Дэлхийн Яруу Найргийн Өдөр

ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Утга зохиолын "Хөх Мэдрэхүй" бүлгэмээс энэхүү өдрийг хүндэтгэн яруу найргийн чөлөөт уншлагынхаа хоёр дахийг зохион байгуулж байна. Уншлага маань яруу найрагт сэтгэлтэй ...хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд өөрийн бичсэн шүлгийг, эсвэл хүндэлдэг яруу найрагчдынхаа шүлгийг бусадтайгаа хуваалцан, яруу найргийн тухайд санаа бодлоо солилцох боломжийг залуустаа олгож буй юм.

Бидний үйл ажиллагаагаа зохион байгуулж буй "М СLub"-ыг залуус маш сайн мэдэх биз ээ. 50 хүний багтаамжтай, тав тухтай орчинтой. Захиалга авах боломжтой тул та бид зөвхөн уух мөнгө, унших шүлэгтэйгээ очиход л болох нь байна.

М Сlub -ынхны зүгээс ирсэн хүн бүхэнд захиалгынх нь үнийг 10-15 хувиар хөнгөлж бэлэг барих болно.

Хаяг Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-18, Тэди төвийн байр, M-Club, Ulaanbaatar, Mongolia


Жич: Жил бүрийн "Дэлхийн яруу найргийн өдөр"-т зориулж ЮНЕСКО-гоос илгээлт гаргадаг юм. Дорх илгээлт бол ноднингийн /2011 оны/ илгээлт. Баяраагийнхаа даалгавараар миний бие орчуулж тавьж байсан билээ. Энэ жилийн илгээлт маргааш гарна. Та бүхэнтэй хуваалцахад таатай байх болно.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хадагтай Ирина Боковагийн "Дэлхийн яруу найргийн өдөр"-т зориулсан илгээлт:

Яруу найраг олон мянган дүртэй, улс түмнүүдийн язгуур соёлын гүнээс ундарсан түм буман эх булагтай байдаг. Тийм ч болохоор Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ яруу найрагч, хэвлэн нийтлэгч, энэ чиглэлийн багш нарыг дэмжих ажлыг дэлхийн хэмжээнд, олон арван жилийн туршид зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил мөн тэр ёсоор “Дэлхийн яруу найргийн өдөр” ирж байна. ЮНЕСКО эл өдрийг тунхаглахдаа гоо зүй, урлагийн ач холбогдол, яруу найргийн дотоод хүчийг онцгойлон сануулж, улс түмнүүдийг хүн төрлөхтөний түүхэнд үүссэн хамгийн эрчимлэг, жинхэнэ урлагийн төрлийг уншдаг, мэдэрдэг байхад нь уриалан дуудахыг хүсч буй юм.
Яруу найраг дотроо хэзээ ч үл хуучрах сургаал билгийг агуулж байдаг. Мөнхүү түүхийн турш дахь нийгэм, улс төрийн хувьслын хамгийн чухал гэрч нь болж байдаг. Биднийг дотоод оюун санаандаа мөнхийн амар амгаланг олоход урамшуулан тэтгэж, хүн болоод байгалийн хоорондох харилцан хамаарлын тухай эргэн тунгаахад хүргэж, өөр хоорондоо ялгаатай, ялгаагүй алин боловч.., нийт хүн төрлөхтөний дунд хүмүүнлэг ёсыг цогцлооход уриалж байдаг нь гагцхүү яруу найраг юм. Тиймээс энэ өдрийг тэмдэглэхэд бүх хүнийг оролцуулах боломжгүй ч, соёлын байгууллагууд, сургуулиуд, номын сангууд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйд нийцнэ. Тэрчлэн энэ жил “Би өөрийн амьдралыг чавхдаст хөгжмөө хөглөх, тоглоход л зориуллаа” хэмээн хэлсэн Энэтхэгийн их найрагч Таагүрийн мэндэлсэний 150 жилийн ой тохиож буйг тэмдэглэе.
Яруу найраг бусад урлагтай ямархан хүчирхэг холбоогоор холбогддогийг мэдэх нь, тэр тусмаа урлагийн бүх төрөл эх болсон дэлхий ертөнцийнхөө дотоод мэдрэхүйг нээхийн тулд бүтээгдсэн байдгийг ойлгох нь хамгийн чухал юм. Малерми яруу найргийг “Оршихуйн төлөв байдлуудын нууцлаг утгуудын хэл болоод хэлний онцгой хэмнэлээр дамжин гарч буй илэрхийлэл” гэж тодорхойлсон байдаг.
Яруу найраг бол мэдээлэл дамжуулах, солилцох төдий зүйл огт биш. Яруу найрагчид хэлийг эрхшээж буй цагт яруу найраг нь хүн төрлөхтөний харилцан ойлголцлыг бэхжүүлж, улс үндэстнүүдийн уугуул соёл дахь жинхэнэ очир эрдэнэсийг уудлан гаргасаар байдаг билээ. Тиймээс ч яруу найргийн ач холбогдлыг онцгойлон авч үзэж, сурталчлан таниулах нь нэг талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах хүний язгуур эрх ашгийн хамгаалалт болоод зогсохгүй, нөгөө талаар дэлхий дахинд энх тайвныг цогцлооход онцгой тус хүргэнэ гэж ЮНЕСКО үзэж байна. Яруу найраг эр эм алин боловч хүний зүрх сэтгэлийн угт нэвтэрч чаддаг агуу хүчтэй болохоор хүн төрлөхтөний олон янзын байдал төлөв, санаа бодлын илэрхийллийн дунд ойлгоцлын цорын ганц хэл нь болж чадна гэж итгэж байна.
ЮНЕСКО өөрийн хэрэгжүүлдэг олон арван хөтөлбөрийн хүрээнд яруу найргийг бусдаас илүүгээр хэвлэж, орчуулж, түгээх ажлыг хийсэн билээ. Эртний Грекийн домогт Ясон өөрийн баатар Орфиуст биеийн хүч, дайны хөнөөлөөр ч ялж дийлшгүй нэг зүйлийг давж гарах даалгавар өгдөг шиг бид ч бас хүн төрлөхтөний оюун санаанд мөнхийн энх амгаланг бий болгохын тулд яруу найрагтай ханьсах нь зайлшгүй чухал билээ.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал
Ирина Бокова

0 Response to "Дэлхийн Яруу Найргийн Өдөр"

Post a Comment

Powered by Blogger