон гэж яаран хэлэх гэж байгаа бол азнах хэрэгтэй. Н.Нарангэрэлийн хувьд энэ нь үнэн зүрхнээсээ хэлсэн амьд үг, агаар нэхэн сарвалзаж байгаа саяхан төрсөн шинэ сэтгэлгээ юм. Тэр хуучин сэтгэлгээг эвдэх алхмуудыг ч хийсэн нь харагдана. Тэгэхдээ учир утгагүй эвдэж хэмхчээд хаячихаагүй, дараа нь энэ “сүйтгэсэн” зүйлийнхээ новшийг өөрөө цэвэрлэнэ гэдгээ мэддэг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр тогтсон хэв загвараас зөөлхөн шиг зөрж гөжсөн бололтой.
Молор хундага барьсан бүсгүй
Тэнгэрээс үр гуйна... гэхэд аятай хийгээд аягүй байдал нь хоорондоо салшгүй мэт. Бүсгүй хүн чулуун эрхтэн дээр мордож суугаад юм уу, могой зүүдлэх мэтээр үр тогтоох бэлгэ даллагыг гүйцэлдүүлдэг. Гэтэл хундага бариад тэнгэрээс үр гуйж буй бүсгүйн талаарх дүрслэл уламжлалт хэв маягийг том эвдсэн бөгөөд тийм мөртлөө тэндээс дэндүү бага чимээ гарч байгаа нь нөгөө аятай аягүй хоёрыг зохистой нийтгэж чадсантай нь холбоотой.
Тэндээс зүүгдсэн одод
Миний хүзүүнд чимэг болоод
Тийм нэг сониуч амьдралд
Уруул минь дүрээстэй... Ийм араншин үнэртсэн шүлгийг яруу найрагч л хэлж чадна. Түүнээс биш бусдын хотруу гэтэгсэд бусдын муухан хувилбар, бүдэгхэн хуулбар төдийхөн хэвээрээ явсаар “насыг” барна.
... Нулимсаараа цээжийг чинь
Зөндөөн норгосон
Нууц амрагийн үнэртэй цэцэг
Маргааш ургана... гэх юм уу
... Дээс тоглож
Дэргэдэх найз нартаа зэмлүүлж
Дэрхийтэл- шувуу нистэл
Санаа алдаж
Дээд голоос ус салаалахыг ажиж
Тэндээ бүүр норж, шалба амьдрах сан... гэх юм уу
...Тал дунд ганц айл
Тарлан зам эндээс
Тэднийд хүрэх нь
Тавилан шиг... гэх мэтээр түүний шүлгүүд ар араасаа цуварна. Н.Нарангэрэлийн шүлгүүд хавтгайрч, найрлан, хашгирч гуугачиж, сайхан зүлэг ногоог Болор цомын бойтгоор гишгэчээд тарах олны нүднээс далдхан шинэ өвс ургах мэт сэтгэгдэл төрүүлнэм. Энэ бүхэн зөвхөн миний бодол боловч энд бас “зөвхөн” нэг үгийг хэлэхгүй бол болохгүй гэж адгалаа.
...Тэр навчны хийсч байгаа нь
Нэг л амирлангуй
Тасраад уналаа
Хөлд торлоо
Хөх чинэрээд явчихлаа
Хүү минь биш байгаа... гэх зэргээр өрөвдөлтэйгээр “гэгээрэх” нь Н.Нарангэрэл дүү чамд үл зохих юм шиг бодогдов. Чиний шүлгүүд чиний дотоод сэтгэлийн л дуу чимээ байг.
Мунхаг би “үхэр чихрийн амт мэдрэхгүй”-н үлгэрээр дэмий цаг зольсон байж мэдэх ч үхэр өвс ногоогоо мэднэ дээ.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан.
Цагаан барс жилийн Цагаан сарын шинийн найман.