Т-а-г-т-а-а

(хэрэм нэвтлэх шинжлэл)

Би шүлэг унших дуртай...
Би шүлэг мэдрэх дуртай...
Би шүлэг задлан шинжлэх дуртай.
Юу гэвэл Хайдеггер ”Шүлэг бол хамгийн гэм хоргүй зүйл” гэж хэлсэн юм. Тийм л учраас би нэгэн хэний ч үл мэдэх тагтааны тухай... түүний шүлгүүдийн тухай бичье гэж шийдлээ.
Алтай... Аяа аугаа их ид шидтэн, бясалгалч даяанч, аглагийг шүтэгч, эрдэмт мэргэдийн орон... Тэнд эзгүйрч хоосрон, үүгэн хүүгэх салхинаас өөр эзэнгүй болсон, хана хэрэм нь хуучирч нурах шахасан нэгэн сүмийн гонхонд энэ тагтаа амьдардаг юм.

Өрцөн цаанаа нэг тийм бүдэгхээн гэгээ, жижигхээн бүрэнхийг
Өөрийн чинь тухай, хааяахан, гэнэтэд, санамсаргүй бодон суухдаа мэдэрдэг
Мэдрэх тусам минь бороо улам ширүүсч, цас лавсан бударч
Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрдөг

Чшшш... тэр тагтаа одоо чимээгүй бодлошрин, орчлонгийн амьдралыг бясалган, далавчаа хумин сууна.
Хавар, намар хоёр нь хавчиж зунгүй болсон
Өнгө, мөнгө хоёр нь хавчиж үнэнгүй болсон тухай...цаг наашилж, хөхөө донгодочихоод байхад цас яагаад лавсаж байгааг гайхширан суугаа...Магадгүй шүлэг бичиж байгаа биз ээ. Түүнийг тайван орхиж, цааш үргэлжлүүлэх нь...


Түүнийг мэндлэхэд эцэг эх нь баяр жаргалаар дүүрэн яваарай гэж ”Баягалан” хэмээх нэрийг хайрлажээ, харин хүн хөршөө сонгодоггүй тэр бүү хэл хувь заяагаа сонгодоггүй хойно энэ төрөлд нь түүнийг ”яруу найрагч, шүлэгч, ядаж ганц шүлэг бичээд үхэх” хувь заяаг түүнд оноосон юм.

Тэр их холоос ирсээн... Шаргын тал, Шалын хоолой, Үнээн ус, Хөх эргийн гарам, Тээлийн гуанз, Гарьдийн хад, Элсэн тасархайд бууж сууж, алжааж ядарч... гэхдээ нэр нь хүртэл яруу найраг энэ замаар яруу найраг тээн ирсэн юм. Энэ хол замд шүлгийн мөрүүд хэлхэж, өөрийгөө яг л нисч яваа адил төсөөлөхгүй бол хэн ч гэсэн галзуурах биз ээ. Их хол шүү. Эрдэм сурах гэж, эрхий мэргэнээ сорих гэж зорьсон биз. Үнэндээ түүний шүлэг түүнээс гарч байгаа характеруудыг нарийн ажиглавал тэр маш бардам өөртөө бүрэн итгэлтэй... тэр бүү өөрөө өөртөө маш их таалагддаг гэж хэлж болохоор юм. Юунаас ч айж сүрдээгүй, доорд газрыг бариагүй, ийм л байна, ийм л байх болно гэсэн бат нут итгэл. Ийм л учраас чамайг шувуухай гэж нэрлэдггүй байх аа. Яруу найрагч хүний хамгийн эрхэм шалгуур... өөрийнхөөрөө байх, өөрийнхөө зам мөрийг гаргах, өөрийнхөө яруу найргийг бүтээх гэдэг. Аминчлан хэлэхэд Алтайн уулс л чамд үүнийг өгч, хүүгэн сүүгэх хөх салхиараа алгадаж адисласан байх шүү. Аа бас мартах шахаж... зөн билэг. Түүний шүлгүүдэд ”бүдэгхэн гэгээ”, ”бүрэнхий” гэсэн үг хэллэг ойлголтууд явдаг. Энэ ч бас учиртай...

Түүнд зөн билэг байна. Бүр хангалттай байна. Яг л зүрхний тушаа бөглөрөөд тэндээс уур манан болон дэгдэж тархины дотор ороод ямар ч гэгээгүй хав харанхуй шөнөөр үүр цайж байгаа ч юм шиг тийм нэг мэдрэмж... Үүнийг үгээр илэрхийлэхэд тун хэцүү л дээ. Гэхдээ нэг тийм бичвэл тайвширч, нүдээ нээвэл өрөөнд гэрэл асчихсан, жин үдийн наран шарж байгаа мэт мэдрэмж төрөх...

Энд нэг бяцхан тайлбар хийе. Бурхан багш номоо шавь нартаа айлдахад хичнээн ч хүнд ном айлдсан холд нь ойр мэт тод, ойр суугаад нь тийм чанга бус сонсогдохоор номоо айлддаг байжээ. Дуу хоолой нь тийм эрдэм чадалтай байж. Харин бас нэг өөр ойлголт нь тухайн номынхоо утгыг шавийн сэтгэлд үл мартагдах, ой тойнд буухаар ойлгуулж чаддаг нэг тийм эрдэм байжээ. Түүнийг манай судар бичигт ”гэгээ өрхлөх” буюу тэр нь сунжраад ”гэгээрүүлэх” хэмээх үг болон хувирсан юм. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл тэр эрдэм номын гэгээ багшийн биенээс цацарч шавь нарын оройн зулайгаар ордог. Энэ үед тархинд гэрэл асаасан мэт мэдрэмж төрдөг тийм чадварыг нэрлэжээ. Одоо хүртэл юм ойлгосноо маш сайн ойлгосноо ”орой луу орлоо”, ”орой руу орсон мэт” хэмээн ойлгодог нь тийм учиртай. Өнөөх л зулай руугаа шууд орсон мэт утгыг хүлээн авагч тэгж илэрхийлж байгаа хэрэг. Өндөр ууланд төрсөн, тэнд өссөн хүнд зөн билэг төрөх нь тэр тусмаа зөвхөн нүдээ анихад л тагтаа шувууны нисч чадах л өндөрт нисч, ертөнцийг дээрээс нь тольдон харах дуртай хүнд бүр ч ойрхон биз. Тэр заримдаа тээр дээрээс тасраад унаж ирж буй навч шигч үзэгдэнэ. Гэхдээ л түүний шүлгүүдийг уншихад яагаад ч юм хэзээ хэзээгүй нээгдэх гэж буй цэцэг, эсвэл хэзээ ч гоо үзэсгэлэнг нь үзээгүй цэцгийн зүрхийг хумьсан дэлбээ рүү нь гараа шургуулж барьсан байгаа мэт сэтгэгдэл төрөх юм.

Энэ бол миний л сэтгэгдэл шүү. Хий хоосон магтаал биш миний л мэдэрсэн нь. Би эрэгтэй шурагтай (эрчүүд юм аа) залуусын шүлгээс илүү охид бүсгүйчүүдийн шүлгийг унших дуртай. Тэдний хувьд жүжгийн гол дүрд тоглосоор нөөц бололцоо нь дуусаж шавхагдах тийшээгээ хандсан бол бүсгүйчүүдийн хувьд одоо л тэдний цаг хугацаа эхэлж байгаа юм. Монголын яруу найрагт байдаг яруу найрагч хэмээн хүндэлдэг хуруу дарам бүсгүйчүүдийнхээ жагсаалтад энэ ТАГТАА-г нэмж байгаадаа баяртай байна. Чухам яагаад энэ бяцхан өгүүлэлээ ”хэрэм нэвтлэх шинжлэл” хэмээн нэрлэсэн бэ гэвэл огт танихгүй, эргээд уулзвал зүсийг нь ч танихгүй энэ шүлэгч охины яруу найрагт нь уусан живж, түүний сэтгэлийн чанадад хүрээд, хэрэм хашааг нь даван орж, бамбар асаан өөрийнх нь ч магадгүй таниж амжаагүй шинэ зүйлсийг нь түрүүлж харах гэсний учир билээ. Нэгэнт хэрэм нэвтэлснийх өөрийнхөө уншиж ойлгосон чадлын хирээр долоон булчирхай найман найлзуурхайг нь дэлгэе гэж бодож байна. (Энэ тохиолдолд зөвшөөрөл аваагүйг минь уучлаарай. Миний бичсэн үнэн ч байх албагүй)

Түүнд 2 айдас байна. Би түрүүн дээр хэлсэн тэр бардам, омголон гэхдээ бас аймхай... Юунаас айдаг вэ? гэвэл олон хүний хувьд хотод амьдраад ч жинхэнэ хотын хүн болж чадаагүй... Өөрийнхөө орон зайгаа эзэлж чадаагүй бол тэр тагтаа маш хурдан хугацаанд жинхэнэ хотын хүн тэдний зарим нэгнээс ч хэтийджээ. Тэгээд нүүдэлчин байснаа... эх нутагтаа хайртайдаа... өөрийнх нь итгэл үнэмшил, соёл иргэншил, шашин шүтлэг хэрхэн хувьсан өөрчлөгдөж... цагийн эргүүлгэнд хуйлран одож буйд эмзэглэж байна.

Харин нөгөөх нь бол хайр дурлал... Магадгүй бэлгийн бойжилтынхоо төгсгөлд нэг өөрөөсөө өндөөр залууг хальт шохоорхоод л өнгөрч... П.Батхуяг энэ охидын хайр сэтгэл дэхь үнэлэмжийн тухай сүүлийн ”Утга зохиол” сонин дээр бичсэн байна лээ. Хөөрхий охидуудыг хунгийн цуваа болоод нисч байхад нь буудсан байна лээ шүү. Үнэнийг хэлэхэд тэд хайр дурлалын тухай биеэрээ үзэж өнгөрүүлснээ биш төсөөлөлөө бичиж байна. Хий мөрөөдөж, жигшин зэвүүцэж байгааг нь л П.Батхуяг олж харсан байна. Гэвч ”хэрэмний цаана” тийм юм алга аа. Магадгүй тэд биднээс илүү ёс суртахууны тухай ярих л байх... Бид ч бас эдний насан дээр дурлахаас айж л явлаа. Жинхэнэ дурлалтайгаа учраад амьдралын амт шимтийг мэдэрсний дараа яруу найрагт нь гэрэл асч ”оройгоор нь юм орно” гэдэгт би итгээд байгаа юм. Хамгийн сүүлд бусад эмэгтэй яруу найрагчдаас нь чухам яагаад Тагтаа-г сонгож авснаа хэлье. Чиний урьд төрлүүдийг дурьдвал үнэхээр өндөр дээд хүн байжээ. Магадгүй удган... эсвэл язгууртан хатан... эрдэмтэй лам байсан ч байж мэдэхээр байна. Яруу найрагт яг л энэ чигээрээ эрхэмсэг бардам, язгууртан яваарай. Хэзээд зөн билэгтээ итгэж, цагийн салхинд бүү уруудаарай л гэж захия. ”Хүрээ хөвгүүд” та нар шиг л охидыг хүлээж, бас өөрийнхөөрөө байх тэр эрх чөлөөг та нарт л зориулж эрхэмлэн нандигнаж ирсэн юм шүү.

Яруу найргийн шүүмж яруу найраг л байх ёстой, хэрэм хашааг нэвтэлж, хэний ч олж хараагүйг харах ёстой. Эс тэгвэл хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ.

Энэхүү ”хэрэм нэвтлэх шинжлэл”-ийг хэрсүүжиж уншина уу, хөмхийгөө зууж уншина уу хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.

Хүрээ хөвгүүд.

А-к-а-д-и-м-о

/Хэрэм нэвтлэх шинжлэл/

Би түүнийг 25 мянган жилийн өмнө амьдарч байхаас нь танина. Тэр бол цаатан байлаа. Дараа нь хэн ч юм баруун зүгээс нүүгээд ч юм уу? зугтаагаад ч юм уу? ирэхдээ төмрийн хүдэр хайлуулах аргыг авчирч өгөв. Тэгээд тэд нийлж байгаад 70 бухын арьсаар хөөргө хийгээд нэг их том хадыг хайлуулаад далайд гарцтай, цасан дээр нэртэй, цаасан дээр мөртэй болсон юм. (Энэ бол Эргүнэ хунгийн домог)

Хамгийн гол нь энэ үед тэд төмрөөр дөрөө хийж, нум сумны зэв хийсэн нь хамгийн том дэвшил байв. Тэд тал руу буулаа. Хамгийн түрүүн дөрөө сайтай болсон учраас талын амьтан болох адууг гаршуулж, эмээл тохоод, төмөр зэв, эвэр нумаараа ан хийж хэн хүнд амар дийлдэхээргүй болоод аялж гарав аа. Солонгосын хойгоос авхуулаад нар зөв аялж, хамгийн сүүлд наран шингэх зүгийн Сири, Дамаск хавиас буцаж энд цуглахдаа хэдэн мянган жил зөвхөн монголчуудын эзэмших газар нутаг хийгээд монголчуудаар овоглогдох соёл иргэншлийг бүтээв. Тэд халуун орноос хүйтэн хошуутой үхэр, ямааг гаршуулж, говиос тэмээг сонгосон бол, нүүдэлчин ховройчуудаас хонь маллаж адгуулах арга ухааныг авчирлаа. Гээд хэрэгцээ хангагдсангүй... Мэдээж хэрэг толгойгоо ажилууллаа. Гитадуудын торго, Энэтхэгийн халуун ногоог Баруунд гаргаж, оронд нь тэндээс дорно дахинд зарж болох бүхий л зүйлийг зөөх сүлжээ байгуулж түүнийгээ Торгон зам хэмээн нэрийдэж, тансаг хэрэглээгээ хангав. Ингээд хэдэн зуун жил амьдарсан юм дээ бүү мэд... Хэдэн зуун жил шүү... Энэ бол 3-4 оронтой тоо... Та мэднэ. Харин тэд баруун зүгээс ирэхдээ мэдлэг ухаан, итгэл үнэмшил, үг үсэг тээж ирсэн юм.

Баяд гэж нэг хэсэг бүлэг хүмүүс байх... Тэд мэргэн хүнээ "Акадимо" гэж одоо хүртэл нэрлэдгийг сонсоод чих минь сунасан. Магадгүй тэд "ном" гэдэг үгийг Грекээс авчирсан байвал би гайхахгүй... Үүнийг би жинхэнэ "Торгоны наймаачны ажил" гэж үнэлнэ. Гэвч энд бас нэг өөр юм бий. Тэр бол баяд хонь... Хонь яагаад ингэж таргалж болдгийг... ийм үүлдэр байдгийг би бодоод бодоод олоогүй... (Уучлаарай Балжаа аварга аа...) Баяд иргэн хонины ууц шиг... гэж ирээд л яридаг. Үнэндээ манай аварга хүний шинжийн хувьд тусгай ууцтай... Нэг л өөр... Яагаад ингэж хадуурч давхиад орж гараад байна вэ? гэвэл яруу найргийн тухай ярьж, яруу найрагчийн хана хэрэмийг давах гээд яваад байгаатай л холбоотой... Нэг л өөр... тийм "акадимо"... акадимо Баяраа... Шангас овогт Ядамсүрэнгийн Баяраагийн тухай юм.

Түүнийг би мэднэ. Бүр 8000 жилийн өмнөөс мэднэ. Уншсан. Өвөр Монголын эрдэмтэд болох эцэг, хүү Чандмани, Тингэс нарын "8000 жилийн өмнөх монголын түүхийг мөшгөвөл" гэж нэг жижигхээн ном бий. Төв номын санд бий л дээ. 90-ээд оны эхээр хэвлэгдсэн. Бие нь жижиг ч бэлчээр нь том ном. Шинжлэх ухаан няцааж чадаагүй ч өдий болтол дуугүй байхыг бодоход хүлээн зөвшөөрсөн л хэрэг. Монгол даяар тархсан зөвхөн цээжээр амаас ам дамжигдан хэлэгдэж байсан 300 орчим тууль, түүний баатрууд, үйл явдал зэргийг нь араб, ойрхи дорнодын түүхийн материалуудтай тулгаж үзээд... Харьцуулж, харгуулж үзээд шүү... 8000 жилийн өмнө монголчууд Тигр, Евприт 2 мөрний хөндийд, Сүмэр уулын өвөрт амьдарч байжээ... гээд батлаадахав. Гайхалтай парадокс... Өнөөг хүртэл "өвөрөөнүүд" тоодоггүй ном зохиолдоо эш татдаггүйг бодвол дээр нь "хар хайрцагтай коммунист толгой" байдагтай ч холбоотой байх л даа. Үнэндээ манайхан ч тэднээс ялгаагүй л байгаа юм. Уран зохиолоо байтугай... түүхээ жижигхэн тугалын бэлчээр, жирэмсэн эмийн шээх газраас цааш судлах зориг, золбоо нь хүрэхгүй л байгаа юм. Углуургатайхан бодвол Баядууд христийн шашны эхэн үеийн несториан, манихейчүүдтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбоотой ч байсан байж болох юм. Хэрээд, Эрхүд, Наймантай адил эртний овог. Нарийн ажиглавал манай ёс заншилд тэднээс авсан юм маш их. Хүүхдээ угаах, хурим, оршуулга, уул ус тахих, ерөөл магтаал эд бүгд Торгон замаар ирсэн соёл юм шүү... Наран шингэх баруун зүгээс... Энэ бол миний үг биш, мэргэдийн үг...

За ингээд хэрэм хашаагаа даваадхая. Баяраа бол "акадимо" өөрөөр хэлбэл Баядын үртэс... тэднээс төрөн гарсан мэргэн хүн. Тэр дорнын ч хүн, өрнийн ч хүн. Харин яг одоо бол түмэн жилийн өмнө тасдаж авсан эрдмээ цээжиндээ оволзуулан, наран шингэх баруун зүгийг саравчлан зогсч байна. Өөрөөр хэлбэл нэг хөл нь Азид, нөгөө хөл нь Европт гишгэж байна. Гэхдээ л дур хүслийг нь "баруун" даллан дуудсаар байна. Түүнээс уламжлалт яруу найраг, хэлбэр хэмжээ, өвөрмөц онцлог, үндэсний шинж... гэх мэтийн "пионер" зүйлүүд нэхэх хэрэггүй... Тэр оюун санааны яруу найргийг бүтээж байна. Гэхдээ ямар ч дүрэмгүй... хийсэн туршилтууд нь "академик" түвшний... Хэн ч няцааж чадахгүй хирнээ... хүлээн зөвшөөрч чадамгүй. Үүнийг "махамудра" хэмээн манай номд нэрийддэг. Тэр дотор нь буцалж байгаа мэдлэг ухаан үгээр илэрхийлэгдэхгүй бол дүрсээр зурж, гараараа бүжиглэж, хөлөөрөө харайж... далавчтайсан бол нисэхэд ч бэлэн байгааг түүний шүлгүүдээс харж болно. Зарим шүлгүүд нь шүлэг гэхээсээ илүү зотон дээр улаан шар өнгөнүүд нялгадаад ямар дүрс болон хатахыг нь хүлээж буй мэт. Түй черт... Ямар их оволзсон хүч тэнхээ, зориг зүрх вэ? магадгүй зарим тохиололд үндэсний цөөнх байх, олон хүний дунд ганцаардах, би эднээс өөр гэсэн гүн бат хатуу хүчтэй бодол, итгэл үнэмшил ийм их хүчийг төрүүлдэг ч түүний хувьд энэ бол ердөө л шалтгаан нь... Гаднаас нь харъя л даа. Энэ тивийн хамгийн хойно орших говиос ирсэн хөрслөг улаан хүү. Номхон усгал нүдтэй. Дуу хоолой нь ч бүдүүн баргил биш... Ердийн хөдөөний гэсэн тодотгол өгч болох...дотуур байранд амьдардаг оюутан. Өвөл анх танилцаж байхдаа хараад "тархи толгой нь хөлдчихдөггүй юм байх даа гэж бодож байсан ч шүлгүүдийг нь уншаад энэ залуу дотроо шатаж яваа юм байна" гэж ойлгогдож байсан. Гэсэн хэдий ч түүний яруу найраг дижитал хэлбэрээр орон зайгаа тэлж чаджээ. Хэдийгээр 2 талаасаа эхэлдэг, хавтас нь буруу, толгой түрийгүй ном найзтайгаа хамт гаргасан нь ч хувь зохиол л байх ёстой. Яая гэхэв. Хүмүүс намайг энэ хүүхдүүдийг магтаж байна гэх юм. Яг үнэндээ би шүлэг найргийг нь уншаад, шунан дурлаж ойлгоод тэр чанар нь энэ хүнд байна уу? үгүй юу? гэдгийг олж хараад бодоод, бясалгаад, миний бясалгалын ургацад яаж ургасныг нь л бичдэг болохоос бус захиалгаар хийгээд тачаалаар бичдэггүй билээ. Ингэж бичсэн минь худлаа байгаад энэ хүмүүс яруу найргийг бүтээж чадах эсэхийг зөвхөн бурхан үзэг.

За тэр бурхан ч яахав. Би түүнийг далч, төлгөч хэмээн боддог. Хоньчин еврей, ховрой, жүүд нэг л өөр яг тийм гээд хэлчихэж боломгүй... Түүний шүлгүүд ямар нэгэн нийгмийн юм уу биологийн захиалгатай гэхээсээ илүү мэргэ төлгийн тайлал шинжтэй. Шаал өөр өөр... Нэг их өндрөөс хараад шоргоолжны үүрний амьдралыг шоолоод ч байгаа юм шиг... Би нэг юм туршиж үзэхсэн гэж бодож байгаа юм. Харанхуй шөнө задгай гал түлээд суувал хажууд нь Баяраагийн нүүр галд асаад байна уу? гал Баяраагийн нүүрэнд асаад байна уу? аль болохыг үзэхсэн гэж... Тэр шүлэг бичдэггүй... Байнга шатсан дал ч хараад яваад байдаг байж мэдэх юм. Махан нүдтэй цусан зүрхтэй бидэнд яаж харагдах вэ дээ? Түүнийг шүлгүүд тийм сонин галтай... галын өнгөтэй... дүртэй... бурхантай... шатсан дал шиг сонин гаж.

Түүний яруу найраг их хураангуй... богино. Товчхон. Үг утга нь оночтой... урьд нь аль болох байгаагүй зүйлийг өөрийнхөөрөө бичдэг. Түүний олж авсан хэлбэрүүдийг бусад хүмүүс дууриахад хэцүү байдаг бол... тэр ямагт цоо шинээр туршсан байдаг. Үүнд "үхсэн тогооч нарын гэгээн дурсгалд" зориулсан шүлгийг дурдаж болно. Зөвхөн энэ шүлгээр нь л түүнийг монголын модернист яруу найргийн шинэ үе буюу Баатарын Галсансүхийн дараахи "Модернист фронтын командлагч"-ийн цолыг шууд өгөхөд хангалттай. Дижитал яруу найргийн сайн тал нь энэ. Өөрийн блог дээрээ тавьж, хүмүүсийн санал, чиг хандалгыг мэдрээд засаад залаад шигтгээд... өөрөө ч нээлттэй байгаад... жинхэнэ яруу найраг бүтээх. Энэ үйлст ханцуй шамлан орсон та нарт үнэндээ атаархаж байна ах нь. Акадимо

Яруу найрагч хүнээс энэ цаг үе ер нь юу шаардаад байгаа юм бэ? гэж үү? хэнд ч таагдашгүй... үргэлж манлайлагч, хошууч байхыг шүү дээ. Гол нь хэнд ч таагдашгүй байхыг... хэрэм нэвтлэх шинжлэл бол уран бүтээлчийг ямар ч цаг үед юу ч бичсэн байхад нь ойлгох түлхүүр болох юм. Энэ бол жинхэнэ монгол цэрэг эрийн мөн чанар байжээ гэж ойлгож болно. Жишээ нь Ордос нутагт дуулагддаг байсан нэг дуу байна. Олон жил цэрэгт явж дайн байлдаанд тулалдаад эцэст нь харийн газар ясаа тавьж буй монгол цэрэг эрийн дуу...

Зүсийг минь үзье гэвэл

Сүн далайн ёроолд бий

Ясыг минь үзье гэвэл

Сүмбэр уулын оргилд бий... гэж.

Багадаа байдаг гэж үнэмштэлээ сонссон тэр туулийн эхлэл Сүмбэр уул, Сүн далайг хамаг дэлхийг дуустал тулж ялж явахдаа... эцсийн дусал цусаа шавхагдаж байхдаа ч... үзээгүй гэж хэлсэн биш... яг л тэнд очсон мэт, эрс шулуун, үл мэдэгдэм баатарлаг, бардам ихэмсэг үхэж байгаа жинхэнэ цэрэг эрийн дуу шүү. Түүнээс биш сэхээн амьдруулах тасгаас хэзээ ч ийм дуу төрөхгүй. Яруу найрагчийг яг ийм байхыг л шаардана.

Эцэст нь дүүдээ захих ганцхан л зүйл байна. Манай эрин үе, өнгөт металлын үеийнхнийг хороогоод, та нарыг ч нэг нэгээр нь түүж намнаж буй дайсан бол яруу найргийн уралдаан тэмцээн, болсон болоогүй бай шагнал... Хүн уралдаж гүйгээд унаж тусаад, таварцаглаад түрүүдээд, хоолны ширээний ард хаа суух нь хамаагүй, ганцхан яруу найргийн эрдмийн ширээний ард хаа суух нь л чухал билээ. Ямар адгуус биш. Ноён нуруугаа битгий алдаарай. Ингэж л чадвал чи өнөөдрөөс эхлээд дүү минь ч мөн, дайсан минь ч мөн.

Хүрээ хөвгүүн ах нь...

(Энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл "Нэг урлаг" ном, hargana.blogspot.com гэх мэт мэдээллийн эх сурвалжийг ашиглана уу? Хэрэм нэвт харах боломжыг танд үлдээв.)

Powered by Blogger