Ц.ДЭЛГЭРМАА: Онгод минийхээр үүлэн чанадаас санаа алдах хэн нэгний дуу юм


2012 оны 4 сарын 5

Р.Чойномын нэрэмжит “Оюухай 2006” наадмын дэд, О.Дашбалбарын нэрэмжит “Утгын сүм” тэргүүн, Хайрын шүлгийн “Аморэ”, “Алтан үзэг” оюутны яруу найргийн наадмын гуравдугаар байрын шагналт залуу яруу найрагч Ц.Дэлгэрмаатай ярилцлаа. Түүний анхны ном “А тэмдэглэл” уншигчдаас өндөр үнэлэлт авсан. Нэгэн таатай мэдээ дуулгахад “А тэмдэглэл” удахгүй дүүтэй болох гэж байгаа аж. Жижигхэн биедээ ахадсан их ухаан тээж яваа найрагч бүсгүйн яриагаар уншигч Таныг дайлъя. 

-Шүлэг найрагт юуны учир татагдах болов оо? 
-Намайг дөрөвдүгээр ангид байхад эгч минь оюутан болж Эрдэнэтийг зорьж байсан юм. Яг машинд суугаад хөдлөх тэр үед санаанд шүлгийн мөр гэнэт харвасан. Ирээдүйд ямар мэргэжил эзэмших тухай анхны балчир бодлоо шүлэг болгон буулгасан тэр л үед хожим хэн болох минь тодорхой болсон юм болов уу. Шүлэгт би татагдах биш, шүлэг өөрөө намайг олсон, оносон гэж би боддог. 

-Их багадаа шүлэг бичиж эхэлжээ. Бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу? 
-Аав минь цэргийн хүн л дээ. Тиймээс би Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид төрсөн. Харин ах, эгч, дүү гурав маань Улаанбаатарт төрсөн юм. Тэгээд л аав ээж хоёр минь багаас хутагтын нутагт төрсөн охин гэж намайгаа “хөөргөдөг” сөн. Би ганц ч удаа цэцэрлэгт явж байгаагүй, гэрийн охин байлаа. Гэртээ суудаг хэрнээ тэрүүхэндээ гангаан, бас. Их олон янзын даашинз өмсдөг байв. Бүх даашинзаа “Усан цэргийн палааж”, “Зааны тугал Панчи Панчи”, “Цэнхэр бөмбөгт” гэх мэтчилэн өөрийнхөөрөө нэрлэнэ. Бас нэг удаа цонхон дээр суусан ялааг харж байснаа “Сэгсгэр үстэй Банаа” гэж нэрлэсэн гэсэн. Харин аав маань энэ тухай ялааны хөл нь их үсэрхэг байдаг. Хүүхдийн нүд хурц болохоор түүнийг нь олж харж л дээ гэж тайлбарлаж билээ. 

-Гэртээ суудаг охин багаасаа л номтой нөхөрлөсөн байх? 
-Өө тэгсэн. Ах маань надаас гурван насаар ах. Ах долоотойдоо сургуульд орж, тэр цагаас би бас “Цагаан толгой”-той найзалж эхэлсэн. Өдөржин гэртээ сууж уйдсан би ахыгаа сургуулиасаа ирмэгц салахгүй дагана. Хичээлээ давтахад нь ч бас дэргэд нь сууж л байна. Удалгүй дармалаар уншиж, бичиж сурсан. Том том ном уруу толгойгоо шургуулсан хүүхэд болсон доо, тэр үеэс хойш. Аав ээж хоёр хараа нь муудна гэж хориглоод ч, номын цагаан солио гэж айхтар юм байдаг тухай хэлээд ч нэмэр болоогүй дээ. 

-Анхны хайрынхаа тухай яриач. Хайр гэдэг чинийхээр? 
-Миний анхны хайр шувуу шиг л нисч ирсэн. Тэгэхэд би 15-тай дэгдэж яваад л гэнэтхэн нэг хар нүдэнд “ховсдуулчихсан” даа. Эсрэг хүйстнээ шохоорхож, танин мэдэх тэр хүсэл үнэндээ өөрийгөө танин мэдэх үүд хаалгыг нээж өгдөг юм шиг ээ. Тэр л үеэс өнөөгийн энэ би яг өөрийнхөөрөө, хэлбэрэлтгүй бий болж эхэлсэн санагддаг. Тэр л үед бас шүлэг бичин нэг нэгэндээ улам ойртож эхэлсэн. Шүлэг надад хорвоогийн бүх юмны тухай хүүрнэдэг болсон. Тэр хүүрнэлийг би харин цаасан дээр буулгах үүрэгтэй болсноо ухамсарласан даа. Шүлэг-хайр, шүлэг-амьдрал, шүлэг-ертөнцийг танин мэдэхийн тулд би эрэлхийлж, тэр эрлээр дамжин ирсэн мэдрэмжүүдээрээ өөрийгөө илэрхийлж явна. 

-Яруу найрагчдыг дурламтгай л гэлцэх... Чи хэр дурламтгай вэ? 
-Дурлал хайрын яруу сайхныг би мэдэрсэн ч, дурлан хайрлаж сураагүй л явна. Яг юу болохыг нь хэлж болдоггүй амтат зовиур. Аз жаргалтай шаналал... Үүнээс цааш юу байдгийг би мэдмээр, мэдэрмээр байна. Тэгээд ч тэр үү, дурлалын тухай шүлэг цөөнгүй бичсэн. Дурлалгүй амьдрал хэчнээн уйтгартай, үхмэл байх бол оо... Би төсөөлж ч чадахгүй нь ээ. 

-Шүлгийн ертөнцөд анх хөтөлсөн багш нарынхаа тухай? 
-Хамгийн анхны багш гэвэл ном юм болов уу... Энд би бас аав ээж хоёрыгоо хамгийн эхэлж нэрлэмээр байна. Тэд л миний анхны уншигч, анхны шүүмжлэгч болж байлаа. Шүлэг бичдэг болсны минь дараахан аймгийн Хүүхдийн төлөө төвөөс 25 шүлгийн номын уралдаан зарлаж, ээж миний бичсэн бүхнийг анх эмхэтгэн бичиж байлаа. /Инээв.Сур/ Миний аав бас шүлэг бичдэг л дээ. Тийм болоод ч тэр үү миний ертөнцөд аав минь их ойр. Би олон багштай. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хэл, уран зохиолын багш Д.Чулуунбаатар гэж тун эгэл нэгэн багш минь байлаа. Тэр хүн л анх намайг шүлгээ ч бичихгүй алгуурлаж явахад минь “олж” аваад, бич, заавал бич гэж “шахаж, шаардаж” байсан удаатай. Олон удаагийн тэр шахалт шаардлага намайг төөрөхөөс минь аварсан. Их сургууль намайг Ш.Дулмаа гэж гайхамшигтай эмэгтэйтэй танилцуулсан. Дэндүү энгийн, эгэл тэр хүн урам, хайраараа олон залууст жигүүр ургуулж явна. Харин миний ихэд зориглон байж ном болгон эмхэтгэсэн хэдэн шүлгүүдийг минь уншсан Ч.Билигсайхан багш маань надад их олон зүйлийг ойлгуулсан. Утга зохиолын онолын хичээлийг хоёр жил заасан багш маань намайг шүлгээ аваад очиход гайхаж угтсан шүү. Намайг бичдэгийг мэдээгүй байсан хэрэг л дээ. Нэг хоногийн дараа намайг дуудаад хэлсэн үг бүрийг нь би цээжиндээ хадаж авсан. Тэр үгс миний амьдралын турш багш байх биз ээ. 

-Өөрийг чинь Монголын яруу найргийн мундагчуултай тэмцээнд өрсөлдөж үзүүр түрүү булаалдаж байсан гэх юм билээ? 
-Өө, би шүлэг найргийг өрсөлдөөнөөс ангид, дээд зүйл гэж боддог юм. Оюутан байхад хаа нэг тэмцээн уралдаанд “давхиад” оччихдог байсан. Одоо бол их ичдэг юм аа. Р.Чойномын нэрэмжит “Оюухай” гэж уламжлалт наадам байдаг. Тэр наадмын онцлог нь ирсэн бүтээлүүдийг бичсэн эзнийх нь нэр усыг ч мэдэгдэлгүй, далд хэлбэрээр шүүж байр эзлүүлдэг юм л даа. “Оюухай 2006” наадамд оролцохоор хоёр шүлгээ Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан дээр аваачаад өгчихлөө. Тэгээд л наадмын өдөр тайзан дээрээс дуудагдаж нэг шүлгээ уншсан. Тэнд Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол, Ц.Чимиддорж... гээд л олон яруу найрагч ирсэн байсан. Нэгдүгээр байрт Н.Гантулга шалгарч, Д.Урианхай гуай бид хоёр удаалж байсан юм. Наадмын дараахан профессор Л.Дашням гуай “Яруу найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ануу” гэж нийтлэл бичсэнээс би их юмыг ойлгосон л доо. Тэр үед шүлэг бичих нь миний хувийн л асуудал, аз жаргал, гуниг зовлон минь байлаа. Өөр ч юм боддоггүй байж. Харин тэр нийтлэл гарсны дараагаар, өөрийнхөө шүлгийн тухай тэндээс олж уншсанаас хойш би яруу найргийн өмнө ямар нэгэн үүргийг ухамсаргүйгээр хүлээж эхэлснээ мэдэрсэн. 

-Өнөөгийн яруу найргийн чиг хандлагын талаар ямар бодол тээж явдаг вэ? 
-Би тэр айхтар том чиг хандлага энэ тэрийг үнэндээ сайн мэдэхгүй ээ. Гэхдээ өнөөгийн яруу найраг нэг шинэ тавцанд гарч ирж байгаа гэж санадаг шүү. Миний бодоход шүүмж судлалын салбарт шинэ үеийнхэн өөрсдийн дуу хоолойгоо нэмээсэй. “Яруу найрагч” гэж цоллуулахын төлөө биш харин яруу найргийн төлөө чин зүрхнээсээ бичээсэй, залуус. 

-Тэр гэж танигдашгүй нэг хүчин зүйл уран бүтээлчдэд нөлөөлдөг. Тэр нь онгод. Онгодыг Та хэрхэн таньдаг вэ? 
-Онгод минийхээр үүлэн чанадаас санаа алдах хэн нэгний дуун юм. Тэр дууг олж сонсох бүртээ би тэр гэхийн тэмдэггүй хөг хэмнэлд автчихдаг юм. Тэр дууныг улам мэдрэн, сонсох бүрий мөнөөх санаа алдалт шүлгийн мөр далиндаа тээсэн шувууд болж хувираад намайг өөр ертөнцөд аваачих шиг болдог. Тэндхийн бүх юм хүмүүсийн нүдэнд харагддагаас тэс ондоо. Тэнгэр ягаан, нар хөх, одод ногоон, cap цэнхэр, үүлс шар... Харин би өөрөө биегүй, өнгөгүй, тув тунгалаг болчихсон шиг санагдаад зөвхөн оюун санаа минь л үлдсэн байхыг мэдэрдэг. Тэгээд дараахан нь миний дэвтэрт үлдсэн шувуудын хэл, хөлийнх нь мөрийг би шүлэг хэмээн нэрлэдэг дээ. 

-Ганцаардлын тухайд?
 -Багаасаа л мэдэрсэн нэг тийм амтыг би хожим таньсан нь ганцаардал байсан. Ганцаардал байгаа газарт гүнзгий дотогшоо бодол, ямархан нэгэн эрэл хөвөрч байдаг. Бодлын үзүүрт бас нэг бодол, эрлийн үзүүрт бас нэг эрэл. Тэгээд л цаашаа олон үүд хаалга өмнө минь нээгдэж, тийш нэвтрэх бүрт ямар нэг юмыг таньж авч байдаг. Хүмүүс би ганцаардах дургүй, би ганцаардаж үзээгүй гэж ярьдаг. Харин надад ганцаардах агшин бүр амттай. Яруу найраг үнэндээ ганцаардлаас л төрдөг ч байж мэднэ. Хэрэв төгс юм гэж байдаг бол ганцаардлын агшин үнэхээр төгс гэж би хэлнэ. 

-Шүлгийнхээ санааг хэрхэн олдог вэ? 
-Санаа хайж, бичнэ гэдэг нэг л тийм албадмал. Урлагийн мөн чанар нь юундаа байдаг вэ гэхээр түүнд ямар ч албадмал байдал үгүй. Урлаг өөрөө хаа нэгтээ бүтээгдчихсэн байдаг. Гайхамшигт аялгуу, шүлгийн мөрүүд, уран зураг, бүжгийн хэмнэл... Хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, уран зураачид, бүжиг дэглээчид харин бүтээгдчихсэн тэр гайхамшгуудыг олж нээх, хүмүүст хүргэх увдисыг цаанаасаа авч төрдөг юм шиг. Энэ санаа миний сэтгэлд их нийцдэг. Үнэхээр ч тийм. 

-Одоо хэчнээн шүлэгтэй вэ? 
-Бичсэн бүхнээ шүлэг гэж нэрлээд, олонд хүргэхээс би лав эмээдэг. Мөр тэгшилж, сүүл толгой холбож, уран сайхан өгүүлсэн бүхэн ч бас шүлэг биш. Ном болгохоор эмхэлж байхдаа 2003-2008 оны гуравдугаар сарын хооронд бичсэн шүлгүүдээсээ 90 шахам шүлгийг шүлэг гэж өөртөө тооцсон. 

-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив? 
-”Урьд ухаангүй дурлаж асан Учралаа одоо санахад Ичгүүр ханх татах нь Энэ цагийн харгислал!”. Дэвтрийн минь хуудас энэ мөртүүдийг илчилж орхилоо. / Инээв.Сур/

Б.Анхцэцэг

Эх сурвалж www.UNEN.mn

0 Response to "Ц.ДЭЛГЭРМАА: Онгод минийхээр үүлэн чанадаас санаа алдах хэн нэгний дуу юм"

Post a Comment

Powered by Blogger