Ц.Дэлгэрмаа: Миний анхны хайр шувуу шиг л нисч ирсэн

Эх сурвалж: Olloo.mn

2008.12.26 20:59

Р.Чойномын нэрэмжит "Оюухай 2006" наадмын дэд, О.Дашбалбарын нэрэмжит "Утгын сүм" тэргүүн, Хайрын шүлгийн "Аморэ", "Алтан үзэг" оюутны яруу найргийн наадмын гуравдугаар байрын шагналт залуу яруу найрагч Ц.Дэлгэрмаа уригдлаа. Тэрбээр анхны номоо "А тэмдэглэл" нэртэйгээр бэлтгэж байгаа аж. Жижигхэн биендээ ахадсан их ухаан тээж яваа найрагч бүсгүйн яриагаар уншигч таныг дайлая.

-Шүлэг найрагт юуны учир татагдах болов оо?
-Намайг дөрөвдүгээр ангид байхад эгч минь оюутан болж Эрдэнэтийг зорьж байсан юм. Яг машинд суугаад хөдлөх тэр үед санаанд шүлгийн мөр гэнэт харвасан. Ирээдүйд ямар мэргэжил эзэмших тухай анхны балчир бодлоо шүлэг болгон буулгасан тэр л үед хожим хэн болох минь тодорхой болсон юм болов уу. Шүлэгт би татагдах биш, шүлэг өөрөө намайг олсон, оносон гэж би боддог.

-Их багадаа шүлэг бичиж эхэлжээ. Бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Аав минь цэргийн хүн л дээ. Тиймээс би Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид төрсөн. Харин ах, эгч, дүү гурав маань Улаанбаатарт төрсөн юм. Тэгээд л аав ээж хоёр минь багаас хутагтын нутагт төрсөн охин гэж намайгаа "хөөргөдөг" байлаа. Би ганц ч удаа цэцэрлэгт явж байсангүй, гэрийн охин байлаа. Гэртээ суудаг хэрнээ тэрүүхэндээ гангаан, бас. Их олон янзын даашинз өмсдөг байв. Бүх даашинзаа "Усан цэргийн палааж", "Зааны тугал Панчи Панчи", "Цэнхэр бөмбөгт" гэх мэтчилэн өөрийнхөөрөө нэрлэнэ. Бас нэг удаа цонхон дээр суусан ялааг харж байснаа "Сэгсгэр үстэй Банаа" гэж нэрлэсэн гэсэн. Харин аав маань энэ тухай ялааны хөл нь их үсэрхэг байдаг. Хүүхдийн нүд хурц болохоор түүнийг нь олж харж л дээ гэж тайлбарлаж билээ.

-Гэртээ суудаг охин багаасаа л номтой нөхөрлөсөн байх?
-Өө тэгсэн. Ах маань надаас гурван насаар ах юм л даа. Тэр долоотойдоо сургуульд орж, тэр цагаас би бас "Цагаан толгой"-той найзалж эхэлсэн. Өдөржин гэртээ сууж уйдсан би ахыгаа сургуулиасаа ирмэгц салахгүй дагана. Хичээлээ давтахад нь ч бас дэргэд нь сууж л байна. Удалгүй дармалаар уншиж, бичиж сурсан. Том том ном руу толгойгоо шургуулсан хүүхэд болсон доо, тэр үеэс хойш. Аав ээж хоёр хараа нь муудна гэж хориглоод ч, номын цагаан солио гэж айхтар юм байдаг тухай хэлээд ч нэмэр болоогүй дээ. /Инээв. СУР/

-Анхны хайрынхаа тухай яриач. Хайр гэдэг чинийхээр?
-Миний анхны хайр шувуу шиг л нисч ирсэн. Тэгэхэд би 15-тай дэгдэж яваад л гэнэтхэн нэг хар нүдэнд "ховсдуулчихсан" даа. Эсрэг хүйстнээ шохоорхож, танин мэдэх тэр хүсэл үнэндээ өөрийгөө танин мэдэх үүд хаалгыг нээж өгдөг юм шиг ээ. Тэр л үеэс өнөөгийн энэ би яг өөрийнхөөрөө, хэлбэрэлтгүй бий болж эхэлсэн санагддаг. Тэр л үед бас шүлэг бичин нэг нэгэндээ улам ойртож эхэлсэн. Шүлэг надад хорвоогийн бүх юмны тухай хүүрнэдэг болсон. Тэр хүүрнэлийг би харин цаасан дээр буулгах үүрэгтэй болсоноо ухамсарласан даа. Шүлэг-хайр, шүлэг-амьдрал, шүлэг-ертөнцийг танин мэдэхийн тулд би эрэлхийлж, тэр эрлээр дамжин ирсэн мэдрэмжүүдээрээ өөрийгөө илэрхийлж явна.

-Яруу найрагчдыг дурламтгай л гэлцэх... Чи хэр дурламтгай вэ?
-Дурлал хайрын яруу сайхныг би мэдэрсэн ч, дурлан хайрлаж сураагүй л явна. Яг юу болохыг нь хэлж болдоггүй амтат зовиур. Аз жаргалтай шаналал... Энэнээс цааш юу байдгийг би мэдмээр, мэдэрмээр байна. Тэгээд ч тэр үү, дурлалын тухай шүлэг цөөнгүй бичсэн. Дурлалгүй амьдрал хичнээн уйтгартай, үхмэл байх бол оо... Би төсөөлж ч чадахгүй нь ээ.

-Шүлгийн ертөнцөд анх хөтөлсөн багш нарынхаа тухай?
-Хамгийн анхны багш гэвэл ном юм болов уу... Энд би бас аав ээж хоёрыгоо хамгийн эхэлж нэрлэмээр байна. Тэд л миний анхны уншигч, анхны шүүмжлэгчид болж байлаа. Шүлэг бичдэг болсны минь дараахан аймгийн Хүүхдийн төлөө төвөөс 25 шүлгийн номын уралдаан зарлаж, ээж миний бичсэн бүхнийг анх эмхтгэн бичиж байлаа. /Инээв.Сур/ Миний аав бас шүлэг бичдэг л дээ. Тийм болоод ч тэр үү миний ертөнцөд аав минь их ойр. Би олон багштай. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хэл, уран зохиолын багш Д.Чулуунбаатар гэж тун эгэл нэгэн бий. Тэр хүн л анх намайг шүлгээ ч бичихгүй алгуурлаж явахад минь "олж" аваад, бич, заавал бич гэж "шахаж, шаардаж" байсан удаатай. Олон удаагийн тэр шахалт шаардлага намайг төөрөхөөс минь аварсан. Их сургууль намайг Шагдарын Дулмаа гэж гайхамшигтай эмэгтэйтэй танилцуулсан. Дэндүү энгийн, эгэл тэр хүн урам, хайраараа олон залууст жигүүр ургуулж явна. Харин миний ихэд зориглон байж ном болгон эмхтгэсэн хэдэн шүлгүүдийг минь уншсан Ч.Билигсайхан багш маань надад их олон зүйлийг ойлгуулсан. Утга зохиолын онолын хичээлийг хоёр жил заасан багш маань намайг шүлгээ аваад очиход гайхаж угтсан шүү. Намайг бичдэгийг мэдээгүй байсан хэрэг л дээ. Нэг хоногийн дараа намайг дуудаад хэлсэн үг бүрийг нь би цээжиндээ хадаж авсан. Тэр үгс миний амьдралын турш багш байх биз ээ.

-Өөрийг чинь Монголын яруу найргийн мундагчуултай тэмцээнд өрсөлдөж үзүүр түрүү булаалдаж байсан гэх юм билээ?
-Өө, би шүлэг найргийг өрсөлдөөнөөс ангид, дээд зүйл гэж боддог юм. Оюутан байхад хаа нэг тэмцээн уралдаанд "давхиад" оччихдог байсан. Одоо бол их ичдэг юм аа. Р.Чойномын нэрэмжит "Оюухай" гэж уламжлалт наадам байдаг. Тэр наадмын онцлог нь ирсэн бүтээлүүдийг бичсэн эзнийх нь нэр усыг ч мэдэгдэлгүй, далд хэлбэрээр шүүж байр эзлүүлдэг юм л даа. "Оюухай 2006" наадамд оролцохоор хоёр шүлгээ Р.Чойномын өвийг хамгаалах. "Өд" сан дээр аваачаад өгчихлөө. Тэгээд л наадмын өдөр тайзан дээрээс дуудагдаж нэг шүлгээ уншсан. Тэнд Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол, Ц.Чимиддорж... гээд л олон яруу найрагч ирсэн байсан. Нэгдүгээр байрт Н.Гантулга шалгарч, Д.Урианхай гуай бид хоёр удаалж байсан юм. Наадмын дараахан профессор Л.Дашням гуай "Өдрийн сонин"-д "Яруу найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ануу" гэж нийтлэл бичсэнээс би их юмыг ойлгосон л доо. Тэр үед шүлэг бичих нь миний хувийн л асуудал, аз жаргал, гуниг зовлон минь байлаа. Өөр ч юм боддоггүй байж. Харин тэр нийтлэл гарсны дараагаар, өөрийнхөө шүлгийн тухай тэндээс олж уншсанаас хойш би яруу найргийн өмнө ямар нэгэн үүргийг ухамсаргүйгээр хүлээж эхэлснээ мэдэрсэн.

-Өнөөгийн яруу найргийн чиг хандлагын талаар бодлоо хуваалцаач?
-Би тэр айхтар том чиг хандлага энэ тэрийг үнэндээ сайн мэдэхгүй ээ. Гэхдээ өнөөгийн яруу найраг нэг шинэ тавцанд гарч ирж байгаа гэж санадаг шүү. Миний бодоход шүүмж судлалын салбарт шинэ үеийнхэн өөрсдийн дуу хоолойгоо нэмээсэй. "Яруу найрагч" гэж цоллуулахын төлөө биш харин яруу найргийн төлөө чин зүрхнээсээ бичээсэй залуус.

-Тэр гэж танигдашгүй нэг хүчин зүйл уран бүтээлчдэд нөлөөлдөг. Тэр нь онгод. Онгодыг та хэрхэн таньдаг вэ?
-Онгод минийхээр үүлэн чанадаас санаа алдах хэн нэгний дуун юм. Тэр дууныг олж сонсох бүртээ би тэр гэхийн тэмдэггүй хөг хэмнэлд автчихдаг юм. Тэр дууныг улам мэдрэн, сонсох бүрий мөнөөх санаа алдалт шүлгийн мөр далиндаа тээсэн шувууд болж хувираад намайг өөр ертөнцөд аваачих шиг болдог. Тэндэхийн бүх юм хүмүүсийн нүдэнд харагддагаас тэс ондоо. Тэнгэр ягаан, нар хөх, одод ногоон, cap цэнхэр, үүлс шар... Харин би өөрөө биегүй, өнгөгүй, тув тунгалаг болчихсон шиг санагдаад зөвхөн оюун санаа минь л үлдсэн байхыг мэдэрдэг. Тэгээд дараахан нь миний дэвтэрт үлдсэн шувуудын хэл, хөлийнх нь мөрийг би шүлэг хэмээн нэрлэдэг дээ.

-Ганцаардлын тухайд?
-Багаасаа л мэдэрсэн нэг тийм амтыг би хожим таньсан нь ганцаардал байсан. Ганцаардал байгаа газарт гүнзгий дотогшоо бодол, ямархан нэгэн эрэл хөвөрч байдаг. Бодлын үзүүрт бас нэг бодол, эрлийн үзүүрт бас нэг эрэл. Тэгээд л цаашаа олон үүд хаалга өмнө минь нээгдэж, тийш нэвтрэх бүрт ямар нэг юмыг таньж авч байдаг. Хүмүүс би ганцаардах дургүй, би ганцаардаж үзээгүй гэж ярьдаг. Харин надад ганцаардах агшин бүр амттай. Яруу найраг үнэндээ ганцаардлаас л төрдөг ч байж мэднэ. Хэрэв төгс юм гэж байдаг бол ганцаардлын агшин үнэхээр төгс гэж би хэлнэ.

-Шүлгийнхээ санааг хэрхэн олдог вэ?
-Санаа хайж, бичнэ гэдэг нэг л тийм албадмал. Урлагийн мөн чанар нь юундаа байдаг вэ гэхээр түүнд ямар ч албадмал байдал үгүй. Урлаг өөрөө хаа нэгтээ бүтээгдчихсэн байдаг. Гайхамшигт аялгуу, шүлгийн мөрүүд, уран зураг, бүжгийн хэмнэл... Хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, уран зураачид, бүжиг дэглээчид харин бүтээгдчихсэн тэр гайхамшгуудыг олж нээх, хүмүүст хүргэх увидасыг цаанаасаа авч төрдөг юм шиг. Энэ санаа миний сэтгэлд их нийцдэг. Үнэхээр ч тийм.

-Одоо хичнээн шүлэгтэй вэ?
-Бичсэн бүхнээ шүлэг гэж нэрлээд, олонд хүргэхээс би лав эмээдэг. Мөр тэгшилж, сүүл толгой холбож, уран сайхан өгүүлсэн бүхэн ч бас шүлэг биш. Ном болгохоор эмхэлж байхдаа 2003 онооос 2008 оны гуравдугаар сарын хооронд бичсэн шүлгүүдээсээ 90 шахам шүлгийг шүлэг гэж өөртөө тооцсон.

-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-"Урьд ухаангүй дурлаж асан
Учралаа одоо санахад
Ичгүүр ханх татах нь
Энэ цагийн харгислал!" Дэвтрийн минь хуудас энэ мөртүүдийг илчилж орхилоо. /Инээв.Сур/

Б.Анхцэцэг
Дугаар 251/924/

БҮҮВЭЙ-БҮҮ АЙ

/ Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатарын яруу найргийн тухай /

Цаг хугацаа, зарим хэтэрхий гүн болоод хүнд бодлуудыг баллаж орхино. Нэг үгээр хүн төрөлхтөний санаа бодлыг ариутгаж байгаа нь тэр биз. Ингэж бодохоор цаг хугацаанд гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Магадгүй ертөнцийн юм бүхэн цэвэршин тунгалагших гэж буй цагт мухар эр хар зоригоор уран зохиол бүтээгчид цөөрөхгүй нь дээ? Мөн гэнэт зохиолч-яруу найрагч болон тодрогчдын дур хүсэл духан дээрээ сүүн гэрэл болж сацрах энэ цагт БҮҮВЭЙ /дотно халуун нөхөд нь түүнийг ийнхүү дууддаг билээ / шиг өлгийтэй багаасаа уран зохиолд шунан үнэн сэтгэлээр дурлагчид гадуурхагдаад байх шиг заримдаа санагдах боллоо. Тэгээд л үг хэлж зүрхлэхээр шийдэв.
Барууныхан нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүний нэгэн насанд бие сэтгэлзүйн гурван хямрал явагддаг гэж. Нэгдүгээр хямрал нь мэдээж охид хөвгүүдийн шилжилтийн насанд эхэлнэ. Нүүрэн дээгүүр нь батга барзайхтай хамт зан ааш, бие галбир хамаг бүхэн нь хувирч өөрчлөгдөнө. Энэ насандаа шүлэг бичиж эхэлсэн хүүхдүүд хожим насан туршдаа уран зохиолын зам мөрөөр явна. Ухрах буцах, няцах шантрах зам үгүй гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Харин 20 наснаас хойш хямрал энэ тэр нь дуусаад уран зохиолд дурлагчид надад хэзээнээс нэг л “итгэлгүй” санагдаад байдаг юм. Тэд өөр юм харж уран зохиолд хайртай болдог.


Тэгвэл ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР-ын хамгийн түрүүнд хайр татдаг зүйл нь ямар ч давхар санаагүй, өөрийнхөөрөө, тэрсүүдээрээ, овилгогүйгээрээ хямарч шилжиж явах насандаа уран зохиолд хайртай болсон нь. Нэг үгээр түүний яруу найргийн талаар эхэлж зайлшгүй ярих ёстой сэдэв. Тиймээс шүлгүүд нь “ХАШИР” биш. Гэнэн, цагаахан сэтгэлтэй, мөрөөдөмтгий чанартай. Заримдаа “Хүрэл тулгат” шүлэг уншихаар Хөвсгөлөөс ирсэн хөдөөний арван жилийн сурагчийн шүлэг шиг. Нэг талдаа их ухаалаг, муугүй цэцэн, ганцхан үгүүлбэрээр тодорхойлвол “хоосон гэдэг худлаа ядаж хоосноор дүүрэн” гэдэг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгэл хоосон ч дотор нь хорвоо багтдаг шиг түүний шүлгүүд анхлан уншихад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эхнээс нь эхлээд 20,30 тэгээд бүх шүлгүүдийн уншаад дуусахаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН “ХОРВООГ” бүхэлд нь харж болно. Энэ бол яруу найрагчийн хоёрдугаар содон чанар. Бүхэллэг байж чаддаг тал нь одоогийн яруу найрагт ховор үзэгдэл. Дүр үгүй учраас та нарын бүтээл хүнд хүрдэггүй гэж саяхан нэг ахмад яруу найрагч айлдсан байналээ. Нэг юм анзаарсангүй, магадгүй анзаарахыг хүссэнгүй. Одоогийн яруу найрагчид бүтээлдээ өөрсдөө “ДҮР” юм. Тэдний сэтгэл ч нэг дүр, байгаль, амьдралыг, хүмүүсийг, сансар огторгуй, сав шимийг тэр л дүрээрээ илэрхийлж байгаа юм. Энэ шинэ хандлага Ш.Хатанбүүвэйбаатарын шүлгүүдээс илүү тодорхой харагдана. Маш товчхондоо ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САНСАР, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН АМЬДРАЛ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САВ ШИМ ЕРТӨНЦ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН БАЙГАЛЬ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН ДҮР түүний яруу найргийн цогц чанарыг илэрхийлж байдаг. Илбэчин эсвэл буянтан, сахиусан тэнгэр, сүмийн номлогч, эцэг, хайртай залуу, ДОН-ЖУАН, далайчин эр, нутгийн овгор, байгаль шинжээч, хувийн аж ахуйтан гэсэн нэгдэж ойртмооргүй “ДҮРҮҮД” түүний шүлгүүд дотор оршино Энэ нь сүүлийн үед миний тодорхойлоод байгаагаар түүнийг “хүүрнэл зохиолч-яруу найрагч “ гэсэн бүлэгт хамааруулж үзэхэд хүргэнэ. Зохиолчдод хоёр хэв шинж байна. Нэг нь яруу найргийн хүчтэй суурь, сэтгэлгээгээр хүүрнэл зохиол бичигсэд. Тэднийг “яруу найрагч-хүүрнэл зохиолч” гэнэ. Харин нөгөө талд нь хүүрнэл зохиолын сэтгэлгээгээр яруу найраг бүтээгчид. Тийм яруу найрагчдын дунд ХАТАНБҮҮВЭЙ БААТАРЫН нэрийг оруулж тооцох нь гарцаагүй.
“Гуч хүрээд л үхмээр санагдах” шүлгийг нь уншиж суухад В.Набоковийн “Театрын тухай” эссэний үхлийн тухай хэсэг санаанд орно. Ердийн үхэл, амь хорлолт, алагдах гурав бусдад үйлчлэх хүчний ямар их ялгаатайг нотолсон байдаг юм. Яагаад Набоковын эссэ санаанд орсон нь бас учиртай түүнд /Ш.Хатанбүүвэйбаатарт/ Лолита нэртэй хэд хэдэн шүлэг байналээ. Үнэхээр гуч хүрээд үхмээр санагдах нь яруу найрагчид далдаас өгөөд буй “мэдээлэл” байхыг үгүйсгэхгүй. Лолита гэдэг нэр ч санаандгүй түүний тархинд харваад ороод ирдэг байхаас буцахгүй. Шугаман ч юм уу? эсвэл шугаман бус хэлбэрээр дээрх мэдээллүүд түүний яруу найрагт илэрч байна. Сэтгэлд үе үехэн бодогдоод байдаг юм. ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН зарим программыг жаахан өөрчилчихмөөр. Даанч түүний нүүрэмгий түрэмгий илэн далангүй, ичих булчирхайгүй юм шиг байдал нь үгүй болчихвол тэр огт бүхэллэг биш болчих юм шиг санагдана. Зарим судлаачийн бичсэнээр “...Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй хувь заяагаа доройтуулдаг байна. /Г.Лхагваа ”Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж” / гэх үнэн бол зарим нэг сөрөг бодлуудаа “арчиж орхихыг” түүнд зөвлөмөөр санагдана. Зөвлөгөө авахааргүй зөрүүд байж мэдэх энэ этгээд байгальд л ганцхан зөрүүдлэдэггүй болов уу? хэмээн шүлгүүдийг нь уншихад эрхгүй санагдана. Байгальд өширхөн хандагчдын цаана муу үйлийн цалам хүзүүгээр нь гогцоорч байдаг юм. Харин байгальд гүн хүндэтгэлтэй болоод нэн бишрэнгүй ханддаг хүмүүст гэгээн тунгалаг шүлэг бичих зэргийн “увдис” хайрладаг гэдэгт итгэдэг, итгэдэг учраас яруу найрагч- байгаллаг байх ёстой гэж үздэг “ҮЗЭЛ” ХАТАНБҮҮВЭЙБААТАР-т их л багаас нь төлөвшсөн бололтой.
Одоо айзам түүний шүлэгт ямар чухал хийгээд толгой холбох уламжлал ёс ямар ч падгүй тухай хэдэн өгүүлбэр хэлэх нь зөв байна. Жишээ нь ийм нэгэн шүлэг байна.
Уулс нүдэн дотор минь
Өндийж
Одод бодол төсөөлөлд минь
Түгэн гэрэлтэж
Нар алган дээрээс минь
Мандаж байхад ч
Хайр сэтгэл, тэмтэрсэн итгэлээр л
Амь зогоосоор
Амь зогоосоор байх...

Энэ шүлэг силлабик уу? эсвэл тоник уу? гэж өөрөө ч сайн ойлгодоггүй зүйлээр бусдын толгой эргүүлэхээ больё. Харин үгийн айзам холбоосууд хэрхэн эвсэлдэж шүлэг бүтээснийг анзаарна уу? Энэ шүлэг /ер нь ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН бүх шүлгүүд / хэлбэрийн хувьд түүний зан байдал, сэтгэлийн хөдөлгөөнтэй адил санагдана. Их тогтсон үзэл санаатай, зан байдлын хувьд тогтуун шүлэгчид мөрийн тоог чанд барьсан хайрцаглал сайтай шүлэг бичдэг гэж би үздэг. Тэгвэл сэтгэлийн халил хөдөлгөөн ихтэй яруу найрагчдын шүлгүүд задгай хэлбэртэй байх нь түгээмэл. Энэ л түгээмэл зарчмаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН шүлгүүд зарим мөр нь “ҮГ ҮГҮЙ” байхаас ч сийхгүй дэндүү чөлөөт хачин задгай хэлбэртэй байна. Түүний шүлгүүд дунд зан араншингаас нь гадна тийм нэг тодорхойлогдошгүй “ЭР ГУНИГ” ямагт оршиж байдаг онцлогтой. Чухам тэр л гуниг нэг талаар цөхрөл нөгөө талаар тайтгарал, үгүй бол оволзсон баяр бахдалын алин болохыг хэлж чадахааргүй эргэлзсэн байдалд хүргэнэ. Энэ нь яруу найргийн тайлагдаагүй олон увдис чанарын нэгийг ХАТАНБҮҮВЭЙБААТАР эзэмшсэн гэсэн үг. Түүний яруу найрагт хоёр “СУЛ” тал бас бий. Нэг нь:
-Сэтгэлийн эмзэг гуниглуун байдлаа шүлгээ дуустал нь хадгалж чаддаггүй. Гэнэт ямар ч хэрэггүй ”дүгнэлт” эсвэл хэрэггүй “сэтгэгдэлд” хүргээд дутуу хаячихдаг явдал. Зарим шүлэг нь зүгээр “гар хурууны үзүүрээр “бичигдэнэ. Бүр гомдмоор. Харин нөгөө нь:
-Дуусчихмаар байхад л хүчээр үргэлжлүүлсэн шинжтэй. Санааширч суугаад гэнэт чангааар инээсэн хүнтэй адил огцом өөрчлөлтүүд хийнэ. Уран сайхны хувьд болох боловч утга санааны хувьд зөрчилтэй санагдахаар шүлгүүд ч бий.
Онгод, далдын хүчинд автсан гэхээсээ өөрийнхөө дотоод зөрчилөөр бичсэн шүлгүүд энэ яруу найрагчийн бас нэгэн онцлог байдал. Зөрчилт байдал нь хүртэл цогц шинжтэй болсон нь гайхшралыг төрүүлдэг. Гагцхүү салбадай байснаас гуч хүрэлгүй үхсэн нь дээр гэж үздэг эрс хатуу бодол нь л ямар ч “ЗӨРЧИЛГҮЙ” , ямар өрчлөлтгүй байдаг нь түүний яруу найргаас ямагт маш тодорхой мэдрэгдэнэ. Онолын хүрээнд зөрчил синергитик тогтолцоотой гэж үзвэл удахгүй яруу найрагчийн дотоод сэтгэл зүй зөв төлвөөр цэгцэрнэ гэж үзэж болох юм. Чухам хувь хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг ч аяндаа төлөвшин цэгцэрдэг нь ойлгомжтой. Удаан уншвал уйлж мэдэхээр нэг шүлэг нь:
Алсран алсарсаар живэх нарны наахнаас
Аварга загас барьж байна гэж
Аавыгаа зуржээ.
Ай даа,
Амьдрал надад яасан их хайртай

гэсэн байна. Ямар ч гутрал цөхрөл энэ шүлэгт үгүй. Амьдрал өөрт нь хайртайг бүх бие сэтгэлээрээ мэдэрсэн дуу алдалт. Ийм л тогтворгүй, хөдөлгөөнт байдал ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН яруу найргийн хамгийн гол мөн чанар юм. Түүний яруу найргийг бүхэллэг шинжтэй, дүр олонтой, зөрчил ихтэй, сул талтай, гэнэн сэтгэлтэй гэж олон талаас нь тодорхойллоо. Оносон эсэхдээ эргэлзэхгүй байна. Учир нь яруу найрагч нь өөрөө яг тийм учраас..
Яагаад “БҮҮВЭЙ-БҮҮ АЙ” гэж өгүүллээ нэрлэсэн минь учир шалтгаантай. Түүний шүлгүүдээс би өөрийгөө зоригтой эвдэж, шинээр эхэлж, оюун санаагаараа задарч чадахгүй байна гэсэн “АЙДАС” мэдэрч байна. Ер бусын яруу найраг бүтээх гэсэн чин эрмэлзлийг мэдэрч байна. Түүнтэй хамт тэгж чадахгүй бол яана гэсэн эр гунигийг мэдэрч байна. Гоо сайханд шунан дурласан сэтгэлийг мэдэрч байна. Гоо сайханд эгнэж тэнцэхээргүй шүлэг бичих вий гэсэн зөв ухамсар мэдрэгдэж байна. Тиймээс нэгэнт зөв ухаарсан, зөв мэдэрсэн, зөв айсан юм чинь зөвхөн зөв сэрэхүйн шүлгүүдээ бичихээс өөр хэрэгтэй хэрэггүй илүү дутуу зүйл бодон БҮҮВЭЙ минь бүү ай!

Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
Дэлхийн суу алдартнуудын өдөрт сууж босон, сунайж данайж бичив.

2011-03-10

Powered by Blogger