Ж.Оргил: Киноны төгсгөлд хүн бүр аз жаргалаа олно

Ж.Оргил. Манай бүлгэмийн гишүүн. Бидний Том гэж дууддаг... Тэр нөхөрт хуримаа хийж буйд нь баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэх санаатай шүлгийг нь хайгаад интернэт ухаж явтал ийм нэг ярилцлага өгсөн нь олдлоо. Мань эр олон ангит кино бичээд, хэсэгтээ бидэндээ олддоггүй. Тэр тухай нь энд дэлгэрэнгүй тоочвол дараа нь толгой руугаа тоншуулах хэрэг гарна байх гэж айгаад, зүгээр л ярилцлагыг нь оруулчихъя.

Эх сурвалж нь http://www.mminfo.mn/.

МҮОНТ-ээр гарч буй “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолч Ж.Оргилтой ярилцлаа.

-Кино зохиол бичих санал хэрхэн ирэв. Уг нь энэ киноны зохиолыг Ц.Наранханд гэдэг бүсгүй бичиж байсан санагдах юм?
-МҮОНТ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав санал тавьсан. Ийм киноны зохиолыг бичих үү, урьдны зохиолч нь бичих боломжгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь киноны продюсер руу утасдаж, зохиол бичих саналтай байгаагаа хэлсэн юм. Гэтэл “ганц хүсч байсан хүн маань байна” гээд л зөвшөөрсөн. Тэгж л кино зохиол бичих ажилдаа орсондоо.
-Хүний бичиж байсан зохиолын суурин дээрээс цааш нь үргэлжлүүлнэ гэдэг амар биш шүү?
-Амар биш байсан нь үнэн. Үнэнээ хэлэхэд өмнөх ангиудыг үзээгүй байсан. Тийм байж 37 дахь ангиас нь эхлээд шууд зохиолоо бичнэ гэдэг үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ энэ кино нэг том үйл явдлыг харуулсан биш, нэг сужет ихдээ л гурван анги дамнаж гарч байсан болохоор түрүүчийн ангиудыг төдийлөн нарийн мэдэх шаардлагагүй байсан. Гэхдээ л мэдээж мэдэх нь чухал. Сүүлд нь нөхөж үзсэн.
-Зохиолын чиг шугам гэж нэг зүйл бий. Энэ талаар найруулагчтайгаа зөвлөлдөнө биз?
-Яг өөрийнхөө санаагаар бичээгүй. Найруулагчтайгаа зөвлөнө. Мөн жүжигчин Мөөжигтэй хамтарч бичиж байлаа. Энэ киноны зохиол эхний ангиудын зураг авалтдаа гүйцэгдэх шахаж байсан. Түүнээс гадна ийм олон ангитай кинонд хөнгөн инээдэм оруулж өгөх учраас ганцаараа бичнэ гэдэг амаргүй байсан. Тэр болгонд жүжигчинтэйгээ хамтарч, санаа оноогоо гаргаж бичсэн.
-Тэр дундаа сүүлийн ангиудад олон сонирхолтой үйл явдал гарч байгаа. Тэр сонирхолтой үйл явдлуудын санаа зохиолчоос гарч байгаа нь мэдээж?
-Мэдээж киноны зохиолч гэдэг утгаараа би олон сонирхолтой санаа гаргасан. Гэхдээ л хоёулаа хамтарч ярилцаж байгаад л гаргадаг. Өглөө эрт уулзаад, өдөржин зохиолын санаагаа ярилцана. Нэг өдөр бүр есөн ангийн зохиол бичиж байлаа. Түүний дараагаас л санаа олдож өгөхгүй тэвдүүлдэг юм билээ. Нэлээд тэвдсэн шүү. Сүүлдээ шинэ дүр оруулж ирэх зэргээр л амилуулж байлаа. Тэр дундаа жүжигчид өөрсдөө зохиол дээр идэвхтэй оролцсон. Жүжигчин Э.Ууганбаяр гэхэд өөрийнхөө тухай өгүүлэх ангиуд дээр зохиолоо илүү гоё болгох гэж их хичээж байсан. Бүр дөрвөн ангийн зохиол хүртэл бичиж байсан. Энэ мэтээр олны хүчээр л зохиол амилж байлаа.
-Болдоо дуучин болдог. Гэнэтхэн л дуучин болж байгаа нь сонирхолтой мөртлөө нэг талаараа хиймэл ч юм шиг санагдаад байгаа юм?
-Бид ярилцаж байгаад өвөрмөц юм олъё гэж ярилцсан. Өвөрмөц гээд киноны үндсэн чиг шугамаас хазайж, эрс тэс санаа оруулах хэцүү. Тэгж тэгж дуучин болгоё гэдэг санааг олсон юм. Гэхдээ өвөрмөц байдлаар шүү. Бүх шат дамжлагыг дамжаад, хөгжөөд дуучин болж байгаа биш, гэнэтхэн алга урвуулсан юм шиг л өөрчлөгдөөд дуучин болгох санаа. Тэгж л дуучин болгосон. Тэгээд л дараа нь “Би чамайг хайсаар байна” дууг жүжигчин Х.Манлайбаатар өөрөө дуулсан. Энэ нь ч кинондоо зохицож өгсөн байх.
-Өөрийг тань шүлэг, яруу найргийн чиглэлээр уран бүтээл туурвидаг гэдгээр нь мэдэх юм байна. Харин гэнэт л үргэлжилсэн, тэр дундаа олон ангит киноны зохиол бичнэ гэдэг амаргүй даваа шүү?
-Би өмнө нь кино зохиол бичиж байгаагүй. Харин киног насаараа л үзсэн. Миний сонирхлын нэг болохоор. Гэхдээ кино үзэх, зохиол бичих хоёр чинь мэдээж өөр. Анх удаагаа зохиол бичиж байгаа болохоор кадр, монолог гэж юу байдгыг мэдэхгүй л байлаа. Эхнээсээ л жүжигчдээсээ асууж байгаа юм чинь. Тэгж л кино зохиолын тал дээр бага зэрэг дөр сууж байна. Тэгээд ч хамтын бүтээл, зохиол байсан болохоор тэр хүмүүсээс суралцах зүйл их байлаа. Ерөнхийдөө киноны зохиолыг Ж.Оргил, Ө.Мөнх-Эрдэнэ нар бичсэн гэвэл онох байх.
-Одоо өөр кино зохиолын захиалга ирж байна уу?
-Одоохондоо захиалга ирсэн юм алга. Харин өөрөө болон зарим нэг хүний хүсэлтээр бичиж байгаа зохиол бий. Гэхдээ бүрэн хэмжээний кино зохиол. Би олон ангит киноны захиалга ирсэн ч бичмээргүй санагдаад байгаа. Дуусдаггүй, хэцүүү юм билээ.
-Кино дуусах дөхөж байна. Хамгийн сүүлчийн анги дээр энэ бүх ангиудыг нэгтгэсэн нэг санаа гарч байгаа юу?
-Энэ кино чинь бүхэллэг санаагүй. Анги бүр дээр л өөр өөр санаа, хөнгөн инээдийг гаргаж байгаа шүү дээ. Тэгээд ч манай кино бухимдлаар дүүрэн энэ нийгэмд хүмүүст бага ч гэсэн энерги өгч, тархийг нь амраах зорилготой. Тийм болохоор сүүлийн анги дээр зангидах гэж хичээгээд байх шаардлагагүй. Хамгийн төгсгөлийн анги дээр бүх хүн аз жаргалтай болоод л төгсөнө. Зарим нь од болно, зарим нь орон байртай болно. Нөгөө хэсэг нь зүгээр л хар ажлаа хийгээд л. Гэхдээ л аз жаргалтай.

П.Нанзад

Яруу найрагч шүлэг яруу найргаараа л тусгаар тогтнолоо зарладаг


Нямхүүгийн Нарангэрэл хэмээх яруу найрагчийн “Тийн мэдрэхүйн гуниг” анхны номын эхийг олон удаа уншсан бөгөөд унших болгондоо толгой дохин зөвшөөрөх хандлагатай болж байв. Нууцгүй хэлэхэд зуу татсан болон түүнээс зай барьсан үедээ, ахуйн хэмжээнд буусан таатай, таагүй агшинд ч уйтгар гуниг гээч зүйлийн зүс чанарыг гадарлахтайгаа болсон хүний хувиар ч “тийн мэдрэн гуньсан” –ыг ийм хэмээн “батлах” гэж оролдов. Бас биеэ тоосон гэдгэр байдал, бусдыг үл ойшоох муу зангаа ч тавихгүйгээр уншиж, тэр бүхнээ энэ шинэ номын дардасны өмнө алдаад байх шиг санагдаж байлаа. Тэр ингэж бичжээ.
Үлдээсэн сэтгэгдэл чинь
Өр зүрхэнд Өвс шиг урганам
Өөрөө харин өвлийг эхлүүлэхээр
Цасанд хургачихсан
Өр зүрхэн дэх тэр өвс
Өөрөөс минь өндөр урганам... гэж. Бодсоноос минь өндөр ургасан түүний өвс- шүлгүүд манай юм юмаараа гайхуулдаг, яруу алдарт эмэгтэй найрагчдын “гал түймэр тавьсан” гэх шүлгүүдээс тэс өөр бөгөөд тэрхүү “ондоо” өвснөөс нь Марина Цветаевагийн сүрчиг, Анна Ахматовагийн энгэсэг огтхон ч үнэртэхгүй, үснийх нь засалт ч харагдахгүй байгаа нь өнөө цагт эмэгтэй хүн “марина”-дах юм уу, “анна”-дахгүйгээр өөрийн ертөнцөд, өөрийн өвс ногоог тарьж болдгийн жишээ мэт.
...Тээр хол
Ширхэггүй өвс
Ургана.
Ингэж уншин, “тийн” мэдрээд түүний өвсний шинж байдал, шим чанарыг “үхэр” шиг хэлээрээ ороож амтархан зажилнам. Түүний шүлгүүдэд уйтгар, нулимс, од, сар, тэнгэрийн гүн цэнхэр мандал, усны амьсгаа гээд тэнгэрээс дүүжлэгдэн шүлэг бичих гэж оролдогсдын бүх гишгүүр-үгүүд байна. Гэхдээ Н.Нарангэрэл гишгүүр болгоноо шавар шавхайтай хутгахыг хүсээгүй юм шиг ээ. Хүсээгүй ч гэж дээ шүлэг туурвил гэдэг санаан зоргоор хэлхэж, хүлхэж суудаг зүйл биш болохоор яруу найргийн жам ёс, яруу найрагчийн тусгаар тогтнолд маш бүдүүлгээр халддаг “бүлэг этгээд” өнөө цагт гэгээн цагаан өдрөөр сайрхан хашгирч яваа нь харамсалтай. Ийм нэг жишээг хүний мууд дурлан дурлан дурдъя. Бавуугийн Лхагвасүрэн гэж мундаг найрагч “байсан” бөгөөд тэр өнөөдөр яруу найраг дахь эмзэг бүлгийнхэнд зарим зүйлээ “алдсандаа” баярлаж суудаг биз. Тэр эрхэмсэг оюун санаанаас тасарсан “эр ганц биеэ арав болгож чамаараан би гоёсон” ч билүү иймэрхүү санаатай торгон шүлгийг сонсонгуут нэг жүжигчин ч шиг, морины цолчин “засуул” ч шиг, зурагтаар хөгшчүүлийг хөөргөж худлаа яриулдаг үндсэн ажилтай хэн гэдгийг нь танихын аргагүй, бас өөрийгөө хэн ч гэж хэлж түүндээ үнэмшчихсэн явж мэдэх нэг нөхөр гүйж хариад нөгөө торгон шүлгийг чинь учиргүй урж тасдаад “Би монголоороо гоёдог хэрэг ээ” гэж гоёлын биш ажлын “хувцас” салбайлгаж орхисон байх юм. Дэндүү залуу мөртлөө дэндүү улаан цайм бусдын уран бүтээлийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь заяанд халддаг “шинэ цагийн” яруу найрагчид бий болж байна. “Зүс бүгэг андууд ” мэтийн өөрсдийгөө рекламдах дургүй нөхдийн юмнаас хусаж орхиход гэмгүй гэж тэдний зарим нь боддог байх. Магадгүй сэтгэлгээнийх нь хэв загвар, өнгөтэй өөдтэйг хулгайлчихаад хохирогчийнхоо нүүр лүү нулимж, “хурдан үхээсэй” гэж явдаг бол ч тэдэнтэй юу ярих вэ дээ. Харин Н.Нарангэрэл энэ бүхнээс зугтаж, түүнээс хол явахын сайхныг ойлгон, өөрийн гэсэн тусгаар тогтнолыг шүлэг зохиолдоо шивнэн захих гэдэг нь цухалзаж байна.
... Миний зүрхэнд л гэрэлтэж болмоор
Тийм сар...
гэж бичсэнээрээ тэр бусдаас нэг удаа, нэг том ялгарч байна. Мөнгөн сар, сэрүүн туяат, туулайт саран энэ тэр гэж чамирхаж, үгээ олж ядан, нүдээ бүлтэгнүүлж байснаас “миний зүрхэнд гэрэлтэж болмоор” тийм сарыг уншигчийн өмнө гаргаж ирсэн нь сайшаалтай. Сайшаалтай гээд сайшаалын үнэмлэх гардуулдаг цаг өнгөрсөн болохоор таашаалтай гэсэн нь дээр байх. Одоо уншигчид хэн нэгний өнгөт металлаар “хийсэн” юм уу үлгэр домгоос мөчир тасдаж нэрлэсэн сарны тухай биш өөр өөрсдийнхөө “зүрхэн дотор гэрэлтэж болох” сарны талаар төсөөлж, бүүр дур зоргоороо дүрслэн харж болох боллоо.
Би өвдөхөөр
Тэнгэр өвднөм
Газар өвднөм
Бид гурав гурвуулаа өвднөм... гэж уншаад дэмий нэг хийрхэл, том сэтгэх гэсэн дон гэж яаран хэлэх гэж байгаа бол азнах хэрэгтэй. Н.Нарангэрэлийн хувьд энэ нь үнэн зүрхнээсээ хэлсэн амьд үг, агаар нэхэн сарвалзаж байгаа саяхан төрсөн шинэ сэтгэлгээ юм. Тэр хуучин сэтгэлгээг эвдэх алхмуудыг ч хийсэн нь харагдана. Тэгэхдээ учир утгагүй эвдэж хэмхчээд хаячихаагүй, дараа нь энэ “сүйтгэсэн” зүйлийнхээ новшийг өөрөө цэвэрлэнэ гэдгээ мэддэг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр тогтсон хэв загвараас зөөлхөн шиг зөрж гөжсөн бололтой.
Молор хундага барьсан бүсгүй
Тэнгэрээс үр гуйна... гэхэд аятай хийгээд аягүй байдал нь хоорондоо салшгүй мэт. Бүсгүй хүн чулуун эрхтэн дээр мордож суугаад юм уу, могой зүүдлэх мэтээр үр тогтоох бэлгэ даллагыг гүйцэлдүүлдэг. Гэтэл хундага бариад тэнгэрээс үр гуйж буй бүсгүйн талаарх дүрслэл уламжлалт хэв маягийг том эвдсэн бөгөөд тийм мөртлөө тэндээс дэндүү бага чимээ гарч байгаа нь нөгөө аятай аягүй хоёрыг зохистой нийтгэж чадсантай нь холбоотой.
Тэндээс зүүгдсэн одод
Миний хүзүүнд чимэг болоод
Тийм нэг сониуч амьдралд
Уруул минь дүрээстэй... Ийм араншин үнэртсэн шүлгийг яруу найрагч л хэлж чадна. Түүнээс биш бусдын хотруу гэтэгсэд бусдын муухан хувилбар, бүдэгхэн хуулбар төдийхөн хэвээрээ явсаар “насыг” барна.
... Нулимсаараа цээжийг чинь
Зөндөөн норгосон
Нууц амрагийн үнэртэй цэцэг
Маргааш ургана... гэх юм уу

... Дээс тоглож
Дэргэдэх найз нартаа зэмлүүлж
Дэрхийтэл- шувуу нистэл
Санаа алдаж
Дээд голоос ус салаалахыг ажиж
Тэндээ бүүр норж, шалба амьдрах сан... гэх юм уу

...Тал дунд ганц айл
Тарлан зам эндээс
Тэднийд хүрэх нь
Тавилан шиг... гэх мэтээр түүний шүлгүүд ар араасаа цуварна. Н.Нарангэрэлийн шүлгүүд хавтгайрч, найрлан, хашгирч гуугачиж, сайхан зүлэг ногоог Болор цомын бойтгоор гишгэчээд тарах олны нүднээс далдхан шинэ өвс ургах мэт сэтгэгдэл төрүүлнэм. Энэ бүхэн зөвхөн миний бодол боловч энд бас “зөвхөн” нэг үгийг хэлэхгүй бол болохгүй гэж адгалаа.
...Тэр навчны хийсч байгаа нь
Нэг л амирлангуй
Тасраад уналаа
Хөлд торлоо
Хөх чинэрээд явчихлаа
Хүү минь биш байгаа... гэх зэргээр өрөвдөлтэйгээр “гэгээрэх” нь Н.Нарангэрэл дүү чамд үл зохих юм шиг бодогдов. Чиний шүлгүүд чиний дотоод сэтгэлийн л дуу чимээ байг.
Мунхаг би “үхэр чихрийн амт мэдрэхгүй”-н үлгэрээр дэмий цаг зольсон байж мэдэх ч үхэр өвс ногоогоо мэднэ дээ.




МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан.



2010-02-22.
Цагаан барс жилийн Цагаан сарын шинийн найман.

Тэр хэн байсан бол?

(хэрэм нэвтлэх шинжлэл)

Бид хожим уран зохиолын энэ бүлгийнхний тухай заавал дурсана. Тэд бол цоо шинэ нэг зүйлийг Монголын уран зохиолд авчирсан. Тэр бол нөхөрлөл, хүнлэг чанар, тэмүүлэл, багийн тоглолт. Спорт шиг, улс төр шиг бус... Оюун санааны амьдралд үгүйлэгдэж байсан тэр зүйлийг авчирсанд нь л тэдэнд атаархдаг юм. Баясаа, Баяраа, Хангалын тухай бичиж байсан бол одоо Нараагийн тухай бичих ээлж ирлээ. Яагаад ч юм түүнийг урьд төрөлдөө, магадгүй хоёр, гурав, дөрвөн төрлийн урьд тэр хэн байсан бол... гэдэг бодол надад хамгийн сонирхолтой байдаг.

Яруу найрагч байна гэдэг хувь тавилан. Тэр зүгээр л тийм хувь тавилантай хүн. Өөрийгөө албадаж юм уу? яруу найргаар шоу хийх хэрэгцээ түүнд байсангүй. Намуухан даруухан амьдарна. Намуухан ярина. Куратор хийнэ. Музейд ажиллана. Чин сүзэгт номун хааны тухай судалгаа хийнэ. Гүр дуу сонирхоно. Шүлгүүд нь ч гэсэн нэг тийм хөнгөн биш. Хүнд ч биш. Нэг тийм зангарагтай. Эх хүнээр бол олон хүүхэд төрүүлээд тэднийгээ маш сайн хүмүүжүүлсэн эх хүн шиг. ”Хөх мэдрэхүй”-ийнхний хувьд ч яг л эх шиг нь, ээж шиг нь байдаг болов уу? гэж боддог. Тэгээд бодохоор тэр нээрээ Хэн байсан бол...

Яруу найраг бол хүнд зүүдэг шошго биш л дээ. Энэ бол сүнсний ой санамжинд нь байдаг. Төрөл дамждаг зүйл. Тэр бол ёс зүй. Энэ ухаанд нэвтэрч, төрөл тутамдаа даасан ламтай, тахисан бурхантай ирдэг үйлийн үрийн шүтэн барилдлага. Анзаарсан бол миний сайн танил яруу найрагч бүсгүй хэлж байсан юм. Улаанбаатарт дөрвөн уулынхаа дунд ирэхээр л сайхан шүлэг бичмээр болдог гэж... Онгод хийморь хөглөгддөг гэж... Энэ ч бас учиртай. Бурхан багш амьд ахуй цагтаа энэ газар орны тухай айлдчихсан байсан гэвэл хүмүүс үнэмшихгүй. Бид их азтай хүмүүс. Бурхан багшийн айлдвар зарлигийн чуулган Ганжуурт ”Бавуу марвын дончир” хэмээх газар орны тухай дурдаж л дээ. Орчуулбал ”Улаанбаатарын балгад” гэсэн үг. ”Балгад” гэдэг нь толь бичигт шүүрдэн үзвэл ”өдөр шөнө хоёр хүн нохой хоёрын дуу үл тасрах суурин газрыг хэлнэ” гэнэ. Миний Улаанбаатарт үнэхээр өдөр шөнө хоёр хүн, нохой, машин гурвын дуу үл тасарна. Ийм л сайхан. Бас энэ орон газар бол Дэмчиг бурхны орон, ханд дагинасийн чуулган. Ханд дагинас ч олон дүрээр оршино. Зарим нь яруу найрагчийн дүрээр, янхан эмийн дүрээр, мах худалдагч, марш алхагч... гээд амьдарлын бүх хэвшлээр. VIII Богдын хөтчид нь ч тиймийн учир Их хүрээний дууч эмсийг хүндлэн зам хөндлөн гаргаж байж, явдаг байсан гэж байгаа. Миний Улаанбаатарын бүх бүсгүйчүүд бол дагинас хэмээн боддог. Монголын бүхий л түүхийн туршид Улаанбаатар шиг ийм том балгад буй болж, энэ үеийнх шиг ийм олон яруу найрагч бүсгүйчүүд төрсөнгүй. Тэдний нэг нь Н.Нарангэрэл.

Яруу найргийн тухай углуургатайхан ярьчих хүн цөөрч байна даа. С.Дулам багш л үлдэж. Хүн судлал антропологийн үүднээс яруу найрагчийг хэрхэн судалж болох тухай нэг ярьж байх даа ”Хэдэн төрлийнхөө урьд бөө удган, лам хувраг явсан хүмүүс яруу найрагч болж төрдөг” гэсэн гайхамшигтай дүгнэлт хэлж байсан юм. Энэ бол ортой, шүнтэй, ултай, суурьтай үг. Тэгээд Нарааг боддог юм. Энэ хүн урьд насандаа хэн байсан бол... Бүр наанаас нь эхлээд дурдахад уртын дууч, туульч, жодч лүйжинч, бясалгалч, бүтээлч, бодьсадва, дара эх... Шүлгүүд нь нэг тийм нинж нэвт шингэсэн. Энэрэнгүй, тэнгэрээс нэг шидэт дохиураар дохиод байгаа ч юм шиг. Орой зулай илээд ч байгаа юм шиг. Үгнүүд нь, түүнээс урган гарч байгаа утга нь, утгаар дамжиж буй ухаан нь цогцоороо лүйжин шиг. Хоосон чанарын агаарт тасалж, огтолж, онож, гадаслаж буй мэт. Зүгээр нэг шүлэг бичдэг хүүхдүүдийнх шиг бэлгийн бойжилтын эхэн, дунд, сүүл үеийн сэтгэгдэл төдий биш. Амьдралын асар их туршлагатай эх хүн шиг бичдэг. Цөөн бичдэг. Түүнийгээ хүнд уншуулах тийм ч дуртай биш. Хэзээ ч өөрийгөө яруу найрагч гэж нэрлэх дургүй. Тийм л зураглал дүр дүрслэл харагдаад байдаг юм.

Энэ бол миний л бодол... Үнэн байх албагүй. Гэхдээ би энэ үгээ энд ч, эрлэгийн үүдэнд ч хэлнэ. Хажуунаас нь өчүүхэн ч холдох дургүй. Байнга анхааралтай ажиглаж, хүндлэн биширч, мэхийн хүндэлдэг монголын уран зохиолын, амьд яруу найргийн амьдрал дахь хайртай дүү нарын минь нэг. Хэн байсан бол...

Хүндэтгэн ёсолсон
Хүрээ хөвгүүн ах нь.

М-Е-Г-А-Д-У-Т-А

/Хэрэм нэвтлэх шинжлэл/

"Үүлэн зардас"-ыг ингэж Хэнэдхэгийн хэлээр хэлэх... Надад ч ганцаардах үе тохиолддог л доо. Тэр үед "Сэрэмж алдсан нэгэн ягчис хилэнт эзний бошог зарлигаар сүр жавхлангаа бууруулан үзэсгэлэнт амрагаас жилээр хагацаад..." гээд эхэлэнгүүт хичнээн халуун байсан ч салхи татаад л явчих... Энэ бол яруу найрагийн анагаах увидас юм билээ. Нэг найз минь надад сонин юм ярив. Эмч хүн л дээ. Энэтхэгийн Аюурвед хэмээх анагаах ухааныг сурахаар дээд курст нь 3 сар явж гэнэ. Халуун гэж тамтаггүй Өмнөд Энэтхэгт очоод нэг Дада яаж эм найруулах, ханах хатгах, бясалгуулах тасарсан эрдэм заах юм бодож л дээ. Гэтэл 3 сар нэг дуу заагаад л байж... заагаад л байж. Юу ч ойлгодоггүй. Шалгалтаа өгөх болтол тэр нь "Мегадута" буюу "Үүлэн зардас" байсан гэж байгаа. Манай хүн шууд л Бямбын Ринчин абугайн орчуулгаар эх хэлээрээ хөврүүлээд зогсохгүй утга санааг нь өнгөтөөр ярьж өгч л дээ. Тэгээд Дада: -Монгол хэлэнд хэзээ орчуулсан юм? гэж асууж гэнэ. Манай хүн овоо голдоо сүвтэй юм уншдаг эр болохоор "4 орчуулга байна. Бид бараг 800 орчим жил уншиж байна гэж хариулаад А авсан" гэж байгаа. Хажууд нь англи хэл рүү орчуулагдсан нэг орчуулгад англи хэлтнүүд дулдуйдаж, бусад нь амаа ангайсаар хоцорсон гэж байгаа... Хамгийн гол нь сэтгэлээс үүддэг 404 төрөл өвчнийг анагаах эмч хүний эрхэм нандин нууц эрдэм "Үүлэн зардас"-т байдаг гэж... Мөн их ухаан шүү. Ийм хүмүүсээ энэтхэгчүүд "Дорнын их яруу найрагч" юм уу "Нацагдоржын шагналт" гэдэггүй л дээ. Хар охин тэнгэрийн зарц, хааны охины сонгосон хорвоогийн хамгийн тэнэг эр гэхчлэн... домог зохиосон байдаг. Хааны охин эр нөхрөө сонгохоор улсынхаа бүх эрчүүдийг сорьж сонжоод олдолгүй явтал нэг эр модны мөчир дээр суугаад салааныхаа угийг сүхээр цавчиж байхтай таараад "Энэ миний эр нөхөр" хэмээн сонгоод ордондоо аваачиж тансаг сайхан амьдраад, Галидаст ч "Мегадута", "Шакундала" хэмээх туурвилуудаа бичих нөхцөл бүрдсэн бололтой... Үнэн ч бай худал ч бай... Нилээн хэнэггүй л эр байж, бас ч хааны гүнжид тоогдохоор дажгүй залуу байж. Яг үүнтэй адил Хангалын шүлгийн номыг эмх цэгц дэс дараанд оруулбал, дээр нь underground хэсгүүдийг нь нийлүүлбэл нэг монгол "Мегадута" болохоор байна. Өөрөө надад өгөөгүй. Ер нь жинхэнэ сайн шүлэг туурвилууд заавал хэвлэгдээд талх шиг тараагдах ёсгүй байх. Уншъяа гэсэн хүн араас нь хөөх ёстой байх л даа. (Танд ч бас над шиг унших боломж олдоно гэж найдаж байна) Би бол цангаж байгаа хүн. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй өсч өндийж яваа шинэ үеийн залуус яруу найргийг өөр нүдээр (жинхэнэ утгаар нь гэсэн үг) харж, эрүүл саруул төлөвшөөсэй гэсэн дээ л "цангаж" яваа хүн. За ингээд хэрэм хашаагаа даваад, бамбараа асаагаад цаашаа яваад байна даа. Хангалд хоёр зүйл байна. Дахин давтагдашгүй.

Нэг. Дуулал

Түүний шүлгүүд өөрийн гэсэн хөг аятай. Яг шүлс залгиж байгаатай адил хамаг мэдрэмжээ дотогшоогоо хумиж, хөндсөн сэдвээ төгсгөлгүй буюу төгсгөлгүй өнгөрөн үргэлжлэх цаг дээр бичдэг. Тийм учраас түүний шүлгүүд эхлэл ч үгүй... төгсгөл ч гүй... болоод өнгөрсөн ч юм шиг... ирээдүйд болох ч юм шиг. Ер нь төгсгөл гэж юу юм гэдгийг нэн тэргүүн ухаарах хэрэгтэй. Манай кино урлагт уламжлалт буддын утга зохиолоос авсан нэг гоё үг байдаг. "Төгсөв" гэж... Энэ бол дуусан юм уу? байхгүй болсон, устаж үгүй болсон гэсэн утга илэрхийлдэггүй. Бясалгалын ургац нүдний өмнө хоосон агаарт бий болж үзэгдээд мөн төгс төгөлдөр болсон гэсэн утга санаа юм л даа. Байгаа юу гэвэл байх, байхгүй юу гэвэл байхгүй... тасархай үг шүү. Ийм л төгсгөл ч үгүй эхлэл ч үгүй эмнэг ХАНГАЛ бичдэг хүн юм байна. Манай яруу найрагт байдаг. Яавал гоё шүлэг бичихэв гээд бусдаас эрж гардаг гоёчирхон дуурайдаг бол... мань хүн яав л төгс бичихэв гэж мэрийдэг бололтой. Бусдаас эрдэггүй. Бусдаас хамааралгүй гэсэн үг. Энэ нь ч аргагүй юм. Ямар нэг онол шүнгээр тайлж тайлбарлахын аргагүй ийм шүлэглэлийн хэлбэрийг "дуулал" буюу "гүр" гэж нэрлэдэг л дээ. Төвдийн Гарма Гаржүдвийн урсгалын гол гол төлөөлөгчид Мял богд, Нарова, Дилова, Гамбова, Монголын Чин сүзэгт номун хан Норовшаравын гэгээн, түүний 2-р дүр Лувсандандарванчүг, Ноён хутагт нар их хөгжүүлсэн хэлбэр юм. "Мялын буман дуулал", "Дилова, Нарова, Гамбовагийн намтрууд"-ыг уншаад үзээрэй. Гэгээрлийг олсон тэдгээр хүмүүс "гүр хайлдаг". Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл ерөөсөө зүгээр ярих нь л шүлэглэл... Бясалгалаар тэдний хоолой дахь хүрднийх нь зангиас алдарч, өөрийн эрхгүй эргэн тойрныхоо юмс үзэгдлийг тасралтгүй шүлэглэн дүрслэх бөгөөд тэр нь зүгээр нэг "зохиолын дууны шүлэг" биш л дээ. Гүнзгий утгатай, нарийн дэс дараатай, утга уянга төгс, тийм төрмөл, ундармал, ширгэшгүй билиг төгөлдөр авъяас чадвар юм. Өөрөөр хэлбэл шүлэглэн хоосон чанарыг онох хэлбэр юм. Ачийг өгүүлхүйеэ бэрх эрдэмт мэргэн багш Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш минь надад нэг удаа Ноён хутагтын нэгэн ийм гүрийг айлдав.

Эрдэнэс олоод баярлах

Эрлэгт очоод үгүйрэх

Эвсэх салах бүгдээрээ

Илт хоосон чанар юм...гэж.

Хоосон чанарын тухай Умын 5 ботийг уншиж судлахаас илүү түүний яг оносон утгыг Ноён хутагт нэг бадаг буюу 4хөн мөр шүлгэнд хурааж ингэж айлджээ гэж... Орой руу минь орсон гүр шүү.

Түүний шүлгүүдийг уншиж байгаад "энэ нь нэг хиймэл, оруулмал, чихээс" юм гэсэн мөр, үг, өгүүлбэр олоорой гэмгүй... Шанд нь шар тостой боов өгнө. Тийм юм ерөөсөө байхгүй. Тийм ч учраас манай яруу найрагт "их мэдэгч багш" нарын хэлдэг үг бий. "Өөрийгөө эвд" гэж. Тэгэх ямар шаардлага байна. Тэрэн дор "сайн бясалга, хоолойныхоо хүрдний зангиасыг алдруул" гэж зөвлөх нь эрүүл мэндэд тустай. Үүнийг л буйд алсад сураг нь гардаг Булганы Мандахсан багш нь түүнд төлөвшүүлж өгсөн бололтой байдаг. Тэр хүний ухаанд би ч бас биширч даган баясая. Өөрөөсөө билиг авъяасаар дорой юмнуудын үгээр эвдээд, хэмхлээд, эрэмдэг татанхай амьтан болчихоогүйд чинь ч бас Хангал чамд баярлая.

Гэрэлт зул дэргэд байхад

Гэгээн нар байхгүй байсан ч яахав

Багш минь дэргэд байхад

Бурхан байхгүй байсан ч яахав... гэж танхай гүр татаж явсан мэргэдийн үр сад шүү дээ бид уг нь. Ийм болохоор яруу найрагт яалт ч үгүй эрдэм төгс багшийг олж, түүнийгээ шүтсэн шиг шүтэх, айлдвар зарлигийг нь ширхэгчлэн дагах л чухамдаа эрдэм ч юм... эргээд бодоход яруу найраг ч юм. Миний амьдралын хамгийн сайхан зүйл бол багштайгаа ярьж хөөрч суусан мөчүүд... баярлуулж байсан тэр мөчүүд билээ.

Хоёр. Яруу найргийн анагаах чадвар

За ашгүй. Хангалаас зөвшөөрөл ч авав. Юу ч гэж бичсэн гомдохгүй гэнэ ээ. Хоншоортой хүүхэд... Уг нь "пионер" сэдвээр бичих гэж байна л даа. Хүн төрөлхтний шийдэж чадаагүй... бүрэн төгс шүү... асуудал бол хайр дурлал юм. Гэхдээ л бичихүй байхын арга алга. Над шиг тийм тэлээгүй банзал гэж хэлэх нь ч юув. Гэхдээ л Хангалыг зандан залуу гэвэл би лав гайхахгүй. Би асуух ч үгүй. Бичихээр шийдэв. Тэр нэг бүсгүйд дурласан бололтой. Өөрөөсөө нь эгчмэд ч байж мэднэ. Ер нь л төгс бүсгүй байж. Яагаад өөртөө ойртуулаагүй юм бүү мэд. Нүд, хөмсөг... яааяаяаяая лайтай амьтан байсан байх аа. Тэгээд л мань эр бичиж өгч дээ. Хэрвээ... сэн бол гээд л. Үнэндээ хамтрахаас амсдаг сайн сайхан зүйл... таашаал тайвшралыг эдэлсэнсэн бол бол Хангал хэзээ ч ингэж бичихгүй байлаа. Мэдрээгүй учраас л... төсөөллөөрөө бичиж өгчээ. Тийм ч учраас би дээр хэлсэн. Сэтгэлээс үүддэг 404 төрөл өвчнийг анагаах увидастай "Мегадута" гэж. Тийм л юм болсон юм. Ер нь хүн 25 насыг хүртэл нандин шингэнээ гадагшлуулахгүй бол эр хүнээс занданы үнэр үнэртдэг гэж байгаа. Насан туршид нь... Тийм туршилт маягтай зүйл олон хүн дээр бий болж... Хувьсгалын жилүүдэд амьд мэнд үлдсэн хутагт хувилгаадад тохиолдож л байсан зүйл... харин коммунист үзэл суртал эсрэгээр нь хэрэглэж байж л дээ. За энэ ч яахав. Бүдүүлэг үг. Харин хүмүүс Хангалын шүлгийг уншаад юу олж авах гэдэг л байна. Тэд эхлээд тайвшралыг олж авна. Дараа нь тачаалаар энэлсэн сэтгэл нь анагаагдана. Үүнд л яруу найргийн ид шид оршиж байгаа билээ. Үнэнийг хэлэхэд би түүнийг урт наслаасай. Өнөөдөр анзаарахгүй өнгөрөх ч... хожим ухаарах цаг нь ирэхэд... олон олон шархалсан зүрхийг анагаах жинхэнэ монгол "Мегадута" бичээсэй гэж бодож байна. Тэдний дунд та бидний үр үртэс ч байж мэднэ. Ахад нь өөр хэлэх ч юм алга даа. Яруу найраг гэдэг бол тайвшрал, эмнэл зүй, анагаах ухаан. Түүнийг ямар ч эрх мэдэл, ширээ сандал горилоогүй байгаагаараа байгаа хүн л бүтээж чадна хэмээн итгэдэг билээ. Яг Галидас шиг... Миний дүү итгэлийг минь битгий алдаарай.

Хүрээ хөвгүүн ах нь

Жич:

1999 оноос хойш 10 жил юу ч бичсэнгүй. Чимээгүй явлаа. 2009 онд баахан юм бичив. Энэ хамгийн сүүлчийнх нь. Дахиад 10 жил чив чимээгүй амьдрахаар шийдлээ. Амьд яруу найраг, орчин үеийн уран зохиолын тухайд шүү. Нарийн яривал онгон үеийн яруу найргийн тухайд... Түүнээс бус эрдэм судлалын ажилаа эрчимтэй хийж багшийгаа баярлуулъя гэж бодсоноос өөр зорилго алга. Авъяасгүй бацаанууд боорлож л байна... Аргагүй л дээ. Энэ 10 жилд авъяастай болоорой... Хүнд хэлэх эрдэмгүй ч мөргөх эвэр туурайтай болоорой. Гэхдээ л алтан шаахай өмсөвч алцан майга нь арилахгүй л байх... Баясаа, Баяраа, Хангал та 3т өрнө, дорно, монгол гэсэн 3 хэрэм нэвтлэх шинжлэлээ үлдээв. Дараагийн үедээ та 3 л "Хүрээ хөвгүүд"-ийн та нарт үлдээснийг дамжуулахыг бодоорой. Хэрэм нэвтэлж, хил хязгаараа тэлээрэй. Монголын уран зохиол гэдэг (товчилсон нэрээр МУЗ) Муза гэдэгтэй адил үргэлж дуурьсах болтугай.

Good bye. Онгон үеийн яруу найраг минь.

Аа тийм мартах шахаж "Бороо орохын өмнөх өдөр" гэдэг Хангалын номыг заавал уншаарай. Догдолж уншина уу? дооглож уншина уу? хэрхэхийг тэнгэр мэдсүгэй... гэж.

Савка

Мандалговийн тэмдэглэлүүд буюу Ороолонгийн Элбэгтөгсийн “Одоо цаг”

1. Мандалговьд зөөлөн сайхан бороо шөнөжин орсоны маргааш би түүнтэй уулзахаар давхиж билээ. Зуны дэлгэрмэл цагийн сайханд борооны дараа байгаль дэлхий шинэчлэгдэн үзэгддэг хуурмаг төрхөөрөө нүд баясган байлаа. Тэр намайг гэмгүй даруухан хүүхэд шиг төрхөөрөө инээд алдсаар угтав. Үсний засалтаа өөрчилчихөж, жаахан турсан ч байж магадгүй. Лорд Байрон шиг нарийн таяг тулсан нь ойрд залуу хүн ингэж “гангарсан”-ыг хараагүй тул сонин. Гэрийнх нь хаяанд суугаад бид хоёр уран зохиол, зарим нэг атаархмаар хүмүүсийн тухай ярилцаж, “Хүрээ хөвгүүд” хийгээд “Хөх мэдэрхүй”-нхнийг баахан ”муулав”. Эцэст нь баахан “альтернатив” философи ярилцаад тэр намайг хашааныхаа үүдэнд гаргаж өгөөд хоцорсон билээ. Орой нь би энэ хотод үзэл санаа нийлдэг, уулзаж ярилцахад урамтай, яруу найргийн арай өөр сэтгэлгээтэй яруу найрагч ГАНЦ байгаа нь ямар сайн хэрэг вэ? хэмээн сэтгэл догдлон бодож билээ. Түүнээс биш ганц ч номын дэлгүүргүй, шинэ ном, шинэ уран зохиолын ҮНЭР ч аваагүй энэ газар яруу найраг ямар байдгийг олонх чинь надаар хэлүүлтгүй мэднэ дээ? На, на ,на , на уул минь, аа, аа, аа, аа, алтан бишгүүр, мөнгөн юу, ии, ии, ии, ии, ии энэ муу хайраа би яах вэ? л шүү дээ?

Түүнээс хойш хэд хоногийн дараа нутаг орон, утаа майгаа руугаа буцахаар болж тэднийд дахин очив. Лорд Байроны таягаа гээж, залуу хүн шиг тэвхэлзэж угтсанд нь их л баярлав. Хөх мэдэрхүйн ” Хаврын ном”, Хүрээ хөвгүүдийн “Хэрэм нэвтлэгч”-ийг баахан “муулж” таашаал аваад, энд тэндхийн этгээд сонин “дүрүүд”, эвгүй зарим “гарууд”-ын тухай ярилцсаар, хүргэн хүүгийн энэ жилийн “хазганалт” дуусч, Хүрээ хот руугаа буцах болсноо дуулгаад ахан дүүсийн ёсоор тэврэлдэн салав. Орой нь би энэ хотын Солонгос сериалаа үзээд, онигооны сонин гарчиглаж суугаа сэхээтнүүд дунд хүний мөн чанар, амьдралд хандах хандлага, ирээдүйн хүсэл тэмүүллээрээ арай өөр залуу ГАНЦ байгаа нь ямар сайн хэрэг вэ? хэмээн сэтгэл догдлон бодсон сон. Түүнээс биш намаараа талцаж, сумаараа хуваагдсан энэ газар дарга болж, торго өмсөх хүсэлтэй залуусаар дүүрэн болохоос эгээрэл гэгээрлийн зүйл бодоод эргэлзэж суудаг нь цөөхөн дөө?

Гар утасны vibrator залгасан юм шиг Дундговийн дэржигнүүр замаар буцаж явахдаа оюун санааны шинэ үе хэзээ эхлэх, найдвар ер нь бий эсэх тухай эмзэглэн бодох зуураа Элбэгтөгсийн яруу найраг жилийн хооронд хэрхэн өөрчлөгдсөнд гайхаж билээ. Энэ хоёр бодол минь хоорондоо мөргөлдсөөр, энэ цагийн шинэ сэтгэлтэй, гүн ухаантай залуус, нэг мэдсэн хүнээ байгаад намаа хөөгөөд, хослол зангиа хоёрын “гол” болоод дээгүүр ярьж, доогуур ухсан хүн болчих вий гэх айдас төрж, яруу найрагт дурласан хүмүүс яагаад ч тийм болохгүй хэмээн өөрийгөө тайвшруулаад өмнөх замаа ширтэж билээ. Үнэн шүү? Яруу найраг, зөвхөн яруу найраг ч биш ер нь уран зохиол зөв мөн чанарыг нь зөв ухаарсан хүнийг хэзээ ч муу үйлд шамдуулж, муухай хэрэгт түлхэж байхыг би хараагүй. Нэгэн эрхэм багшийн хэлснээр” муу хүнээс муу л зохиол төрдөг. Харин сайн хүнээс сайн зохиол төрдөг” гэсэн үг үнэн гэдэгт итгэх болсон тул овоолсон их мөнгөөр дарсан ч тэднийгээ оюун санааны дархлаагаа алдахгүй гэж баттай бодлоо. Тоосрон байгаа замын үзүүрт жижигхэн бор толгой үзэгдэхээ байсан ч тэр бор овооны урд энгэрт бодсон бодлууд минь үргэлжлэн хөвөрсөөр байж билээ. Намхан толгодынхоо дунд үлдсэн Элбэгтөгс надад өндөр бодлууд үлдээсэн учир Хангайн ногоон даваагаа харах хүртлээ би Мандалговийн бодлуудаасаа магад салж чадаагүй билээ.

2. Ороолонгийн Элбэгтөгсийн “ОДОО ЦАГ” хэзээ эхэлсэн бэ? Яг хэдийд, хэдэн цагт гэж би хэлж чадахгүй нь. Ямар ч байсан анхныхаа номыг гаргаснаас хойш. Намайг “Ер бусын Галсансүхийн ердийн нэг хуулбар” хэмээн шүүмжилснээс хойш эхэлсэн гэдэг нь тодорхой. Харин яаж эхэлсэн бэ? гэдгийг би тааварлаж байна. Ингэж л эхэлсэн юм.
Одоо цагт бүхий зүйлс
Оршин байгаа нь тоосон харгуй /elbegtugs.blogspot.com/
Тоосон харгуй-хоосон харгуй. Ямар нэгэн шинэ гүн санааны эхлэл. Тэгээд хөл үймээнээс хол өөрийгөө чагнах боломжтой газар Элбэгтөгсийг их өөрчилжээ. Хотод тэр өөрийгөө олж харахгүй зөвхөн бусдын үнэрийг үнэртэж, бусдын хашаанд майхнаа шааж, бусдыг шохоорхох шохоорхол нь хүчтэй байсан бол харин Мандалговьд бусад гэдэг нь зөвхөн тэр ӨӨРӨӨ болсноо ойлгож эхэлжээ. Ийм сайхан ХУВИРАЛ хүн бүхэнд оногддоггүй юм. Хуучны улсууд өсөж томроод өнгө зүс орсон хүүхдийг” мөн сайхан хувирчээ” гэдэгсэн. Түүнтэй адил би Элбэгтөгсийн шүлгүүдийг “мөн сайхан хувирч дээ?” гэж хэлэх гээд байгаа санаатай. Ингэж хувирч эхэлсэн юм.

Энд бас сэрүүхэн байна гээд хүүхнүүд нь хөвөнтэй өмд өмсдөг ч
Энд бас сэхээтнүүд нь Солонгосын сериалыг шүлсээ залгилан үздэг ч
Энд бас соотон чихтнүүд хов зөөж нэгнийхээ амьдралыг үрдэг ч
Энд бас надтай хамт Дональдыг үздэг хүүхдүүд байдагт би баярладаг
/elbegtugs.blogspot.com/

Нэг үгээр ингэж тэр амьдралын мөн чанарыг анзаарч эхэлсэн байна. Эрээн бараан, шударга бусыг олж харсан нь түүнийг яруу найраг гэдэг инээд биш нулимс, яруу найраг гэдэг зөвхөн өвөрмөц содон байхад бус өөрийнхөөрөө амьдралыг ухаарахад байдгийг мэдүүлсэн ажээ. Тиймээс хүүхэд мэт ариун сэтгэлтэй байхыг эрхэмд үзэж, гэгээн сайхнаар мөрөөдөхөөс хэзээ ч буцахааргүй ТЭМҮҮЛЭЛ” түүний яруу найргийг их өөрчилсөн байна. Нэг хэсэг бие нь тавгүйдэж, тэгээд тэр өвдөхийн хүндийг мэдэрсэнээр, үхлийн тухай бодлууд яруу найрагт нь түрэн орж иржээ. Ийм зүйл амьдралд байдаг л юм. Нэгэн яруу найрагч хүндээр өвдөөд эдгэснийхээ дараа хуучин бүх шүлгүүдээ шатаагаад цоо шинээр эхэлсэн тухай уншиж байлаа. ҮХЭЛ яг СОЁЛ гэдэг шиг дэлхий дээр хамгийн олон тодорхойлолттой зүйл. Тиймээс түүнийг дэндүү олон янзаар шүлэглэсэн, тэр бүхнээс магадгүй хамгийн үнэмшилтэй нь “ҮХЭЛ бол ШИНЭ АМЬДРАЛ” гэдэг л юм шиг надад санагддаг юм. Харин энэ сэдвээр О.Элбэгтөгс ингэж бичжээ.
Нөхцөгсөдийн сүнс намайг дуудна
“Нөгөө ертөнцөд ирээч” гэнэ
Гэвч тэр ертөнцөд замчлах
Гэрэл гэгээ нь хэн болох вэ? /elbegtugs.blogspot.com/

Дантегийн нэг оронд Беатриче замчилдаг шиг үнэхээр тэр оронд биднийг хэн замчлах вэ? бодох л асуулт. Энэ насны сайн үйл ч замчилдаг байж болох юм. Үгүй бол манай ертөнцөөс өмнө нь буцагсад тосож аваад заримыг нь таван одтой буудалд, заримыг нь тамын таван одтой тогоонд чанадаг байхыг үгүйсгэхгүй. Дахиад л ЗАМ.
Хаанаас ирснээ мэдвэл
буцах газраа олчихно
Хаанаас ирснээ үл мэдэх нь
Хангалттай амьд явахын шалтгаан /elbegtugs.blogspot.com/
Сонирхолтой санаа байгаа биз. Гэхдээ би л хувьдаа хаанаас ирснээ мэдсэн ч мөд буцахгүй. Ер бусийн Галсансүхийн айлдсанаар”үхтлээ амьд явна”. Элбэгтөгсийн блог дээр бичсэн шиг “ гэтэл одоо хүчтэй ганц найтаахад л гучин нас хүрчих гээд байдаг” гэдэг шиг чадвал дахиад дөрвөн удаа хүчтэй найтаах хүсэл байна. Хүн хүний хүсэл таашаал өөр. Тиймээс ч хаанаас ирснээ үл мэдэх нь хангалттай амьд явахын шалтгаан гэдгийг олж харсан нь хүн сэрэхүйн өнцөг өөр өөрийг илтгэнэ бус уу? Тиймгүйсэн бол:
Тэнгэр хараад надад атаархал төрдөг
Тэрээр яагаад ийм хүлцэнгүй, амирлангуй, нам тайван
Тэнд орших үүлс шигээ үзэсгэлэнтэй
үүрд оршуулагдсан үхдэл мэт анир чимээгүй
байна вэ? /elbegtugs.blogspot.com/ гэж өмнөхөөс ангид уужимхнаар ухаалгаар сэтгэхгүй байсан даа? Тэнгэр амирлангуй нь хүмүүст тайвшрал төрүүлж, тэнгэр хүлцэнгүй нь хүмүүсийг даврахад хүргэсэн ч өнө мөнхийн амар амгаланг тэндээс мэдрээд үй олон шүлэг бичсэний ердөө нэг нь энэ. Зах хязгааргүйн мэдрэмж үнэндээ биднийг “дээр хөхрөгчид” хүндэтгэлтэй хандахад сургаж, бид ч түүний гоо сайханг үнэн зүрхнээсээ биширч чаддаг болжээ. Хэрэв анзаарсан хүнд бол говийн тэнгэрт одод их л ойрхон түгдэг юм. Тэгэхээр тэр зүгийн хүмүүст тэнгэр ойрхон гэсэн үг.
Эцэст нь “Хөх мэдрэхүй”-н яруу найраг жинхэнэ тунамал өнгөө олох эсэхийг хүлээх л үлдлээ. Элбэгтөгс ч цааш дахин яаж хувирч, хуучин цагийн тодорхойлолтоор уран бүтээлдээ өсөхийг ажиглах л ажил үлдлээ. Хаврын ном зулзагалж, Өвлийн ном өөр байхыг хүсье.

Өнөө муу Хүрээ хөвгүүн зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг

2010-10-09

Дэлхийн дүү нараа хайрлах өдөрт дэлбэрч бичив, ээ

МИНИЙ ХУВЬД УРАН ЗОХИОЛ БОЛ ГАРЦ

Батсуурийн БАЯСГАЛАН Говь-Алтай аймгийн Бугат суманд 1986 онд төрж, 2008 онд МУИС-ийг төгссөн. Өдгөө МҮОНР-д ажилладаг. Тэрбээр саяхан “Арван гуравдугаар сарын бороо” хэмээх уран бүтээлийн анхны түүврээ хэвлүүлсэн юм.

- Уран бүтээлийн анхны түүврээ эх барьж авсанд баяр хүргэе. Уран зохиолын ертөнцтэй Та хэрхэн холбогдсон хүн бэ?
- Баярлалаа. Шүлэг бичиж эхлэхэд юу нөлөөлснийг мэдэхгүй. Харин уран зохиолд дурлахад аавын маань асаасан гэрэл гэгээ нөлөөлсөн шүү. Манайх Говь-Алтай аймгийн Бугат суманд байдаг байлаа. 1990-ээд онд, ардчилал зах зээл эхлэх үеэр аав маань нутагтаа хувийн жижигхэн лааны үйлдвэр байгууллаа. Лаа хийдэг айл чинь хөдөөгийн буйдад гэрэл гэгээгээр дутна гэж үгүй. Гэрэлтэй айл чинь яах билээ, бөөн ном сонин гэр дүүрэн зулчихаад л ийш тийш хараад өнөөхөө шагайгаад сууцгаачихна шүү дээ. Тэгэж би аав ээжийгээ дагаж лааны гэрэл бараадан сонин, ном үсэглэсээр 1 дүгээр ангид орохоосоо өмнө бие даагаад уншдаг болчихсон байв. “Раамын үлгэрийн цоморлиг” уншчихсан хүн чинь цагаан толгой энэ тэр гэж ярихгүй шүү дээ… Харин 2 дугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн санагдана.
- Өнөөдрийн манай уран зохиолын талаар залуу хүний хувьд ямар санаа оноотой явдгийг тань сонирхож байна?
- Монголын уран зохиолын маргаашийг би их өөдрөгөөр хардаг. Өөрийнхөө үеийн залуусыг гадаад ертөнцийг их уншаасай, бас үндэснийхээ уран зохиолыг их судлаасай гэж боддог. Өөрөө ч мөн тийм байхсан гэж шамдаж явна. Монголчууд уран зохиолын өвийн хувьд их баян ард түмэн. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй, бас бусдыг хэр болохыг танихгүйгээр “давшилтанд” орж болох уу даа.
- Уран зохиолыг нэг хэсэг нь сэтгэлийнх, нөгөө хэсэг нь сэтгэлгээнийх байх учиртай гэх зэргээр маргадаг. Таныхаар бол уран зохиол гэж юу вэ?
- Зүрх үү, тархи уу гэдэг дээр сонголт хийж болно гэж үү? Мэдрэмж үү, сэтгэлгээ юу гээд маргалдаад л байдаг юм. Сэтгэлээрээ, мэдрэмжээрээ бичнэ гэдэг их л уугуул мөн чанар, унаган авъяасны үр шим байх. Харин уран бүтээлч цаг хугацааны явцад төлөвшөөд, төгөлдөршөөд, оюуны хувьд бяд суугаад ирэхээрээ сэтгэлгээний гайхамшгийг бүтээдэг байх. Сэтгэлгээ, мэдрэмж хоёр салшгүй найзууд болохоос дайсан биш. Бие биенийх нь өөдөөс сөргүүлээд маргалдаад байх шаардлага юу байна… Бусдын хувьд юу юм мэдэхгүй, яг миний хувьд бол уран зохиол “Гарц” л болж таарч байна… Ганцаардлаас, санааширлаас, бусдаас, өөрөөсөө, ахуйгаас, харанхуйгаас бас гэрэл гэгээгээс гээд л…
- Өөрөө шүлгээс гадна үргэлжилсэн үгийн төрлөөр бичдэг, орчуулга хийдэг. Ойрд энэ чиглэлээрээ юу амжуулж байна?
- Тийм мундаг зохиолч, орчуулагч биш шүү дээ би. Үргэлжилсэн үг ч бай, орчуулга ч бай надад бол залуу хүний хувьд өөрөө өөрийгөө нээх гэсэн эрэл хайгуул л юм даа. Хэд гурван өгүүллэг бий. Орчуулгын хувьд болвол энэ чиглэлээр хилийн гадна мэргэжил олчих юмсан гэж хүсэх л юм. Б.Ринчен гуай “Марк Твений минь махы нь идэж дээ” гэсэн шиг орчуулга гэдэг овилгогүй болгоны оролдоод байдаг эд биш дэгээ. Муу орчуулгыг бол орчуулж байна уу, оршуулж байна уу гэж л ярина. Орчуулга хийж байгаа хүн цаад зохиолынхоо өмнө ч, эх хэлнийхээ өмнө ч асар их хариуцлага хүлээж байгаа хэрэг. Тиймээс л орчуулгын эрдмийг мэргэжлийн түвшинд эзэмшиж байж би орчуулагч гэж хэлэх зүрх хүрэх байх. Одоо бол надад баахан зориг, хоосон санааширал л байна.
Хэд хэдэн яруу найрагчийн бүтээлийг англи хэлнээс өөрийнхөө хэмжээнд хөрвүүлэх гэж хичээсэн. “Орчуулагчдын гар дороос орхигдож үлдэж чадсаныг нь л яруу найраг гэж нэрлэе” гэж Роберт Фрост хэлсэн байдаг даа. Тэгэхээр яруу найргийн орчуулга гэдэг боломжтой ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Харин үргэлжилсэн үгийн нэг том зохиолыг дотроо бол амлаад авчихсан яваад л байгаа. Тэрнийхээ гүйцэтгэлийн хугацааг нь “ямар ч л гэсэн амьд ахуйдаа” гэж тогтоосон.
- Уран зохиолын ертөнцөд тодорхой үеийнхэн өөр өөрийнхөө өнгө аясаар дуу хоолойгоо гаргаж байдаг шиг санагддаг. Таны үеийн хэсэг залуу уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг, бас ихэнх нь номоо гаргажээ. Тэднийхээ талаар товчхон яриач?
- МУИС-ийн Утга зохиолын нэгдэл биднээс өмнө, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нарын үеэс л үндэс мөчир нь салаалсан өндөр түүхтэй ариун хүрээлэл. Энд бидний оюутан нас, ойворгон гэнэн, дурсамжтай мөчүүд өнгөрсөн. Найзууд маань бүгд анхны номуудаа гаргачихлаа. Ганц шүлэг гэхгүй үргэлжилсэн үг, жүжгийн зохиол бичдэг “хүүхдүүд” ч бидний дунд бий. Бас хэл ус сурч, биеэ бэлтгэж буй нь ч бий. Алт, мөнгө, хүрэл үе нь яах вэ. Хамгийн гол нь үе үе бүхэн өөр өөрийн гэсэн тодорхой үүргийг хүлээж, түүнийгээ маш сайн биелүүлж байж л Монголын утга зохиол хөгжинө шүү дээ.
- Танд хамгийн их таалагддаг зохиол, зохиолчийг нэрлээч гэвэл хэн хэнийг гэх вэ?
- Канадад байдаг эгч маань надад маш их ном явуулдаг юм. Тэгэхээр би номоор их баян. Тони Морисон гэж Нобелийн шагналтай, хар арьст хадагтай бий. Түүний “The Bluest eye”, “Beloved” гээд хоёр зохиол байдаг юм. Эдгээрийг их догдолж уншдаг. Сэнгийн Эрдэнэ гуай бол үнэхээр мундаг. Мэдээж өөр олон зохиол, зохиолчид бий л дээ. Яруу найрагчдын тухайд бол Батжаргалын Одгэрэл найрагчийг хүндэлдэг.

"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.04.03-ны дугаараас

"Хүүхдүүдээ тойруулж суулгаад шүлгээ уншиж өгөх сөн гэж мөрөөддөг"


Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний ажилтан, залуу яруу найрагч Н.Нарангэрэлтэй “Чин Сүзэгт Номун Ханы өв соёл” хэмээх номынх нь талаар ярилцлаа.

-Та нэгэн өвөрмөц номоо өлгийдөн авлаа. Энэ номынхоо тухай яриагаа эхлэх үү?
-Энэ жил Чин Сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшаравын мэлмий гийсний 310 жилийн ой тохиож байна. Эл ойн хүрээнд энэ сарын 28-нд эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн зохион байгуулж мөн энэ түүхэн хүний ойг угтсан олон ажлыг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. Лувсанноровшарав бол Энэтхэг орноо Бардужин, Цэвээнбазар, Шийравпэрэнлэй, Бүрэн-Олзод, Гурувоба төвд орноо Лхаваандорж, Сономдагва, Сономдорж, Лодойдэмид, Баншарав, Рэнцэнбал, Ганжууржав хэмээх XII удаа тодорч Монгол оронд Лувсанноровшарав нэрээр үүнээс хойш үе уламжлан Монголд V дүр тодорсон болно. Эл гэгээний дараагийн дүр нь тодорсон байгаа ч одоохондоо нууцлагдмал байна.

Лувсанноровшарав бол зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, Монголын шашин соёлд томоохон хувь нэмрийг оруулсан нэгэн. Тэрээр Ордост Шар зуу хэмээх хийд байгуулаад 1751 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут суманд Чин Сүзэгт номун хан хутагтын хүрээг байгуулсан. Чин Сүзэгт номун хан гэдэг нь түүний цол, Эрдэнэ ноён цорж, Чин Сүзэгт Номун хан хутагт хэмээн дууддаг халхын 13 тамгатай хутагтын нэг болно. Миний эл ном хөдөө орон нутгаар судалгаагаар явж тухайн хийдэд шавилан сууж асан настай хүмүүсийн дурсамж яриа, шинээр олдсон гүр дууны нэгэн дэвтрийг хөрвүүлэн 70 гаруй гүр дууг нээснээрээ шинэлэг бүтээл болсон болно.

-Эл хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юу вэ?
-Тэрээр 7 сүм бүм төвд хэлээр бичсэн бүтээлтэй нэгэн. Энэтхэг төвдөөс уг гарвалтай гүр дууг Монголд уламжлуулсан, Ордосоос ирээд Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээг үүсгэн байгуулж бусад хийдээс нэлээд ялгавартай байдлаар хурлын ая данг уламжлуулсан бөгөөд тухайн үед Чин Сүзэгтийн хийдэд 130 гаруй нэр төрлийн ном хурдаг, цам майдар эргэх ёс шашны уншлага нь ч ихээхэн өвөрмөц юм, тэр байтугай Их сангийн тийзийг хүртэл хэрэглэдэг байсан талаар тэр хүрээнд шавилан сууж асан хэл зүйч Я.Цэвэл гуай дурсан бичсэн байдаг. V дүрийн үед шашны жижиг хэмжээний сургуулийг байгуулж 25 хүүхэдтэй хичээлүүлдэг байсан юм билээ.

-Номын редактороор хэн ажиллав. Та залуу хүн судалгааны ном бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Судалгааны ажил хийх гэдэг бол чөмгөө дундартал сууж байж бүтээл гардаг. Гэлээ гэхдээ би Баянхонгор аймгийн Галуут суманд Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээний ойролцоо төрсөн учраас судалгаа хийхэд дөхөм байсан. Нутаг усандаа ямар нэг үзэгдэх дүртэй, уншигдах үсэгтэй юм хийнэ гэж үргэлж боддог байсан минь зах зухаасаа биелэгдэж байгаад дотооддоо баяртай байна. Хутагт Лувсанноровшаравын талаар судалгаа хийх гэж тэр хийдийн ойролцоох Ёлын ам хэмээх газар луу явж байгаад нохойд хүртэл хөөгдөж байлаа. Намайг анх эрдэм номын цагаан мөрд хөтлөн оруулсан миний багш МУ-ын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багш, Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян багш нартаа талархал илэрхийлье.

-Та бас яруу найрагч хүн “Хөх мэдрэхүй” яруу найргийн бүлгэмийн тэргүүн. Сүүлийн үеийн яруу найргаас тань сонирхвол?
-Шинэ залуу яруу найрагчдын “Хөх мэдрэхүй” бүлгэм маань өнгөрсөн жилийн хавар “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” нэртэй номоо гаргасан. Одоогоор хүн бүр хувь хувьдаа тус тусын хоёр дахь бие даасан номоо гаргах нь гаргаж, зарим нь орчуулгын бүтээлд хүч үзэж байгаа. Миний хувьд “Тийн мэдрэхүйн гуниг” номоо уншигчийн хүртээл болгосон. Хавраас нэг ном гаргана.

-Яруу найраг гэдгийг нэг өгүүлбэрээр эсвэл нэг мөр шүлгээр илэрхийлвэл?
-Миний өмнөх номонд нэг шүлэг буй. Сэтгэлрүү минь нүдээ дүр дээ, Шил хэрэггүй ээ тэнд чи бүхнийг харна. Сэмрэх догдлох, санаашрах, өмөлзөх, шархирах нь сэлүүрийн цаана тэмцэж буй усны түлхэлт шиг л... сэтгэлийн өвчин гэх үү дээ үүнийг би... гээд цааш үргэлжилдэг... сэтгэлрүүгээ харилцан сайн дүрэлцвэл энэ амьдрал аандаа амттай... амьдрал өөрөө уран зохиол ш дээ. Тэр зохиолын сайхан мөн чанарыг салгавал дотор нь Дорж Дулмаа гэх хүний амьдрал л байдаг. Хэр дүрж чадаж байна хэр өөррүүгээ өнгийж орж байна гэдгээс шүлгийн үнэ цэнийг мэдэрч таашааж болох байх. Сэтгэл оролцсон юм бүхэн урлагтай болдог. /Инээв/

-Таны хүндэлж явдаг зүйл. Мөрөөдөл?
-Ном. Зүгээр л ном тэврээд суух сайхан шүү. Үүнийг ойлгох хүмүүс ховор байх л даа. Гэхдээ л би яг тийм л ертөнцөд байхдаа хамгийн их аз жаргалтай болдог. Яагаад ч юм би яруу найрагт хачин их хайртай. Дэлхийн сонгодогууд, Монголынхоо уран зохиолоос шилж уншдаг. Д.Нацагдорж, П.Лувсанцэрэн, Д.Нямсүрэн, Д.Батбаяр, Ц.Урианхай, Т.Баянсан, Б.Одгэрэл гээд л нэрлээд л байвал олон хүн байна. Эдгээр хүмүүс бүгд өөр хоорондоо давтагдашгүй гайхалтай оюуны их язгууртнууд. Надад тийм том мөрөөдөл байхгүй. Бурхны зурсан хувь тавилангаар амьдарч, шүлгээ бичиж, олон хүүхэдтэй болоод тойруулж суулгаад шүлгээ уншиж өгөх юмсан л гэж мөрөөддөг.

-Та дээр яруу найрагт хайртай гэсэн. Өөр юунд хайртай вэ?
-Би хүүхдүүдэд их хайртай. Тэд ямар хөөрхөн гээ. Уйлаад сууж байснаа ганцхан ширхэг чихэр авангуутаа нүд нь гялалзаад л явчихдаг. Энэ утгаараа би хүүхдүүдэд бага боловч туслах юмсан бодож явдаг. Өнгөрсөн “Соёлын өвийн боловсролын төв” ТББ-ыг байгуулсан. Монголын соёлын өвийг хадгалж хамгаалж, өвлүүлэх мэргэн арга бол хүүхдүүдэд бага балчраас нь зааж сургаж зөв хүмүүжилтэй болгох юм. Манай төв хүүхдүүдэд хувцасаа яаж өмсөхөөс өгсүүлээд монгол оньсон хөлөгт, ясан тоглоомуудыг зааж сургадаг. Мөн гэр оронгүй өнчин өрөөсөн хүүхдүүдэд бүх талаар тусламж дэмжлэг үзүүлдэг.

Н.Оюундалай http://niigmiintoli.mn/

Бүүвэйд бичсэн захидал


/Нийтэлж болох захидалаасаа нэг нэгээр нь дэлгэнэ ээ./



Мөрөн.
Ш.Хатанбүүвэйбаатарт



Хөр цас, хөх далай, сарьдаг уулсын хөвүүн таньд энэ захиа очих өдрийн гэгээн мэндийг хүргэе.

Орон гэрээсээ алс оюутны шуугиант хотхонд танин эгээрэх, туурвин бүтээхүйн хүрдийг эргүүлсээр нам гүмхэн амьдарч байна даа, дүү нь. Яг л таны хүсдэг шиг, миний төсөөлдөг шиг тийм амьдрал, аз жаргал их хотын хаа нэгтээ хүлээж буйд итгэнэм.


Зориуд зорин ирж “Хянатугай!” хэмээн үлдээсэн номны тань эхийг өнгөрсөн гурван хоногт хэдэнтээ уншсаны эцэст энэ захиаг бичье гэж шийдлээ.

Энэ бичил ертөнцийн эхлэл болсон нэр нь: “Гуч хүрээд л үхмээр санагдах...” Нэрлэлт дөрвөн үгийг дотроо тарни адил шивнэн явсны үрээр, таны санаашрал, гутрал сэхлийн совинг зуур ч атугай мэдрэв.

“Санаа алдахаас өөр салхигүй”-н салхи эндээс нэвт үлээсэнд дотор бүлээсч, анх хэвлэлээс нь авхаар догдлон алхаж явсан мөч шиг үлэмж дотно санагдав.

Тэр дотно салхи нэгэн бодлыг хөгжөөсөн нь: “Өнгөрөгч хугацаанд таны шүлгүүд хойшид Хатанбүүвэйбаатарын гэгдэх агшины мэдрэмжийг нээх нэгэн хэлбэр, тэр хэлбэрийг илэрхийлсэн нэгэн номыг бүтээхэд зориулагджээ” гэсэн санаа. Туурвин бүтээгчийн хувьд үүнээс илүү олз үгүй. Харин яруу найрагчийн хувьд өсөн дэвжих замын тань нэгэн гэгээхэн /магад хамгаас гэгээн/ үе нь энэ болов уу.


Амьдралын халуун хүйтнийг эрт мэдэрч, томчуудын ертөнцөд хөлөө олж ядсан он жилүүд төгсгөл болж, өөр үзэл бодол, өөр тэмүүлэлээр амьдарч эхэлж буйг тань энэхүү шинэ номоос хару байна. Хэдий би хараахан эцэг болж амжаагүй ч, эрийн хугархай мөний учир, ерөөс хүн мөнийн учир хүүдээ зориулсан шүлгүүд тань машид таалагдсаныг, тийн ахаараа бахархсанаа, андадаа далдхан атаархсанаа нуух юун.


Уран бүтээлчийн “Урлан бүтээхүйн эрэл”-ийн гэрч болон үлдэх хараахан хэвлэгдээгүй энэ номыг нэрнээс нь эхлээд өөлж гоочлох хүн гарах л байх. Гэвч, энэ бол урлаг. Үхмээр санагдсан мөч бүхэндээ шүлэгчид нөгчдөгсөн бол яруу найраг гэдэг шарилын бичээс төдий л байхсан. Тэрчлэн таниас цаашид “Үрээ санахаар л үхмээргүй санагдах...” гэхчилэн ном гарваас би л лав гайхахгүй ээ.


-“Энэ номоо Есенинд зориулж байгаа юм” гэснийг тань санаж байна. Мөнгөн зууны гутрангуйн шүлэгчидийн тавилан шүлэг шигээ байсан гэдгийг санаарай! Ахматова охин насандаа үхлийн тухай шүлэг бичсэн гэдэг. Юутай уудам зүрх вэ? Түүний зүрхнээс хагас зууны хагас зууны турш уй гунигийн мөрүүд урсжээ. Гэхдээ, хэдэн шүлэгчийн зүрх ийм уудам гэх вэ? Шүлгийнхээ хүйтэн давалгаанд амьдралын ёроол руу шидэгдсэн олон олоншүлэгчийн алдар нэрийг дуудаж чадах байна. Гэвч

“...Өнгө мөнгөнд шүтэж амьдрах

Өргөмж алдарт шүлэнгэтэж явах

Энэ насны шуналын гал

Эцэс хойтын тамын гал” гэдэг биш үү.

Харагдахгүй байгаа гэрлийг л харанхуй гэж би санадаг. Тиймээс “Хагацъя даа даа анд минь...” гэсэн мөрийг Хатанбүүвэйбаатараас хэзээ ч хүлээхгүй.


Цэцэн ухаан билэг авьяас бурханыг орлосон энэ цаг үед цэнгэл жаргалын охь нь яруу найраг байх болно.

Бүдэг өнгө ноёрхсон хотын ертөнцөд, тосгоны үнэртэй тодорхой уран шүлгүүд тань “Амьд үлдэнэ” гэдэгт итгэнэм. Үүнээс илүү өглөг, үүнээс илүү буян гэж үгүй ээ. Ах минь.

Хотод одоо л нар мандаж байна. Цонхоор сэрийгч улиангарын биенд ассан нарны сүүн туяа энэ захидалын мөр бүхнийг адислав.

Ирэх цагийн нэгэн чөлөөнд их сургуулийн гудамнаа инээж уулзаад, их хотын аниргүйд шүлгээ дуудах мөч иртэл Муза-Янжингийн мэлмий үзэгний тань өлмийг таалан тэтгэж, үр амьтай амьдралын тань замыг чанагш тэнгэр тэтгэх болтугай.





Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгийн гишүүн

Ш.Я.БАЯР

2009.11.29

Улаанбаатар. Оюутны А хотхон.

Ц.Дэлгэрмаа: Миний анхны хайр шувуу шиг л нисч ирсэн

Эх сурвалж: Olloo.mn

2008.12.26 20:59

Р.Чойномын нэрэмжит "Оюухай 2006" наадмын дэд, О.Дашбалбарын нэрэмжит "Утгын сүм" тэргүүн, Хайрын шүлгийн "Аморэ", "Алтан үзэг" оюутны яруу найргийн наадмын гуравдугаар байрын шагналт залуу яруу найрагч Ц.Дэлгэрмаа уригдлаа. Тэрбээр анхны номоо "А тэмдэглэл" нэртэйгээр бэлтгэж байгаа аж. Жижигхэн биендээ ахадсан их ухаан тээж яваа найрагч бүсгүйн яриагаар уншигч таныг дайлая.

-Шүлэг найрагт юуны учир татагдах болов оо?
-Намайг дөрөвдүгээр ангид байхад эгч минь оюутан болж Эрдэнэтийг зорьж байсан юм. Яг машинд суугаад хөдлөх тэр үед санаанд шүлгийн мөр гэнэт харвасан. Ирээдүйд ямар мэргэжил эзэмших тухай анхны балчир бодлоо шүлэг болгон буулгасан тэр л үед хожим хэн болох минь тодорхой болсон юм болов уу. Шүлэгт би татагдах биш, шүлэг өөрөө намайг олсон, оносон гэж би боддог.

-Их багадаа шүлэг бичиж эхэлжээ. Бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Аав минь цэргийн хүн л дээ. Тиймээс би Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид төрсөн. Харин ах, эгч, дүү гурав маань Улаанбаатарт төрсөн юм. Тэгээд л аав ээж хоёр минь багаас хутагтын нутагт төрсөн охин гэж намайгаа "хөөргөдөг" байлаа. Би ганц ч удаа цэцэрлэгт явж байсангүй, гэрийн охин байлаа. Гэртээ суудаг хэрнээ тэрүүхэндээ гангаан, бас. Их олон янзын даашинз өмсдөг байв. Бүх даашинзаа "Усан цэргийн палааж", "Зааны тугал Панчи Панчи", "Цэнхэр бөмбөгт" гэх мэтчилэн өөрийнхөөрөө нэрлэнэ. Бас нэг удаа цонхон дээр суусан ялааг харж байснаа "Сэгсгэр үстэй Банаа" гэж нэрлэсэн гэсэн. Харин аав маань энэ тухай ялааны хөл нь их үсэрхэг байдаг. Хүүхдийн нүд хурц болохоор түүнийг нь олж харж л дээ гэж тайлбарлаж билээ.

-Гэртээ суудаг охин багаасаа л номтой нөхөрлөсөн байх?
-Өө тэгсэн. Ах маань надаас гурван насаар ах юм л даа. Тэр долоотойдоо сургуульд орж, тэр цагаас би бас "Цагаан толгой"-той найзалж эхэлсэн. Өдөржин гэртээ сууж уйдсан би ахыгаа сургуулиасаа ирмэгц салахгүй дагана. Хичээлээ давтахад нь ч бас дэргэд нь сууж л байна. Удалгүй дармалаар уншиж, бичиж сурсан. Том том ном руу толгойгоо шургуулсан хүүхэд болсон доо, тэр үеэс хойш. Аав ээж хоёр хараа нь муудна гэж хориглоод ч, номын цагаан солио гэж айхтар юм байдаг тухай хэлээд ч нэмэр болоогүй дээ. /Инээв. СУР/

-Анхны хайрынхаа тухай яриач. Хайр гэдэг чинийхээр?
-Миний анхны хайр шувуу шиг л нисч ирсэн. Тэгэхэд би 15-тай дэгдэж яваад л гэнэтхэн нэг хар нүдэнд "ховсдуулчихсан" даа. Эсрэг хүйстнээ шохоорхож, танин мэдэх тэр хүсэл үнэндээ өөрийгөө танин мэдэх үүд хаалгыг нээж өгдөг юм шиг ээ. Тэр л үеэс өнөөгийн энэ би яг өөрийнхөөрөө, хэлбэрэлтгүй бий болж эхэлсэн санагддаг. Тэр л үед бас шүлэг бичин нэг нэгэндээ улам ойртож эхэлсэн. Шүлэг надад хорвоогийн бүх юмны тухай хүүрнэдэг болсон. Тэр хүүрнэлийг би харин цаасан дээр буулгах үүрэгтэй болсоноо ухамсарласан даа. Шүлэг-хайр, шүлэг-амьдрал, шүлэг-ертөнцийг танин мэдэхийн тулд би эрэлхийлж, тэр эрлээр дамжин ирсэн мэдрэмжүүдээрээ өөрийгөө илэрхийлж явна.

-Яруу найрагчдыг дурламтгай л гэлцэх... Чи хэр дурламтгай вэ?
-Дурлал хайрын яруу сайхныг би мэдэрсэн ч, дурлан хайрлаж сураагүй л явна. Яг юу болохыг нь хэлж болдоггүй амтат зовиур. Аз жаргалтай шаналал... Энэнээс цааш юу байдгийг би мэдмээр, мэдэрмээр байна. Тэгээд ч тэр үү, дурлалын тухай шүлэг цөөнгүй бичсэн. Дурлалгүй амьдрал хичнээн уйтгартай, үхмэл байх бол оо... Би төсөөлж ч чадахгүй нь ээ.

-Шүлгийн ертөнцөд анх хөтөлсөн багш нарынхаа тухай?
-Хамгийн анхны багш гэвэл ном юм болов уу... Энд би бас аав ээж хоёрыгоо хамгийн эхэлж нэрлэмээр байна. Тэд л миний анхны уншигч, анхны шүүмжлэгчид болж байлаа. Шүлэг бичдэг болсны минь дараахан аймгийн Хүүхдийн төлөө төвөөс 25 шүлгийн номын уралдаан зарлаж, ээж миний бичсэн бүхнийг анх эмхтгэн бичиж байлаа. /Инээв.Сур/ Миний аав бас шүлэг бичдэг л дээ. Тийм болоод ч тэр үү миний ертөнцөд аав минь их ойр. Би олон багштай. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хэл, уран зохиолын багш Д.Чулуунбаатар гэж тун эгэл нэгэн бий. Тэр хүн л анх намайг шүлгээ ч бичихгүй алгуурлаж явахад минь "олж" аваад, бич, заавал бич гэж "шахаж, шаардаж" байсан удаатай. Олон удаагийн тэр шахалт шаардлага намайг төөрөхөөс минь аварсан. Их сургууль намайг Шагдарын Дулмаа гэж гайхамшигтай эмэгтэйтэй танилцуулсан. Дэндүү энгийн, эгэл тэр хүн урам, хайраараа олон залууст жигүүр ургуулж явна. Харин миний ихэд зориглон байж ном болгон эмхтгэсэн хэдэн шүлгүүдийг минь уншсан Ч.Билигсайхан багш маань надад их олон зүйлийг ойлгуулсан. Утга зохиолын онолын хичээлийг хоёр жил заасан багш маань намайг шүлгээ аваад очиход гайхаж угтсан шүү. Намайг бичдэгийг мэдээгүй байсан хэрэг л дээ. Нэг хоногийн дараа намайг дуудаад хэлсэн үг бүрийг нь би цээжиндээ хадаж авсан. Тэр үгс миний амьдралын турш багш байх биз ээ.

-Өөрийг чинь Монголын яруу найргийн мундагчуултай тэмцээнд өрсөлдөж үзүүр түрүү булаалдаж байсан гэх юм билээ?
-Өө, би шүлэг найргийг өрсөлдөөнөөс ангид, дээд зүйл гэж боддог юм. Оюутан байхад хаа нэг тэмцээн уралдаанд "давхиад" оччихдог байсан. Одоо бол их ичдэг юм аа. Р.Чойномын нэрэмжит "Оюухай" гэж уламжлалт наадам байдаг. Тэр наадмын онцлог нь ирсэн бүтээлүүдийг бичсэн эзнийх нь нэр усыг ч мэдэгдэлгүй, далд хэлбэрээр шүүж байр эзлүүлдэг юм л даа. "Оюухай 2006" наадамд оролцохоор хоёр шүлгээ Р.Чойномын өвийг хамгаалах. "Өд" сан дээр аваачаад өгчихлөө. Тэгээд л наадмын өдөр тайзан дээрээс дуудагдаж нэг шүлгээ уншсан. Тэнд Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол, Ц.Чимиддорж... гээд л олон яруу найрагч ирсэн байсан. Нэгдүгээр байрт Н.Гантулга шалгарч, Д.Урианхай гуай бид хоёр удаалж байсан юм. Наадмын дараахан профессор Л.Дашням гуай "Өдрийн сонин"-д "Яруу найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ануу" гэж нийтлэл бичсэнээс би их юмыг ойлгосон л доо. Тэр үед шүлэг бичих нь миний хувийн л асуудал, аз жаргал, гуниг зовлон минь байлаа. Өөр ч юм боддоггүй байж. Харин тэр нийтлэл гарсны дараагаар, өөрийнхөө шүлгийн тухай тэндээс олж уншсанаас хойш би яруу найргийн өмнө ямар нэгэн үүргийг ухамсаргүйгээр хүлээж эхэлснээ мэдэрсэн.

-Өнөөгийн яруу найргийн чиг хандлагын талаар бодлоо хуваалцаач?
-Би тэр айхтар том чиг хандлага энэ тэрийг үнэндээ сайн мэдэхгүй ээ. Гэхдээ өнөөгийн яруу найраг нэг шинэ тавцанд гарч ирж байгаа гэж санадаг шүү. Миний бодоход шүүмж судлалын салбарт шинэ үеийнхэн өөрсдийн дуу хоолойгоо нэмээсэй. "Яруу найрагч" гэж цоллуулахын төлөө биш харин яруу найргийн төлөө чин зүрхнээсээ бичээсэй залуус.

-Тэр гэж танигдашгүй нэг хүчин зүйл уран бүтээлчдэд нөлөөлдөг. Тэр нь онгод. Онгодыг та хэрхэн таньдаг вэ?
-Онгод минийхээр үүлэн чанадаас санаа алдах хэн нэгний дуун юм. Тэр дууныг олж сонсох бүртээ би тэр гэхийн тэмдэггүй хөг хэмнэлд автчихдаг юм. Тэр дууныг улам мэдрэн, сонсох бүрий мөнөөх санаа алдалт шүлгийн мөр далиндаа тээсэн шувууд болж хувираад намайг өөр ертөнцөд аваачих шиг болдог. Тэндэхийн бүх юм хүмүүсийн нүдэнд харагддагаас тэс ондоо. Тэнгэр ягаан, нар хөх, одод ногоон, cap цэнхэр, үүлс шар... Харин би өөрөө биегүй, өнгөгүй, тув тунгалаг болчихсон шиг санагдаад зөвхөн оюун санаа минь л үлдсэн байхыг мэдэрдэг. Тэгээд дараахан нь миний дэвтэрт үлдсэн шувуудын хэл, хөлийнх нь мөрийг би шүлэг хэмээн нэрлэдэг дээ.

-Ганцаардлын тухайд?
-Багаасаа л мэдэрсэн нэг тийм амтыг би хожим таньсан нь ганцаардал байсан. Ганцаардал байгаа газарт гүнзгий дотогшоо бодол, ямархан нэгэн эрэл хөвөрч байдаг. Бодлын үзүүрт бас нэг бодол, эрлийн үзүүрт бас нэг эрэл. Тэгээд л цаашаа олон үүд хаалга өмнө минь нээгдэж, тийш нэвтрэх бүрт ямар нэг юмыг таньж авч байдаг. Хүмүүс би ганцаардах дургүй, би ганцаардаж үзээгүй гэж ярьдаг. Харин надад ганцаардах агшин бүр амттай. Яруу найраг үнэндээ ганцаардлаас л төрдөг ч байж мэднэ. Хэрэв төгс юм гэж байдаг бол ганцаардлын агшин үнэхээр төгс гэж би хэлнэ.

-Шүлгийнхээ санааг хэрхэн олдог вэ?
-Санаа хайж, бичнэ гэдэг нэг л тийм албадмал. Урлагийн мөн чанар нь юундаа байдаг вэ гэхээр түүнд ямар ч албадмал байдал үгүй. Урлаг өөрөө хаа нэгтээ бүтээгдчихсэн байдаг. Гайхамшигт аялгуу, шүлгийн мөрүүд, уран зураг, бүжгийн хэмнэл... Хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, уран зураачид, бүжиг дэглээчид харин бүтээгдчихсэн тэр гайхамшгуудыг олж нээх, хүмүүст хүргэх увидасыг цаанаасаа авч төрдөг юм шиг. Энэ санаа миний сэтгэлд их нийцдэг. Үнэхээр ч тийм.

-Одоо хичнээн шүлэгтэй вэ?
-Бичсэн бүхнээ шүлэг гэж нэрлээд, олонд хүргэхээс би лав эмээдэг. Мөр тэгшилж, сүүл толгой холбож, уран сайхан өгүүлсэн бүхэн ч бас шүлэг биш. Ном болгохоор эмхэлж байхдаа 2003 онооос 2008 оны гуравдугаар сарын хооронд бичсэн шүлгүүдээсээ 90 шахам шүлгийг шүлэг гэж өөртөө тооцсон.

-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-"Урьд ухаангүй дурлаж асан
Учралаа одоо санахад
Ичгүүр ханх татах нь
Энэ цагийн харгислал!" Дэвтрийн минь хуудас энэ мөртүүдийг илчилж орхилоо. /Инээв.Сур/

Б.Анхцэцэг
Дугаар 251/924/

БҮҮВЭЙ-БҮҮ АЙ

/ Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатарын яруу найргийн тухай /

Цаг хугацаа, зарим хэтэрхий гүн болоод хүнд бодлуудыг баллаж орхино. Нэг үгээр хүн төрөлхтөний санаа бодлыг ариутгаж байгаа нь тэр биз. Ингэж бодохоор цаг хугацаанд гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Магадгүй ертөнцийн юм бүхэн цэвэршин тунгалагших гэж буй цагт мухар эр хар зоригоор уран зохиол бүтээгчид цөөрөхгүй нь дээ? Мөн гэнэт зохиолч-яруу найрагч болон тодрогчдын дур хүсэл духан дээрээ сүүн гэрэл болж сацрах энэ цагт БҮҮВЭЙ /дотно халуун нөхөд нь түүнийг ийнхүү дууддаг билээ / шиг өлгийтэй багаасаа уран зохиолд шунан үнэн сэтгэлээр дурлагчид гадуурхагдаад байх шиг заримдаа санагдах боллоо. Тэгээд л үг хэлж зүрхлэхээр шийдэв.
Барууныхан нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүний нэгэн насанд бие сэтгэлзүйн гурван хямрал явагддаг гэж. Нэгдүгээр хямрал нь мэдээж охид хөвгүүдийн шилжилтийн насанд эхэлнэ. Нүүрэн дээгүүр нь батга барзайхтай хамт зан ааш, бие галбир хамаг бүхэн нь хувирч өөрчлөгдөнө. Энэ насандаа шүлэг бичиж эхэлсэн хүүхдүүд хожим насан туршдаа уран зохиолын зам мөрөөр явна. Ухрах буцах, няцах шантрах зам үгүй гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Харин 20 наснаас хойш хямрал энэ тэр нь дуусаад уран зохиолд дурлагчид надад хэзээнээс нэг л “итгэлгүй” санагдаад байдаг юм. Тэд өөр юм харж уран зохиолд хайртай болдог.


Тэгвэл ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР-ын хамгийн түрүүнд хайр татдаг зүйл нь ямар ч давхар санаагүй, өөрийнхөөрөө, тэрсүүдээрээ, овилгогүйгээрээ хямарч шилжиж явах насандаа уран зохиолд хайртай болсон нь. Нэг үгээр түүний яруу найргийн талаар эхэлж зайлшгүй ярих ёстой сэдэв. Тиймээс шүлгүүд нь “ХАШИР” биш. Гэнэн, цагаахан сэтгэлтэй, мөрөөдөмтгий чанартай. Заримдаа “Хүрэл тулгат” шүлэг уншихаар Хөвсгөлөөс ирсэн хөдөөний арван жилийн сурагчийн шүлэг шиг. Нэг талдаа их ухаалаг, муугүй цэцэн, ганцхан үгүүлбэрээр тодорхойлвол “хоосон гэдэг худлаа ядаж хоосноор дүүрэн” гэдэг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгэл хоосон ч дотор нь хорвоо багтдаг шиг түүний шүлгүүд анхлан уншихад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эхнээс нь эхлээд 20,30 тэгээд бүх шүлгүүдийн уншаад дуусахаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН “ХОРВООГ” бүхэлд нь харж болно. Энэ бол яруу найрагчийн хоёрдугаар содон чанар. Бүхэллэг байж чаддаг тал нь одоогийн яруу найрагт ховор үзэгдэл. Дүр үгүй учраас та нарын бүтээл хүнд хүрдэггүй гэж саяхан нэг ахмад яруу найрагч айлдсан байналээ. Нэг юм анзаарсангүй, магадгүй анзаарахыг хүссэнгүй. Одоогийн яруу найрагчид бүтээлдээ өөрсдөө “ДҮР” юм. Тэдний сэтгэл ч нэг дүр, байгаль, амьдралыг, хүмүүсийг, сансар огторгуй, сав шимийг тэр л дүрээрээ илэрхийлж байгаа юм. Энэ шинэ хандлага Ш.Хатанбүүвэйбаатарын шүлгүүдээс илүү тодорхой харагдана. Маш товчхондоо ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САНСАР, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН АМЬДРАЛ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САВ ШИМ ЕРТӨНЦ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН БАЙГАЛЬ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН ДҮР түүний яруу найргийн цогц чанарыг илэрхийлж байдаг. Илбэчин эсвэл буянтан, сахиусан тэнгэр, сүмийн номлогч, эцэг, хайртай залуу, ДОН-ЖУАН, далайчин эр, нутгийн овгор, байгаль шинжээч, хувийн аж ахуйтан гэсэн нэгдэж ойртмооргүй “ДҮРҮҮД” түүний шүлгүүд дотор оршино Энэ нь сүүлийн үед миний тодорхойлоод байгаагаар түүнийг “хүүрнэл зохиолч-яруу найрагч “ гэсэн бүлэгт хамааруулж үзэхэд хүргэнэ. Зохиолчдод хоёр хэв шинж байна. Нэг нь яруу найргийн хүчтэй суурь, сэтгэлгээгээр хүүрнэл зохиол бичигсэд. Тэднийг “яруу найрагч-хүүрнэл зохиолч” гэнэ. Харин нөгөө талд нь хүүрнэл зохиолын сэтгэлгээгээр яруу найраг бүтээгчид. Тийм яруу найрагчдын дунд ХАТАНБҮҮВЭЙ БААТАРЫН нэрийг оруулж тооцох нь гарцаагүй.
“Гуч хүрээд л үхмээр санагдах” шүлгийг нь уншиж суухад В.Набоковийн “Театрын тухай” эссэний үхлийн тухай хэсэг санаанд орно. Ердийн үхэл, амь хорлолт, алагдах гурав бусдад үйлчлэх хүчний ямар их ялгаатайг нотолсон байдаг юм. Яагаад Набоковын эссэ санаанд орсон нь бас учиртай түүнд /Ш.Хатанбүүвэйбаатарт/ Лолита нэртэй хэд хэдэн шүлэг байналээ. Үнэхээр гуч хүрээд үхмээр санагдах нь яруу найрагчид далдаас өгөөд буй “мэдээлэл” байхыг үгүйсгэхгүй. Лолита гэдэг нэр ч санаандгүй түүний тархинд харваад ороод ирдэг байхаас буцахгүй. Шугаман ч юм уу? эсвэл шугаман бус хэлбэрээр дээрх мэдээллүүд түүний яруу найрагт илэрч байна. Сэтгэлд үе үехэн бодогдоод байдаг юм. ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН зарим программыг жаахан өөрчилчихмөөр. Даанч түүний нүүрэмгий түрэмгий илэн далангүй, ичих булчирхайгүй юм шиг байдал нь үгүй болчихвол тэр огт бүхэллэг биш болчих юм шиг санагдана. Зарим судлаачийн бичсэнээр “...Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй хувь заяагаа доройтуулдаг байна. /Г.Лхагваа ”Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж” / гэх үнэн бол зарим нэг сөрөг бодлуудаа “арчиж орхихыг” түүнд зөвлөмөөр санагдана. Зөвлөгөө авахааргүй зөрүүд байж мэдэх энэ этгээд байгальд л ганцхан зөрүүдлэдэггүй болов уу? хэмээн шүлгүүдийг нь уншихад эрхгүй санагдана. Байгальд өширхөн хандагчдын цаана муу үйлийн цалам хүзүүгээр нь гогцоорч байдаг юм. Харин байгальд гүн хүндэтгэлтэй болоод нэн бишрэнгүй ханддаг хүмүүст гэгээн тунгалаг шүлэг бичих зэргийн “увдис” хайрладаг гэдэгт итгэдэг, итгэдэг учраас яруу найрагч- байгаллаг байх ёстой гэж үздэг “ҮЗЭЛ” ХАТАНБҮҮВЭЙБААТАР-т их л багаас нь төлөвшсөн бололтой.
Одоо айзам түүний шүлэгт ямар чухал хийгээд толгой холбох уламжлал ёс ямар ч падгүй тухай хэдэн өгүүлбэр хэлэх нь зөв байна. Жишээ нь ийм нэгэн шүлэг байна.
Уулс нүдэн дотор минь
Өндийж
Одод бодол төсөөлөлд минь
Түгэн гэрэлтэж
Нар алган дээрээс минь
Мандаж байхад ч
Хайр сэтгэл, тэмтэрсэн итгэлээр л
Амь зогоосоор
Амь зогоосоор байх...

Энэ шүлэг силлабик уу? эсвэл тоник уу? гэж өөрөө ч сайн ойлгодоггүй зүйлээр бусдын толгой эргүүлэхээ больё. Харин үгийн айзам холбоосууд хэрхэн эвсэлдэж шүлэг бүтээснийг анзаарна уу? Энэ шүлэг /ер нь ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН бүх шүлгүүд / хэлбэрийн хувьд түүний зан байдал, сэтгэлийн хөдөлгөөнтэй адил санагдана. Их тогтсон үзэл санаатай, зан байдлын хувьд тогтуун шүлэгчид мөрийн тоог чанд барьсан хайрцаглал сайтай шүлэг бичдэг гэж би үздэг. Тэгвэл сэтгэлийн халил хөдөлгөөн ихтэй яруу найрагчдын шүлгүүд задгай хэлбэртэй байх нь түгээмэл. Энэ л түгээмэл зарчмаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН шүлгүүд зарим мөр нь “ҮГ ҮГҮЙ” байхаас ч сийхгүй дэндүү чөлөөт хачин задгай хэлбэртэй байна. Түүний шүлгүүд дунд зан араншингаас нь гадна тийм нэг тодорхойлогдошгүй “ЭР ГУНИГ” ямагт оршиж байдаг онцлогтой. Чухам тэр л гуниг нэг талаар цөхрөл нөгөө талаар тайтгарал, үгүй бол оволзсон баяр бахдалын алин болохыг хэлж чадахааргүй эргэлзсэн байдалд хүргэнэ. Энэ нь яруу найргийн тайлагдаагүй олон увдис чанарын нэгийг ХАТАНБҮҮВЭЙБААТАР эзэмшсэн гэсэн үг. Түүний яруу найрагт хоёр “СУЛ” тал бас бий. Нэг нь:
-Сэтгэлийн эмзэг гуниглуун байдлаа шүлгээ дуустал нь хадгалж чаддаггүй. Гэнэт ямар ч хэрэггүй ”дүгнэлт” эсвэл хэрэггүй “сэтгэгдэлд” хүргээд дутуу хаячихдаг явдал. Зарим шүлэг нь зүгээр “гар хурууны үзүүрээр “бичигдэнэ. Бүр гомдмоор. Харин нөгөө нь:
-Дуусчихмаар байхад л хүчээр үргэлжлүүлсэн шинжтэй. Санааширч суугаад гэнэт чангааар инээсэн хүнтэй адил огцом өөрчлөлтүүд хийнэ. Уран сайхны хувьд болох боловч утга санааны хувьд зөрчилтэй санагдахаар шүлгүүд ч бий.
Онгод, далдын хүчинд автсан гэхээсээ өөрийнхөө дотоод зөрчилөөр бичсэн шүлгүүд энэ яруу найрагчийн бас нэгэн онцлог байдал. Зөрчилт байдал нь хүртэл цогц шинжтэй болсон нь гайхшралыг төрүүлдэг. Гагцхүү салбадай байснаас гуч хүрэлгүй үхсэн нь дээр гэж үздэг эрс хатуу бодол нь л ямар ч “ЗӨРЧИЛГҮЙ” , ямар өрчлөлтгүй байдаг нь түүний яруу найргаас ямагт маш тодорхой мэдрэгдэнэ. Онолын хүрээнд зөрчил синергитик тогтолцоотой гэж үзвэл удахгүй яруу найрагчийн дотоод сэтгэл зүй зөв төлвөөр цэгцэрнэ гэж үзэж болох юм. Чухам хувь хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг ч аяндаа төлөвшин цэгцэрдэг нь ойлгомжтой. Удаан уншвал уйлж мэдэхээр нэг шүлэг нь:
Алсран алсарсаар живэх нарны наахнаас
Аварга загас барьж байна гэж
Аавыгаа зуржээ.
Ай даа,
Амьдрал надад яасан их хайртай

гэсэн байна. Ямар ч гутрал цөхрөл энэ шүлэгт үгүй. Амьдрал өөрт нь хайртайг бүх бие сэтгэлээрээ мэдэрсэн дуу алдалт. Ийм л тогтворгүй, хөдөлгөөнт байдал ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН яруу найргийн хамгийн гол мөн чанар юм. Түүний яруу найргийг бүхэллэг шинжтэй, дүр олонтой, зөрчил ихтэй, сул талтай, гэнэн сэтгэлтэй гэж олон талаас нь тодорхойллоо. Оносон эсэхдээ эргэлзэхгүй байна. Учир нь яруу найрагч нь өөрөө яг тийм учраас..
Яагаад “БҮҮВЭЙ-БҮҮ АЙ” гэж өгүүллээ нэрлэсэн минь учир шалтгаантай. Түүний шүлгүүдээс би өөрийгөө зоригтой эвдэж, шинээр эхэлж, оюун санаагаараа задарч чадахгүй байна гэсэн “АЙДАС” мэдэрч байна. Ер бусын яруу найраг бүтээх гэсэн чин эрмэлзлийг мэдэрч байна. Түүнтэй хамт тэгж чадахгүй бол яана гэсэн эр гунигийг мэдэрч байна. Гоо сайханд шунан дурласан сэтгэлийг мэдэрч байна. Гоо сайханд эгнэж тэнцэхээргүй шүлэг бичих вий гэсэн зөв ухамсар мэдрэгдэж байна. Тиймээс нэгэнт зөв ухаарсан, зөв мэдэрсэн, зөв айсан юм чинь зөвхөн зөв сэрэхүйн шүлгүүдээ бичихээс өөр хэрэгтэй хэрэггүй илүү дутуу зүйл бодон БҮҮВЭЙ минь бүү ай!

Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
Дэлхийн суу алдартнуудын өдөрт сууж босон, сунайж данайж бичив.

2011-03-10

Баяраагийн шинэ ном хэвлэгдлээ

Удаан хүлээлгэсний эцэст манай Баяраагийн шинэ ном гарлаа. "Хүлээсэн шиг минь байх болов уу?" гэж Нараагийн маань нэг шүлэг байдаг санагдана. Хүлээсэн.., Хүлээсэн шиг минь байж чадсанд юутай их баяртай байна вэ. Өөрийнх нь "томорсоноор" энэ нь түүний дөрөв дэх ном юм. Дунд сургуулийн сурагч байхдаа "Боргихон талын уянга" гэж ном хэвлүүлсэн гэдэг юм. Би одоо болтол тэр номных нь барааг хараагүй болохоор ямар нэгэн зүйл хэлж мэдэхгүй байна. Удаахь ном нь Элбэгтэй хамтарч гаргасан "Нэг урлаг VS Чимээгүй хот". Гурав дахь ном нь ноднин хэвлэгдсэн "Хөх мэдрэхүй-Шүлгийн цоморлиг" буюу бидний хамтын бүтээл. Ингээд яруу найрагч Баяраагийн дөрөв дэх ном нь яах аргагүй "Цөн" болж байна.

"Цөн" гэдэг үг Монгол хэлэнд хоёр утга заадаг. Түүнээс ч олон байж болно. Нэг дэх утга нь хаврын цагт голын ус мөсөө түрэн урсахыг хэлэх бөгөөд удаах нь тэрэгний дугуйн гол дахь бэхлэг. Баяраа өөрөө аль утгыг нь ч бэлгэдсэн бай, энэ нэр тун утга төгөлдөр аж. Ойрд яруу найргийн номноос жаахан зай барьж /гам барьж/ байгааг хэлэх үү. Хавар эхлээд уншсан анхны яруу найргийн ном түүнийх байлаа. Ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? гэхээр хөрч хөлдсөн ч урь унаад, усны шувууд ганганаад ирэхээр дороо гэгэлзэж, юу юугүй түрхрэн урсмаар санагдан , тэрүүхэндээ ямар нэгэн шалтгаан хүлээгээд тэсээд л байсан сэтгэл дээгүүр минь нэгэн "Цөн"-т тэрэгний дугуй ор мөрөө тамгалаад өнгөрхөд сэтгэлийн хатуулаг бүхэн минь цуурч, цөмөрч, цөнгөө түрж, түрхрэн урсаж эхлэх лугаа. Чухам тийм учраас л хүлээсэн шиг минь байж чадсан гэж хэлсэн юм.

Үүнээс олныг нурших нь цавуу нь ч хатаагүй байгаа шинэхэн номыг тосон унших уншигчдын өмнөөс хэт их зүйл дүгнэсэн хэрэг болох вий гэж эмээлээ. Дор шинэ номноос нэгэн шүлэг сугалан авч толилуулсу. Энэ тохиолдолд эзнээс нь зөвшөөрөл аваагүйд гүнээ хүлцэл өчье. Хавтсан дээрээ © тэмдэгтэй ном бүхэнд хачин болгоомжтой ханддаг зантай ч энэ удаад Баярааг гэж бодоод баахан өөриймсүү зан гаргав.

***

Орос хүрэмтэй хүний хувцастай шавар баримлаар дүүрэн
Орчин цагийн Улаанбаатарын жирийн нэгэн иргэн
Шүүмжлэлт реализмын гүнзгий нөлөөн дор
Шүүрс алдан олон олон шүлэг тэрлэжээ.

Жаазаар дүүрсэн давчуу буландаа
Жаргалтай хүний дүр эсгэн сууж
Тоос дарсан ширээний чийдэн шигээ
Тортог суусан зүрхнийхээ угаас дуулжээ.

Адгуусал, мансуурал, тачаадал сэлт
Алив нүглийн галаар замаа гэрэлтүүлж
Тэр гэрэлд тодорсон юмсын тухай
Тэмүүлэл дүүрэн шүлэг бичжээ.

Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэжээ
Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэсэн
Тэр л янзаараа нэг л өдөр инээмсэглэн орж ирээд
Мэнд усгүй хөлөө ачин суужээ.
2008 он.

"Цөн"-гийн 78-р талд буй энэ шүлгийг хэрхэн мэдэрсэнээ таньд үгээр барьж хэлж чадахгүй байгаа нь мөхөс уншигчийн дуль сулийнх биз ээ. Гэхдээ л...

Мөрний ус дуутайхан цөнгөө түрэх, модон тэрэгний хаашаа ч юм тачигнан холдох чимээ сэлт нь ойрын үед намайг хөглөх хамгийн яруу дуу болж байна.

Хангалын шинэ ном гарлаа

"Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн М.Хангалын шинэ ном гарлаа. Урьд нь "Бороо орохын өмнөх өдөр" нэртэй яруу найргийн номоо хэвлүүлж байсан тэрээр энэ удаад "III бүлэг, IV үзэгдэл" нэрт жүжгийн зохиолын номоо уншигчдын гар дээр тавьлаа. Уг номыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын Холбооноос эрхлэн гаргаж буй "Эрдэнэт залуу үе-Номын сан"-гийн цуврал 10 номны нэг болгон хэвлэжээ. М.Хангал найздаа уран бүтээлийн амжилт хүсье. Энэ номын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараа нийтлэнэ.

Нараагийн шинэ ном

Энэ жил Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүр дууллын нууцын увидаст Чин Сүзэгт Номун хан Лувсанноровшэйрав гэгээнтний мэлмий гийсний 310 жилийн ой тохиож буй. Тэгвэл өлзий билэг бүрдсэн энэ цаг мөчтэй дашилж манай бүлгэмийн Н.Нарангэрэл "Чин сүзэгт номын ханы өв соёл" нэрт судалгааны бүтээлээ ном болгон, уншигчдын гар дээр тавьлаа.

Ийнхүү "Хөх мэдрэхүй" хэмээх нэгэн бүл уран зохиолын төдийгүй эрдэм судалгааны салбарт ч шангаа татаж байна.

Нараагийнхаа цаашдын бүтээн туурвих үйлст их амжилт, гэгээн сайхныг хүсье.

Т-а-г-т-а-а

(хэрэм нэвтлэх шинжлэл)

Би шүлэг унших дуртай...
Би шүлэг мэдрэх дуртай...
Би шүлэг задлан шинжлэх дуртай.
Юу гэвэл Хайдеггер ”Шүлэг бол хамгийн гэм хоргүй зүйл” гэж хэлсэн юм. Тийм л учраас би нэгэн хэний ч үл мэдэх тагтааны тухай... түүний шүлгүүдийн тухай бичье гэж шийдлээ.
Алтай... Аяа аугаа их ид шидтэн, бясалгалч даяанч, аглагийг шүтэгч, эрдэмт мэргэдийн орон... Тэнд эзгүйрч хоосрон, үүгэн хүүгэх салхинаас өөр эзэнгүй болсон, хана хэрэм нь хуучирч нурах шахасан нэгэн сүмийн гонхонд энэ тагтаа амьдардаг юм.

Өрцөн цаанаа нэг тийм бүдэгхээн гэгээ, жижигхээн бүрэнхийг
Өөрийн чинь тухай, хааяахан, гэнэтэд, санамсаргүй бодон суухдаа мэдэрдэг
Мэдрэх тусам минь бороо улам ширүүсч, цас лавсан бударч
Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрдөг

Чшшш... тэр тагтаа одоо чимээгүй бодлошрин, орчлонгийн амьдралыг бясалган, далавчаа хумин сууна.
Хавар, намар хоёр нь хавчиж зунгүй болсон
Өнгө, мөнгө хоёр нь хавчиж үнэнгүй болсон тухай...цаг наашилж, хөхөө донгодочихоод байхад цас яагаад лавсаж байгааг гайхширан суугаа...Магадгүй шүлэг бичиж байгаа биз ээ. Түүнийг тайван орхиж, цааш үргэлжлүүлэх нь...


Түүнийг мэндлэхэд эцэг эх нь баяр жаргалаар дүүрэн яваарай гэж ”Баягалан” хэмээх нэрийг хайрлажээ, харин хүн хөршөө сонгодоггүй тэр бүү хэл хувь заяагаа сонгодоггүй хойно энэ төрөлд нь түүнийг ”яруу найрагч, шүлэгч, ядаж ганц шүлэг бичээд үхэх” хувь заяаг түүнд оноосон юм.

Тэр их холоос ирсээн... Шаргын тал, Шалын хоолой, Үнээн ус, Хөх эргийн гарам, Тээлийн гуанз, Гарьдийн хад, Элсэн тасархайд бууж сууж, алжааж ядарч... гэхдээ нэр нь хүртэл яруу найраг энэ замаар яруу найраг тээн ирсэн юм. Энэ хол замд шүлгийн мөрүүд хэлхэж, өөрийгөө яг л нисч яваа адил төсөөлөхгүй бол хэн ч гэсэн галзуурах биз ээ. Их хол шүү. Эрдэм сурах гэж, эрхий мэргэнээ сорих гэж зорьсон биз. Үнэндээ түүний шүлэг түүнээс гарч байгаа характеруудыг нарийн ажиглавал тэр маш бардам өөртөө бүрэн итгэлтэй... тэр бүү өөрөө өөртөө маш их таалагддаг гэж хэлж болохоор юм. Юунаас ч айж сүрдээгүй, доорд газрыг бариагүй, ийм л байна, ийм л байх болно гэсэн бат нут итгэл. Ийм л учраас чамайг шувуухай гэж нэрлэдггүй байх аа. Яруу найрагч хүний хамгийн эрхэм шалгуур... өөрийнхөөрөө байх, өөрийнхөө зам мөрийг гаргах, өөрийнхөө яруу найргийг бүтээх гэдэг. Аминчлан хэлэхэд Алтайн уулс л чамд үүнийг өгч, хүүгэн сүүгэх хөх салхиараа алгадаж адисласан байх шүү. Аа бас мартах шахаж... зөн билэг. Түүний шүлгүүдэд ”бүдэгхэн гэгээ”, ”бүрэнхий” гэсэн үг хэллэг ойлголтууд явдаг. Энэ ч бас учиртай...

Түүнд зөн билэг байна. Бүр хангалттай байна. Яг л зүрхний тушаа бөглөрөөд тэндээс уур манан болон дэгдэж тархины дотор ороод ямар ч гэгээгүй хав харанхуй шөнөөр үүр цайж байгаа ч юм шиг тийм нэг мэдрэмж... Үүнийг үгээр илэрхийлэхэд тун хэцүү л дээ. Гэхдээ нэг тийм бичвэл тайвширч, нүдээ нээвэл өрөөнд гэрэл асчихсан, жин үдийн наран шарж байгаа мэт мэдрэмж төрөх...

Энд нэг бяцхан тайлбар хийе. Бурхан багш номоо шавь нартаа айлдахад хичнээн ч хүнд ном айлдсан холд нь ойр мэт тод, ойр суугаад нь тийм чанга бус сонсогдохоор номоо айлддаг байжээ. Дуу хоолой нь тийм эрдэм чадалтай байж. Харин бас нэг өөр ойлголт нь тухайн номынхоо утгыг шавийн сэтгэлд үл мартагдах, ой тойнд буухаар ойлгуулж чаддаг нэг тийм эрдэм байжээ. Түүнийг манай судар бичигт ”гэгээ өрхлөх” буюу тэр нь сунжраад ”гэгээрүүлэх” хэмээх үг болон хувирсан юм. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл тэр эрдэм номын гэгээ багшийн биенээс цацарч шавь нарын оройн зулайгаар ордог. Энэ үед тархинд гэрэл асаасан мэт мэдрэмж төрдөг тийм чадварыг нэрлэжээ. Одоо хүртэл юм ойлгосноо маш сайн ойлгосноо ”орой луу орлоо”, ”орой руу орсон мэт” хэмээн ойлгодог нь тийм учиртай. Өнөөх л зулай руугаа шууд орсон мэт утгыг хүлээн авагч тэгж илэрхийлж байгаа хэрэг. Өндөр ууланд төрсөн, тэнд өссөн хүнд зөн билэг төрөх нь тэр тусмаа зөвхөн нүдээ анихад л тагтаа шувууны нисч чадах л өндөрт нисч, ертөнцийг дээрээс нь тольдон харах дуртай хүнд бүр ч ойрхон биз. Тэр заримдаа тээр дээрээс тасраад унаж ирж буй навч шигч үзэгдэнэ. Гэхдээ л түүний шүлгүүдийг уншихад яагаад ч юм хэзээ хэзээгүй нээгдэх гэж буй цэцэг, эсвэл хэзээ ч гоо үзэсгэлэнг нь үзээгүй цэцгийн зүрхийг хумьсан дэлбээ рүү нь гараа шургуулж барьсан байгаа мэт сэтгэгдэл төрөх юм.

Энэ бол миний л сэтгэгдэл шүү. Хий хоосон магтаал биш миний л мэдэрсэн нь. Би эрэгтэй шурагтай (эрчүүд юм аа) залуусын шүлгээс илүү охид бүсгүйчүүдийн шүлгийг унших дуртай. Тэдний хувьд жүжгийн гол дүрд тоглосоор нөөц бололцоо нь дуусаж шавхагдах тийшээгээ хандсан бол бүсгүйчүүдийн хувьд одоо л тэдний цаг хугацаа эхэлж байгаа юм. Монголын яруу найрагт байдаг яруу найрагч хэмээн хүндэлдэг хуруу дарам бүсгүйчүүдийнхээ жагсаалтад энэ ТАГТАА-г нэмж байгаадаа баяртай байна. Чухам яагаад энэ бяцхан өгүүлэлээ ”хэрэм нэвтлэх шинжлэл” хэмээн нэрлэсэн бэ гэвэл огт танихгүй, эргээд уулзвал зүсийг нь ч танихгүй энэ шүлэгч охины яруу найрагт нь уусан живж, түүний сэтгэлийн чанадад хүрээд, хэрэм хашааг нь даван орж, бамбар асаан өөрийнх нь ч магадгүй таниж амжаагүй шинэ зүйлсийг нь түрүүлж харах гэсний учир билээ. Нэгэнт хэрэм нэвтэлснийх өөрийнхөө уншиж ойлгосон чадлын хирээр долоон булчирхай найман найлзуурхайг нь дэлгэе гэж бодож байна. (Энэ тохиолдолд зөвшөөрөл аваагүйг минь уучлаарай. Миний бичсэн үнэн ч байх албагүй)

Түүнд 2 айдас байна. Би түрүүн дээр хэлсэн тэр бардам, омголон гэхдээ бас аймхай... Юунаас айдаг вэ? гэвэл олон хүний хувьд хотод амьдраад ч жинхэнэ хотын хүн болж чадаагүй... Өөрийнхөө орон зайгаа эзэлж чадаагүй бол тэр тагтаа маш хурдан хугацаанд жинхэнэ хотын хүн тэдний зарим нэгнээс ч хэтийджээ. Тэгээд нүүдэлчин байснаа... эх нутагтаа хайртайдаа... өөрийнх нь итгэл үнэмшил, соёл иргэншил, шашин шүтлэг хэрхэн хувьсан өөрчлөгдөж... цагийн эргүүлгэнд хуйлран одож буйд эмзэглэж байна.

Харин нөгөөх нь бол хайр дурлал... Магадгүй бэлгийн бойжилтынхоо төгсгөлд нэг өөрөөсөө өндөөр залууг хальт шохоорхоод л өнгөрч... П.Батхуяг энэ охидын хайр сэтгэл дэхь үнэлэмжийн тухай сүүлийн ”Утга зохиол” сонин дээр бичсэн байна лээ. Хөөрхий охидуудыг хунгийн цуваа болоод нисч байхад нь буудсан байна лээ шүү. Үнэнийг хэлэхэд тэд хайр дурлалын тухай биеэрээ үзэж өнгөрүүлснээ биш төсөөлөлөө бичиж байна. Хий мөрөөдөж, жигшин зэвүүцэж байгааг нь л П.Батхуяг олж харсан байна. Гэвч ”хэрэмний цаана” тийм юм алга аа. Магадгүй тэд биднээс илүү ёс суртахууны тухай ярих л байх... Бид ч бас эдний насан дээр дурлахаас айж л явлаа. Жинхэнэ дурлалтайгаа учраад амьдралын амт шимтийг мэдэрсний дараа яруу найрагт нь гэрэл асч ”оройгоор нь юм орно” гэдэгт би итгээд байгаа юм. Хамгийн сүүлд бусад эмэгтэй яруу найрагчдаас нь чухам яагаад Тагтаа-г сонгож авснаа хэлье. Чиний урьд төрлүүдийг дурьдвал үнэхээр өндөр дээд хүн байжээ. Магадгүй удган... эсвэл язгууртан хатан... эрдэмтэй лам байсан ч байж мэдэхээр байна. Яруу найрагт яг л энэ чигээрээ эрхэмсэг бардам, язгууртан яваарай. Хэзээд зөн билэгтээ итгэж, цагийн салхинд бүү уруудаарай л гэж захия. ”Хүрээ хөвгүүд” та нар шиг л охидыг хүлээж, бас өөрийнхөөрөө байх тэр эрх чөлөөг та нарт л зориулж эрхэмлэн нандигнаж ирсэн юм шүү.

Яруу найргийн шүүмж яруу найраг л байх ёстой, хэрэм хашааг нэвтэлж, хэний ч олж хараагүйг харах ёстой. Эс тэгвэл хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ.

Энэхүү ”хэрэм нэвтлэх шинжлэл”-ийг хэрсүүжиж уншина уу, хөмхийгөө зууж уншина уу хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.

Хүрээ хөвгүүд.

Powered by Blogger